Уншиж байна ...

Дуатлоны УАШТ-д Н.Мөнхбаяр түрүүллээ

Т.Цэлмэг, IKON.MN
2024 оны 9 сарын 16
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Э.Харцага

Монголын триатлоны холбооны 20 жилийн ойн нэрэмжит дуатлоны Улсын Аварга Шалгаруулах Тэмцээн (УАШТ) энэ сарын 15-нд Хүй долоон худагт боллоо.

Энэ удаагийн УАШТ-д нийт 62 тамирчин элит, 17 хүртэлх нас, сонирхогчдын эрэгтэй, эмэгтэй ангилалд өрсөлдөхөөр мэдүүлгээ ирүүлээд байв. Элит ангиллын тамирчид 5 км гүйж, 20 км дугуй жийж, 2,5 км гүйж аваргаа тодруулсан бол бусад тамирчид дээрх зайн талд нь хурд сорьсон юм.

Тэмцээний эрэгтэй элитийн уралдаанд марафон гүйлтийн Олон Улсын Хэмжээний Мастер (ОУХМ) Н.Мөнхбаяр (Хилийн цэргийн 0131-р анги), дугуйн шилдэг ОУХМ-уудын нэг Э.Болор-Эрдэнэ (Team Oggi) нарын хооронд маш сонирхолтой уралдаан өрнөж, биесээ удаа дараа гүйцэж түрүүлсний эцэст барианы шугамыг Н.Мөнхбаяр 1:04:39 секундээр түрүүлж давлаа. Э.Болор-Эрдэнэ түүнээс 1:05 секунд хоцорч удаалсан бол “Road Mongolia” клубийн спортын мастер Э.Ижилмөрөн 1 цаг 9 минут 35 секундээр хүрэл медалийн болзол хангажээ.

Эмэгтэй элитийн уралдаанд “Road Mongolia” клубийн А.Оюун-Эрдэнэ, “Сэлэм загас”-ын Ц.Аяс, хөвгүүдийн уралдаанд А.Амирлангуй, охидын уралдаанд “Цасан зам”-ын Н.Энхжин, “Сэлэм загас”-ын Б.Санчирмаа нар эхний байруудад шалгарлаа. Тэмцээнд төрөл бүрийн спортын ОУХМ цолтон дөрөв, спортын мастер 12 оролцсон нь тамирчдын өрсөлдөөн ямар чанга болсныг нотолно.

Монголын триатлоны холбооны 20 жилийн ойг бүтэн жилийн туршид олон төрлийн тэмцээн, үйл ажиллагаагаар баялаг тэмдэглэж байгаа билээ. Өвлийн триатлоны анхдугаар УАШТ-ийг хоёрдугаар сард Улаанбаатарт, Зуны триатлоны УАШТ-ийг Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд өнгөрсөн долдугаар сард маш амжилттай зохион байгуулсан. Энэхүү Дуатлоны УАШТ-ий араас ирэх арваннэгдүгээр сард анх удаа танхимын триатлоны УАШТ зохион явуулахаар төлөвлөөд байна.

 

Эх сурвалж: Монголын Триатлоны Холбоо