Уншиж байна ...
Зураг
Зураг

Хуан Рэнвэй: Дэлхийн эдийн засгийг ирээдүйд хөдөлгөх гол хүч нь Монгол Улсын багтаж буй Global south-ын орнууд болно

Б.Бадамгарав, IKon.mn
2024 оны 11 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Хөгжиж буй орнуудад технологийн хоцрогдол, боловсон хүчний дутмаг байдал зэргээс гадна улс төрийн хямрал нь өсөн дэвжихэд саад болж буйг Фудан их сургуулийн профессор Хуан Рэнвэй "China in sight Global insight" форумын үеэр онцолж байв.

Энэ сарын 18-19-нд БНХАУ-ын Гуйян хотод болсон уг форумд Монгол, Казахстан, Тайланд, Туркменистан, Румын зэрэг Global south-ын 50 улсыг төлөөлж 200 гаруй зочин оролцсон юм. 

Global south гэдэгт бага орлоготой, хөгжиж буй орнууд хамаарах бөгөөд голчлон дэлхийн бөмбөрцгийн өмнөд хэсгийн улсууд багтдаг. Энэхүү форумаар Хятад улс хөгжиж байгаа орнуудтай хамтран ирээдүйн хөгжлийг тодорхойлохыг зорьсон.

Манай улсаас уг форумд Шинжлэх Ухааны Академи(ШУА)-ийн Бодлого судлал, улс төрийн эдийн засгийн ухааны салбарын эрхлэгч, эдийн засгийн шинжлэх ухааны доктор, академич Б.Батхишиг, судлаач профессор Д.Баярхүү, Хятад судлаач Ч.Сумъяа тэргүүтэй баг оролцож, хоёр улсын хамтын ажиллагааны ирээдүйн талаар санал солилцов.

зураг
 

"Хятад бол хэн ч орж ажиллах боломжтой зах зээл"

Хятад улсын нээлттэй байх бодлого нь өнгөрсөн хугацаанд барууны улсуудад чиглэж байсан бол одоо хөгжиж буй орнуудтай харилцан ашигтай хамтарч ажиллах зорилготой байгааг зохион байгуулагчид хэлсэн үгэндээ онцолж байлаа.

Ялангуяа "Бүс ба зам" санаачилга шинэ шатандаа гарч байгаа тул хөгжиж буй улсууд боломжийг илүү их ашиглахыг уриалсан юм. Тодруулбал "Бүс ба зам" санаачилгын хүрээнд өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд зам, гүүр гэхчлэн дэд бүтцийн төслүүдийг голчлон хэрэгжүүлсэн бол одоо шинэ технологид түшиглэсэн хөтөлбөрүүд хэрэгжүүлэхээр зорьж байгаа аж.

Үүний нэг жишээ нь Пакистан улс. Тус улсад уг санаачилгын хүрээнд "Авто зам, гүүрэн байгууламжууд, төмөр замын төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн. Одоо шинэ шатандаа гарч, үйлдвэрлэл технологийн дараагийн төслүүдээ хэрэгжүүлэхээр бэлтгэлээ хангаж байна" хэмээн Пакистан улсыг төлөөлөн оролцож буй доктор Фазал ар Рехман хэлэлцүүлгийн үеэр дурдаж байв. Мөн дээрх санаачилгын хүрээнд Хятад улс Өмнөд Америкийн улсуудад оруулах хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлсээр байгаа аж.

Фудан их сургуулийн "Бүс ба зам" болон олон улсын засаглалын хүрээлэнгийн профессор Хуан Рэнвэй хэлсэн үгэндээ "Хятад улс бол хэн ч орж ажиллах боломжтой зах зээл. Экспортлох бүтээгдэхүүний хэмжээгээ өсгөх тусам улс орнууд үр шимээ хүртэх болно" хэмээн тодотгож байлаа. 

Ташрамд дурдахад "Бүс ба зам" санаачилгын хүрээнд манай улс Буянт-Ухаа спорт цогцолбор, Налайхын зам, Эрдэнэтийн дулааны цахилгаан станц зэргийг барьж байгуулсан байдаг.

"Улс төрийн хямрал зөрчилдөөн нь өндөр хөгжилд хүрэхэд саад болдог"

Форумын эхний хэлэлцүүлэг өндөрлөсний дараа Фудан их сургуулийн "Бүс ба зам" болон олон улсын засаглалын хүрээлэнгийн профессор Хуан Рэнвэйтэй хоёр улсын хамтын ажиллагааны боломжийн талаар цөөн хором ярилцлаа.

зураг
 

- Хөгжиж буй орнуудад тулгарч буй нийтлэг бэрхшээл болон түүнийг шийдвэрлэх арга замын талаар та ярина уу?

- Байгалийн баялагтай хөгжиж буй орнуудын хувьд баялгаа олон улсын зах зээлд гаргахад хүндрэл үүсдэг. Жишээлбэл дэд бүтэц, технологийн хөгжлийн хоцрогдлоос улбаалан баялгаа дэлхийн зах зээлд гаргаж чадахгүй байна

Мөн боловсон хүчин цөөтэй. Иймд боловсролын чанарыг сайжруулах шаардлага бий.

Хөгжиж буй орнуудын бас нэг хүндрэл нь дотоодын асуудал. Улс төрийн хямрал зөрчилдөөн нь өндөр хөгжилд хүрэхэд саад болж байгаа. Улс орнууд хөгжиж дэвшихийн тулд эдгээр асуудлыг шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай. 

