Уншиж байна ...

Тайландад 14 хүнийг цианидаар хордуулж алсан эмэгтэй эхний шүүх хурлаараа цаазын ял сонсов

С.Мөнхцэцэг, ikon.mn
4 цаг 45 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Тайландын нийгмийг цочроосон цуврал алуурчин эмэгтэйн 14 хүн амины хэргийн эхний шүүх хурал өчигдөр Бангкок хотод болж, түүнд цаазын ял оноосон байна.

36 настай Сарарат Рангсивутхапорн онлайн мөрийтэй тоглоомд донтож, хүмүүсээс их хэмжээний мөнгө залилж авсныхаа дараа химийн бодисоор хордуулан алдаг байжээ.

Өөрийн найз Сирипорн Ханвонгийн амийг ийм аргаар хөнөөсөн хэргийн шүүх хурал өчигдөр Бангкок хотод болсон юм.

Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард тэд Буддын шашны уламжлалын дагуу Мае Клон голд загас тавихаар Бангкокын ойролцоо уулзсаны дараа Сирипорн гэнэт амиа алдаж байжээ.

Сүүлд задлан шинжилгээгээр хохирогчийн биеэс цианидын ул мөр илэрсэн байна.

Сарарат 2015 оноос хойш нийт 15 хүнийг хордуулсны зөвхөн нэг нь амьд үлджээ.

Тэрбээр мөрийтэй тоглоомын өрөө дарахын тулд хохирогчдоос мөнгө зээлдэг байсан байна. Хамгийн ихдээ нэг хохирогчоос 300,000 бат ($8,600) зээлж байжээ. Хохирогчдыг зээлсэн мөнгөө нэхэж эхлэхэд хордуулж алаад гар утас, үнэт эдлэлийг нь дээрэмддэг байсан байна.

Одоо Сараратыг бусад 13 хүн амины хэргийн шүүх хурал хүлээж байгаа.

Түүнтэй хуйвалдаж, хэргийг нуун дарагдуулсан хэргээр экс нөхөр нь болох цагдаагийн офицер 16 сар, өмгөөлөгч нь хоёр жилийн хорих ялаар шийтгүүлжээ.

Тайландад сүүлийн үед бусдыг хордуулах гэмт хэрэг хэд хэдэн удаа гараад байгаа.

Энэ оны эхээр Бангкокийн өндөр үнэтэй зочид буудалд гадаадын зургаан иргэн цианидын хордлогоор амиа алдсан нь мөн л их хэмжээний өртэй холбоотой гэгдэж байна.

 

Эх сурвалж: AFP