Нийслэлийн удирдах ажилтнуудын өнөөдрийн шуурхай зөвлөгөөнөөр нийслэлд хийж байгаа авто замын засвар, шинэчлэлтийн ажлын явц, хүнсний бараа бүтээгдэхүүнд хийж буй хяналт шалгалт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, өнгөрсөн оны наймдугаар сард болсон үерийн улмаас хохирсон иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын нөхцөл байдал, “Тэнүүн-Огоо” ХХК-аас хохирол барагдуулах асуудал болон өвөлжилтийн бэлтгэл байдлын явцын асуудлаар хэлэлцжээ.
Энэ онд нийслэлийн нийт авто замын 70 гаруй хувийг шинэчлэх юм байна. Өнөөдрийн байдлаар замын засварын ажил 30 гаруй хувьтай үргэлжилж байгаа бөгөөд ирэх 11 дүгээр сар хүртэл 60 байршилд авто замыг шинэчлэх гэнэ.
Тодруулбал энэ онд улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр нийт 87 байршилд авто замыг шинэчлэхээс 27 байршилд шинэчилж дуусжээ. Харин дөрвөн байршлын засвар, шинэчлэлтийн ажилд тендер зарлах юм байна.
Өнөөдөр болсон шуурхай зөвлөгөөнөөс засвар хийгдэж дууссан 27 байршлын замын чанарыг шалгах шийдвэр гарчээ. Шалгалтыг нийслэлийн Дотоод, аудитын газраас зохион байгуулна.
Чанаргүй зам барьсан бол тухайн гүйцэтгэгч компанид хариуцлага тооцох хуулийн зохицуулалттай.
Бусад гаргасан шийдвэрийг хүргэх болно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!