Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/07-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Занданшатар: Цүнх баригчид биш мэдлэг, туршлагатай хүнээ дэвшүүлж, томилдог зарчмыг УИХ-ын тогтоолд тусгах шаардлагатай

Т.Өлзийбаяр, iKon.mn
2021 оны 12 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

МАН-ын 30 дахь Их хуралд УИХ-ын дарга Г.Занданшатар "Парламент ёсыг төлөвшүүлэх нь" нь сэдэвт илтгэл танилцууллаа. 

Тэрбээр "Иргэд цүнх баригчид гэж их шүүмжилдэг болсон. Цүнх баригчид биш зөв хандлагатай, нам, төрд олон жил зүтгэж, мэдлэгтэй, туршлагатай хүнээ дэвшүүлдэг, томилдог байх зарчмыг УИХ-ын тогтоолд тусгах шаардлагатай гэж үзэж байна.

Ингэж томилсон албан тушаалтнуудад хариуцлага тооцдог байх асуудлыг мөн уг тогтоол тусгаж, УИХ-аас эхлээд бүх шатанд хуульчилж, хэрэгжүүлэх бололцоог нээх хэрэгтэй. Иргэдэд худлаа хэлэх биш бодит үнэнийг хэлдэг байх нь хамгийн чухал байна. Хуурамч гоё үгээр халхавчилсан бодит үнэн бол тэсрэх бөмбөг гэсэн үг. Ийм учраас иргэддээ болох болохгүй бодит үнэнийг хэлж, ардчиллын зарчмаар нотолгоо судалгаанд үндэслэн харьцуулж байж шийдвэрээ гаргадаг баймаар байна.

Намын анхан шатны гишүүдийн үгийг сонсдог байх нь их чухал. Дарга нарын нам, нийгэм гэдэг үг иргэдээс олон сонсогдох боллоо. Иргэд, намын анхан шатны байгууллагын гишүүдийн асуудлыг шийдэхийн төлөө ажилладаг соёл, тогтолцоог тууштай хэрэгжүүлэх шаардлагатай. Бодитой ажил ярьдаг байх хэрэгтэй" гэлээ.