Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/28-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын дарангуйлагч агсны бэлэвсэн гэргий ард түмнээсээ уучлал гуйв

Т.Давааням, ikon.mn
2021 оны 11 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Чон Ду Хван гэргийн хамт

Саяхан нас барсан Өмнөд Солонгосын дарангуйлагч агсан Чон Ду Хваны бэлэвсэн гэргий цэргийн дэглэмийн үед зовж шаналсан ард түмнээсээ уучлал гуйжээ.

Өчигдөр талийгаачийн шарилыг Сөүл хотын эмнэлэгт чандарлах үеэр түүний гэргий И Сүн Жа “Оршуулгын ажил өндөрлөж байгаатай холбогдуулан өнөөдөр би миний нөхрийн засаглалын үед зовж, шаналсан хүмүүсээс гэр бүлийнхээ нэрийн өмнөөс уучлалт гуйж байна” гэж мэдэгджээ.

Чон Ду Хваны чандрыг өөрийнх нь гэрээслэлийн дагуу Умард Солонгосын хил дагуу цацах юм байна.

1979 онд цэргийн эргэлтээр төрийн эрхийг гартаа авч, ардчилсан хөдөлгөөнийг цус урсган дарж байсан Чон Ду Хван өнгөрсөн Мягмар гарагт 90 насандаа таалал төгссөн юм.

Тэрбээр амьд ахуй цагтаа үйлдсэн харгислалынхаа төлөө уучлал гуйж байгаагүй.

1980 онд түүний дэглэм Гванжу хотод гарсан ардчиллын төлөө тэмцлийг нухчин дарахдаа олон зуун хүний амийг бүрэлгэсэн нь Өмнөд Солонгосын орчин үеийн түүхийн хамгийн эмгэнэлт үйл явдалд тооцогддог.

1979 оны арванхоёрдугаар сард хошууч генерал Чон Ду Хван төрийн эрхийг хүчээр авах үед хамтран зүтгэж байсан Ро Дэ У сар орчмын өмнө буюу аравдугаар сарын 26-ны өдөр таалал төгссөн юм.

Тэрбээр Чон Ду Хваны цэргийн дэглэмийн дараа ардчилсан замаар сонгогдсон Өмнөд Солонгосын анхны ерөнхийлөгч болж байсан түүхтэй.

Өмнөд Солонгосын засгийн газар Ро Дэ Уг ёслол хүндэтгэлтэй оршуулж байсан бол “Гванжугийн махчин” хочтой Чон Ду Хваны оршуулга тун энгийн болж өнгөрсөн юм.

Чон Ду Хван өөрийн халамжлан хүмүүжүүлэгч, 1961 оноос хойш Өмнөд Солонгосыг захирч байсан генерал Пак Чун Хэг алагдахад залгамжлан цэргийн дэглэм тогтоож байв.

Түүний засаглалын жилүүдэд Өмнөд Солонгосын эдийн засаг үсрэнгүй хөгжсөн хэдий ч хүний эрхийг ноцтой зөрчиж байсан гэдэг.

1980 оны тэмцлийг дарсныхаа дараа Чон олон мянган хүнийг шоронд хорьж, хожим 2000 онд Нобелийн энх тайвны шагналыг хүртсэн Ким Дэ Жунд цаазын ял оноож байжээ.

АНУ-ын шахалтаар ялаас чөлөөлөгдсөн Ким Дэ Жун сүүлд Өмнөд Солонгосын ерөнхийлөгч болж байв. Чон Ду Хваны дэглэм 1988 онд Сөүл хотод зуны олимпын наадмыг амжилттай зохион байгуулсан ч улс орноо гадаадынханд сайхан харагдуулахын тулд орон гэргүй хүмүүсийг хүчээр нүүлгэн шилжүүлж байсан гэдэг.

Түүний дэглэм бас эдийн засгийн дарамтаас салахын тулд ганц бие эхчүүдээс төрсөн 60,000 гаруй хүүхдийг голдуу Америк, Европын гэр бүлүүдэд үрчлүүлэх ажлыг зохион байгуулж байв.

Эцэстээ ард иргэдийн бухимдал туйлдаа хүрч, 1987 онд орон даяар эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөсний үр дүнд Чон Ду Хван үндсэн хуулиа өөрчилж, ерөнхийлөгчийг ард түмэн шууд сонгодог болгосон нь Өмнөд Солонгос улс ардчилсан нийгэмд шилжих эхлэх болсон юм.

Улмаар 1987 оны арванхоёрдугаар сард түүний холбоотон Ро Дэ У ерөнхийлөгчөөр сонгогдож байжээ. 1993 онд Ро Дэ Угийн бүрэн эрхийн хугацаа дууссаны дараа сөрөг хүчний нэр дэвшигч Ким Ён Сам ерөнхийлөгч болсон юм.

Тэрбээр улс төрийн шинэчлэлийг эхлүүлж, Чон Ду Хван, Ро Дэ У нарыг Гванжугийн хядлага, авлигын хэргээр шийтгэж байжээ. Шүүхээс Чон Ду Хванд цаазын ял, Ро Дэ Уд 22.5 жилийн хорих ял оноосон юм.

Сүүлд дээд шүүх Чоны ялыг бүх насаар хорих, Рогийн ялыг 17 жил болгон бууруулсан байна. Тэд хоёр жил шоронд хоригдсоны дараа 1997 онд ерөнхийлөгч Ким Дэ Жуны үндэсний эвлэрлийн бодлогын дагуу тусгай өршөөлөөр суллагдаж байжээ.

 

Эх сурвалж: Associated Press