БНСУ-ын Аялал жуулчлалын төрийн өмчит корпораци Korea Tourism Organization-с “Солонгост айлчлах жил” (Visit Korea Year)-ийн хүрээнд Монгол улсад “K-Tourism Roadshow & K-Medical Tourism Festival 2024” аялал жуулчлалын фестиваль арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд Худалдаа, хөгжлийн банк нь Монгол улсыг төлөөлөн оролцож БНСУ-ын бүс нутгийн төлөөлөл, эрүүл мэндийн байгууллага, аялал жуулчлалын байгууллагуудтай уулзалт хийж Банкны харилцагчдад олгох давуу тал, боломжуудын талаар ярилцлаа. Ялангуяа арга хэмжээний үеэр Худалдаа, хөгжлийн банк болон Korea Tourism Organization нь “Хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурж, хамтын ажиллагааг эхлүүллээ.
Санамж бичгийг байгуулснаар хоёр улсын аялал жуулчлал, эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, ХХБ-ны карттай харилцагч нарт БНСУ-ын аялал жуулчлалын болон эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудад хөнгөлөлт урамшуулалтай үйлчлүүлэх боломжийг олгох зэрэг олон талын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж бүрдлээ.
БНСУ нь Монгол улсын гуравдагч хөрш бөгөөд эдийн засаг, худалдаа, соёл, иргэдийн харилцаан дахь хамгийн томоохон түнш улс юм. Ялангуяа Монгол иргэдийн хамгийн их аяллаар болон ажлаар зорчдог улс тул ХХБ-ны зүгээс тус улсад зорчих харилцагчдадаа илүү таатай нөхцөл, илүү олон боломжуудыг олгох зорилготой байгаа юм.
ХХБ нь БНСУ-тай хамтын ажиллагааны хүрээнд үргэлж Монгол улсын банкны секторт манлайлж ирсэн түүхтэй ба БНСУ-ын хамгийн том 4 банктай харилцаа тогтоож тус улс руу хийгдсэн нийт гүйлгээний 32%-иас дээш хувийг дангаар гүйцэтгэж төлбөр тооцоог дэмжин ажиллаж байна.
Цаашид ч тус улсын байгууллагуудтай харилцааг илүү өргөжүүлж ХХБ-ны харилцагч нарт таатай нөхцөл олгох төслүүдийг хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!