Уншиж байна ...

Илон Маскийг 2027 онд дэлхийн “анхны их наядтан болно” гэв

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 9 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Тэрбумтан Илон Маскийг 2027 онд дэлхийн түүхэнд төрсөн анхны их наядтан болох таамгийг Informa Connect Academy хүрээлэн дэвшүүлжээ.

Дэлхийн эд баялгийн хуваарилалтыг судалдаг тус хүрээлэнгийн “2024 Trillion Dollar Club” тайлан Баасан гарагт нийтлэгдсэн юм.

Одоогоор Илон Маскийн хөрөнгийн хэмжээ жилийн 110 хувийн өсөлттэй нэмэгдэж байгаа юм байна.

Хэрвээ энэ хурдаа хадгалбал 2027 онд тэр их наядын үнэлгээтэй хөрөнгөтөн болох ажээ.

Одоо Маскийн хөрөнгийн хэмжээ $251 тэрбумд хүрч, дэлхийн хамгийн баян хүнд тооцогдож байгаа.

Дээрх судалгааны тайланд өгүүлснээр их наядын хөрөнгөтөн болох хоёр дахь хүнээр Энэтхэгийн тэрбумтан Гаутам Адани тодорчээ.

Хэрвээ түүний хөрөнгийн жилийн өсөлт 123 хувиа хадгалж чадвал 2028 онд ийм ангилалд хүрэх юм байна.

Дараа нь Nvidia компанийн Женсен Хуан, Индонезын эрчим хүч, уул уурхайн аварга группийн тэргүүн Пражого Пангесту нар одоогийн хурдаа хадгалж чадвал 2028 онд их наядтан болох тооцоо гарчээ.

Францын тансаг эдлэлийн LVMH группийн эзэн Бернар Арно 2030 онд Метагийн Марк Закербэргийн хамт их наядтануудын эгнээнд дэвших гэнэ.

Арно одоо $200 орчим тэрбумын хөрөнгөөр дэлхийн гурав дахь баян хүнд тооцогдож байгаа.

Өнөөдрийн байдлаар их наядын зах зээлийн үнэлгээнд хүрсэн хэд хэдэн компани бий.

Тэрбумтан Уоррен Баффетыг 94 нас хүрэхтэй зэрэгцэн түүний байгуулсан Berkshire Hathaway компани наймдугаар сарын сүүлээр их наядын үнэлгээтэй болсон.

Их наядын компаниудын клубт Nvidia компани 2023 оны тавдугаар сард орсон бол энэ оны зургаадугаар сард $3 тэрбумын үнэлгээнд хүрсэн юм.

Түүнээс өмнө Apple, Microsoft компаниуд их наядын үнэлгээнд хүрч байжээ.

Хүн төрөлхтний анхны тэрбумтан 1916 онд тодорч байсан юм. Тэр нь Америкийн хөрөнгөтөн, Standard Oil компанийн үүсгэн байгуулагч Жон Д. Рокфеллер байлаа.

Гэхдээ хөрөнгөтнүүдийн энэ өсөлтийг нийгмийн доройтлын илрэл гэж зарим судлаачид үздэг.

Нэг судалгаанд дэлхийн хүн амын хамгийн баян нэг хувь нь хамгийн ядуу 66 хувьд багтдаг хэсгээс илүү их хүлэмжийн хий үйлдвэрлэж, уур амьсгалын хямралыг түргэсгэж байгаа гэж дүгнэжээ.

 

Эх сурвалж: The Guardian