Уншиж байна ...

Үндэсний баатрынх нь алтан шүд хулгайд алдагдаагүй тухай мэдээ Конгын ард иргэдийг баярлуулав

Т.Давааням, ikon.mn
3 цаг 53 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Киншаса хот дахь Патрис Лумумбын бунхан

Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын үндэсний баатар Патрис Лумумбын биеэс үлдсэн цорын ганц эд эрхтэн нь алтаар бүрсэн шүд байдаг.

Даваа гарагийн шөнө үл мэдэгдэх этгээдүүд нийслэл Киншаса хот дахь Лумумбын бунханд халдсаны дараа энэхүү нандин дурсгал алдагдсан байж болзошгүй гэсэн айдас конгочуудын дунд үүсээд байв.

Тэгвэл өчигдөр буюу Лхагва гарагт Лумумба агсны охин Жулиана бунхны харуул хамгаалалтын найдваргүй байдлаас болгоомжлон шүдийг өөр найдвартай газарт шилжүүлсэн байсан тул хулгайд алдагдаагүйг зарлажээ.

Патрис Лумумба нь зөвхөн Конгод төдийгүй, нийт Африк даяар колоничлолын эсрэг тэмцлийн баатар хэмээн хүндлэгддэг нэгэн юм.

зураг
 

Тэрбээр 1960 онд Конго улсыг Бельгийн колоничлолоос салсны дараа анхны ерөнхий сайдаар томилогдож байжээ.

Гэвч 1961 оны нэгдүгээр сард тэр 35 насандаа Бельгийн дэмжлэгтэй зэвсэгт бүлгийнхний гарт цаазлуулсан юм.

Лумумбын цогцсыг хүчилд уусгаж ул мөргүй болгосон бөгөөд энэ ажлыг хариуцаж байсан Бельгийн цагдаагийн ажилтан Жерар Соте алтадсан шүдийг нь дурсгал болгон авч байжээ.

зураг
 

Одоо 69 настай Жулиана Лумумба аавынхаа шүдийг Бельгиэс буцааж авахын тулд олон жилийн турш тэмцсэн нь 2022 оны зургаадугаар сард үр дүнд хүрч байв.

Энэ үйл явдлыг Конгын ард түмэн өргөн дэлгэр тэмдэглэж, Лумумбын бунханд хүндэтгэл үзүүлэх гэсэн хүмүүсийн урт цуваа үүсэж байлаа.

Лумумбын бунханд халдлага гарсны маргааш Конгын соёлын сайд Йоланда Элэбэ Мандембо уг хэргийг мөрдөх ажиллагаа эхлүүлснийг зарлаж байв. Хэрэгтэй холбоотой байж болзошгүй дөрвөн сэжигтнийг баривчилсан тухай эрх баригчид сүүлд мэдээлжээ.

Хэдийгээр аавынхаа шүдийг алдаагүй ч бунханд халдсан явдалд бухимдаж байгаагаа Жулиана илэрхийлсэн байна.

“Патрис Лумумба бол улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдлын төлөө өөрийгөө золиосолсон хүн. Энэ бол нас барсан хүмүүсийн булш бунханд хүндэтгэлтэй ханддаг манай уламжлалд харш үйлдэл юм” гэж тэр ярьжээ.

Тэрбээр бунхны аюулгүй байдлыг сайжруулахын тулд удирдлага хяналтыг нь Лумумба Сангийн нэр дээр шилжүүлж авах хүсэлтээ Конгын засгийн газарт илэрхийлжээ.

 

Эх сурвалж: BBC