Уншиж байна ...

The MongolZ баг Француудаас хариугаа авснаар "ESL Pro League Season 20" тэмцээний хасагдах шатанд шалгарав

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 9 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Цахим спортын "Counter Strike 2" тоглоомын "ESL Pro League Season 20" тэмцээн Мальта улсад зохион байгуулагдаж байгаа билээ.

Нийт 32 баг 750 мянган ам.долларын төлөө өрсөлдөж буй тус тэмцээнд манай улсаас ATOX Esports, The MongolZ оролцож байгаа юм. Тэмцээний D хэсэгт хуваарилагдсан ATOX Esports эхний тоглолтоо энэ сарын 11-нд Team Vitality багийн эсрэг хийнэ.

Харин The MongolZ багийн хувьд В хэсгээс тус тэмцээний Playoffs шатанд шалгарах эрхийн төлөөх тоглолтоо Францын 3DMAX багийн эсрэг өчигдөр хийж, 2:0 онооны харьцаатай ялалт байгууллаа. 

Ингэснээр В хэсгээс Playoffs шатны эрх авсан дөрөв дэх багаар тодорч байна. The MongolZ баг хэсэгтээ нийт таван удаа тоглож, гуравт нь хожил байгуулсан бөгөөд Францын 3DMAX багтай хоёр удаа хүч үзлээ.

Хэсгийн эхний тоглолтоо Француудын эсрэг хийж хожигдсон хэдий ч Playoffs шатанд шалгарах хариуцлагатай тоглолтод тэд өрсөлдөгчөө буулган авлаа. 

Тус тэмцээнд оролцож буй 32 баг дөрвөн хэсэгт хуваагдсан. Хэсэг бүрээс дөрвөн баг Playoffs шатанд тоглох эрхээ авах юм.

Есдүгээр сарын 22-нд аваргаа тодруулах "ESL Pro League Season 20" тэмцээний Playoffs шатны тоглолтууд нэг долоо хоногийн дараа эхэлнэ. Тус шатны тоглолтууд ВО3 журмаар явагдах бөгөөд хожигдвол тэмцээнээ өндөрлүүлнэ.