Монгол, Хятадын хувьд хамтран ажиллах бүрэн боломжтой. Монгол бол нөөц баялгаа дэлхийн зах зээлд гаргах бүрэн боломжтой. Түүхий эдээ боловсруулж, үйлдвэрлэлийг сайжруулан нэмүү өртөг шингээж, дэлхийн зах зээлд илүү сайн нийлүүлэх хэрэгтэй.

Монгол Улсын боловсон хүчнийг сургаж хөгжүүлэх нь мөн чухал бөгөөд хамтран ажиллах боломжтойг хэлмээр байна. Монголын улс төрийн байдал тогтуун байх нь чухал. Бид бүхэн танай улсын дотоод асуудалд оролцохгүй ч тогтвортой байдлыг хүсдэг.

- "Бүс ба зам" санаачилгын хүрээнд ногоон эдийн засгийн хөгжилд анхаарч хөгжиж буй орнуудаас 100,000 хүнийг сургах хөтөлбөрт өнгөрсөн онд гарын үсэг зурсан. 2030 он хүртэл хэрэгжих энэ хөтөлбөрт манай улсын эзлэх хувь ямар хэмжээнд байх вэ?

- 100,000 боловсон хүчнийг 2030 он хүртэл бэлтгэхийн тулд жилд дунджаар 15,000 хүнийг сургах учиртай. Ямар мэргэжлээр аль сургуульд хэр хугацаатай суралцуулах талаар нарийвчилсан төлөвлөгөө хэрэгтэй. Энэ хүрээнд бакалаврын, мэргэжил дээшлүүлэх, технологийн нарийн ур чадвартай мэргэжилтэн бэлтгэх гээд төрөл бүрийн хөтөлбөрийн дагуу сургах юм.

Монгол, Хятад хоёр улсын харилцаа нь өргөн хүрээтэй. Одоо байгаагаас ч өндөр дээд түвшинд хүрэх боломжтой. Үүний тулд олон зүйл хийж болохоор байна. Зөвхөн 2030 он хүртэлх төлөвлөгөөгөөр хязгаарлагдахгүйгээр 2035 он хүртэл 10 жилийн хугацаанд тээвэр, дэд бүтэц, үйлдвэрлэлийн гинжин хэлхээ зэрэг урт хугацааны хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх хэрэгтэй байна. 

- Форумд олон улсын төлөөлөл оролцон санал бодлоо солилцож байна. Гол үр дүнгийнх нь талаар та байр сууриа илэрхийлнэ үү?

- Global south-ын улсуудыг Хятадын туршлагаас судалж, суралцуулахад гол зорилго нь оршиж байна. Мөн улсуудын санал бодлыг сонсох нь маш чухал байгаа юм. Учир нь Global west буюу барууны улсууд дэлхийн нийтийн үзэл бодлын чиг баримжааны 90 хувийг тодорхойлж байна. Global south-ын улсуудыг төдийлөн сонсохгүй байгаа тул энэхүү форум нь тогтоод буй дээрх хэв маягийг өөрчлөхийг эрмэлзэж байгаа. 

Түүнчлэн Global south-ын улс орнууд технологио сайжруулахад нь туслахыг хичээнэ. Дэлхийн эдийн засгийн гол хүч нь эдгээр улс болох болно. Монгол Улс газар зүйн байршлын хувьд дэлхийн бөмбөрцгийн хойд хэсэгт байгаа ч эдийн засаг, хөгжиж буй орон учраас Global south-д багтдаг. Иймд Хятад болон Global south-ын хамтын ажиллагаанд Хятад Монголын хамтын ажиллагаа мөн адил хамаарна. 

Өнөөдрийн форумд Монгол Улсаас өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байгаад баяртай байна. Манай хоёр улсын хамтын ажиллагаа цаашид ч улам өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна.



Хятад улс хөгжиж буй орнуудтай харилцаагаа улам гүнзгийрүүлэхийг эрмэлзсээр байна. Мөн тус улсын зах зээлд экспортлох бүтээгдэхүүний хэмжээгээ өсгөхийг уриалж байгаа нь манай улсын хувьд таатай мэдээ. 2022 онд Монгол Улсын ерөнхийлөгч тус улсад айлчлахдаа нүүрсний экспортоо хоёр дахин нэмэгдүүлэхээр болж байв. Түүнээс хойш нүүрсний экспортын биет хэмжээ өссөөр буй.

Боломж байсаар байна. Дэлхийн томоохон зах зээл бидэнтэй хил залгаад оршиж байгаа ч хангалттай хэмжээнд ашиглаж чадахгүй байгаа нь өнөөг хүртэл хугацааны бодлогын алдаа, хэвшиж тогтсон нийгмийн хандлагаас ч мөн шалтгаалж байгаа мэт санагдав. 

Улс төрчид "оноо авах"-ын төлөөх элдэв үг хэлээ хазаарлаад, эдийн засгаа тэлэх боломжуудыг бодитоор ашиглахын тулд мэргэжилтэн, судлаачдынхаа үгийг сайтар сонсдог, зөвлүүлдэг болмоор байна. Судлаачид ч мөн хэвлэлд нээлттэйгээр ярьдаг, үзэл бодол, байр суурь, учир шалтгааныг нарийвчлан ярьдаг байх нь олон талын үр ашигтай билээ.