Нийслэлийн ерөнхий боловсролын хятад хэлний төрөлжсөн сургалттай сургуулиудын шилдэг 100 сурагчид Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын нэрэмжит тэтгэлэг гардуулж өгөх үйл ажиллагаа өнөөдөр нийслэлийн Төр захиргааны цогцолбор байранд боллоо.
Энэ үеэр Элчин сайд Шэнь Минжуань мэндчилгээ дэвшүүлсэн юм.
Нийслэлийн ерөнхий боловсролын хятад хэлний төрөлжсөн сургалттай төрийн болон төрийн бус өмчийн сургуулиудын сурагчдын хятад хэл сурах идэвх сонирхлыг нэмэгдүүлэх, тухайн орны соёлыг судлах, цаашид тухайн улсад үргэлжлүүлэн суралцаж мэргэжил эзэмшихэд нь туслахад энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийн зорилго оршжээ.
Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр "Манай улсын хүүхэд залуус ч дэлхийтэй хөл зэрэгцэн НҮБ-ын албан ёсны зургаан хэлний нэг болох хятад хэлийг хоёр, гуравдагч хэлээрээ сонгон судалж, Улаанбаатар хотод төрийн өмчийн 3, төрийн бус өмчийн 21, нийт 24 ерөнхий боловсролын сургуульд 4,326 суралцагч хятад хэлийг сонирхон сурч, судалж, эзэмшиж байна" гэв.
Тэтгэлэг авсан сурагчдын сэтгэгдлээс сонирхуулъя.
18 дугаар сургуулийн 6а ангийн сурагч З.Энэрэл
-Тэтгэлэг авснаа гэнэт мэдсэн болохоор маш их догдоллоо. Гуравдугаар ангиасаа хятад хэлийг сурч байна. Хэлээ сурах дуртай болохоор шамдан суралцаж, өдөрт тогтмол цагаар хичээлээ давтдаг.
23 дугаар сургуулийн 9д ангийн сурагч Х.Болорцолмон
-Зургаан жил хятад хэлийг сонирхон сурч байна. Гадаадад сурах мөрөөдөлтэй учраас тэтгэлэг өгсөнд их талархаж байна. Бас надад тусалж дэмжсэн эцэг, эх, багш нартаа баярлалаа.
“Тольт” дунд сургуулийн 12б ангийн сурагч Э.Даваажаргал
-Тэтгэлэг авсандаа итгэж өгөхгүй л гайхаад бас баярлаад байна. Аав, ээж хоёр маань хөдөө байдаг учраас хэлж амжаагүй. Гэхдээ эгчдээ хэлсэн гайхаж баярласан.
“Орхон хасү” сургуулийн 10б ангийн сурагч Г.Ханмөрөн
-Тэтгэлэг аваад гоё байна. Анх удаа тэтгэлэг авлаа. Хятад хэл сурч байгаа хүүхдүүд болон ангийнхандаа хэлээ хичээнгүйлэн сураарай гэж захъя.
“Томё” сургуулийн 11а ангийн сурагч Б.Мишээл
-Тэтгэлэг авсан тухай дөнгөж өчигдөр орой мэдлээ. Хятад хэлийг өөрийнхөө хүсэл сонирхлоор багш нарынхаа дэмжлэгээр сураад л явч байсан. Ийм том тэтгэлэг авна гэж төсөөлөөгүй учраас их баярласан. Манай гэр бүлийн хувьд миний Хятад улсад суралцах мөрөөдлийг дэмждэг. Мөрөөдөлдөө хүрэх эхний алхам энэхүү тэтгэлгийг өгсөнд баярлалаа. Хятад хэл түүх, соёлын олон мэдээллийг агуулдаг сонирхолтой хэл. Тийм болохоор хэцүү хэл гэж бодолгүй номын хуудас эргүүлж буй мэт илүү гүн мэдэж, шимтэж суралцвал сонирхолтой шүү.
Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!