ФОТО: Монголын хамгийн анхны гоо зүйн залгамал хиймэл эд эрхтний протезын лаборатори нээлтээ хийлээ
"Сити" их сургуулийн дэргэдэх Монголын хамгийн анхны гоо зүйн залгамал хиймэл эд эрхтний протезын лабораторийн нээлт өнөөдөр боллоо.
Төрөлхийн болон осол гэмтлийн улмаас гар хуруу, хөл зэрэг эрхтнээ тайруулахаас өөр сонголтгүйд хүрч байгаа хүмүүст гоо зүйн талаас нь өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлэх зорилгоор уг лабораторийг нээж байгаа аж.
Лаборатори 2017 оноос судалгаа шинжилгээний ажлаа эхлүүлж ийнхүү өнөөдөр нээлтээ хийж байгаа бөгөөд лабораторийн эрхлэгчээр “Сити” Их сургуулийн бүрэлдэхүүн Гоо сайхны ухааны сургуулийн мэргэжлийн нүүр хувиргалтын ахлах багш Г.Хос-Эрдэнэ ажиллах аж. Тэрбээр энэ чиглэлээр Хятад, Орос, Солонгос улсад мэргэжил дээшлүүлсэн туршлагатай юм байна.
Лабораторийн талаар Сити их сургуулийн зүгээс дараах зүйлсийг онцолжээ.
- Лабораторийн тоног төхөөрөмж хамгийн сүүлийн үеийн 3D технологи бөгөөд хүний эд эрхтнийг сканердаж, 3D принтерээр хэвлэн бэлдцээ гарган, маш нарийн Герман технологиор элдэж хийдэг.
- Протезыг тухайн хүний арьсны өнгөн дээр гэхэд л 7-8 өнгийг хольж, судасны өнгө, хурууны өндөгний улаан өнгө, алганы үндсэн суурь өнгө гэх мэтээр гаргадаг байна. Түүнээс гадна силкон болон акрилик хумсыг шигтгэдэг учраас эмэгтэйчүүд хумсаа будуулах, гоо зүйн талаас нь арчлах боломжтой байдлаар хийгддэг болно. Мөн хурууны үеүдэд төмөр хийдэг учир базах, барих гэх мэт хөдөлгөөн хийх боломжтойгоороо онцлог.
- Одоогоор хамгийн сүүлийн үеийн энэхүү технологиор хүний хуруу, гар, хөл, чих, хамар зэрэг эд эрхтнүүдийг түлхүү хийж байна.
ФОТО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

