Уншиж байна ...

Оросын нисгэгчгүй онгоцнууд НАТО-гийн гишүүн хоёр орны агаарын хилийг зөрчжээ

Т.Давааням, ikon.mn
2024 оны 9 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Украины нутаг дэвсгэрийг чиглэсэн Оросын агаарын довтолгооны үеэр нэг нисгэгчгүй онгоц агаарын хилийг нь зөрчсөнийг Румын улсын эрх баригчид Ням гарагт мэдээлжээ.

Дунай мөрний дагуух Украины иргэний болон боомтын дэд бүтцийн байгууламжуудыг шөнийн цагаар довтлох үеэр уг хэрэг гарсныг Румыний батлан хамгаалах яам мэдээлсэн байна.

Энэ үеэр тус улс агаарын орон зайгаа хянахаар F-16 сөнөөгч онгоцнуудыг хөөргөж, зүүн бүсийн хоёр мужийн иргэдэд сэрэмжлүүлэг мессэж тараажээ.

Мөн НАТО-гийн холбоотнуудтайгаа мэдээлэл солилцсон байна.

Урьдчилсан байдлаар Оросын дрон Периправа тосгоны ойролцоох хүн ам суурьшаагүй эзгүй газарт унасныг тогтоожээ.

2022 оны хоёрдугаар сард Украины дайн эхэлснээс хойш Румын улсын нутаг дэвсгэрт нисгэгчгүй онгоцны сэг унах тохиолдол хэд хэдэн удаа гарсан. Хамгийн сүүлд энэ оны долдугаар сард гарч байжээ.

Болсон явдалтай холбогдуулан олон улсын хуулийн хэм хэмжээг ноцтой зөрчсөн ОХУ-ын үйлдлийг Румыний батлан хамгаалах яам  зэмлэн буруушаасан мэдэгдэл гаргасан байна.

Өчигдөр бас Латви улсын ерөнхийлөгч Оросын нисгэгчгүй онгоц нутаг дэвсгэрт нь унасныг мэдээлжээ.

Зөвлөлт Холбоот Улсын бүрэлдэхүүнд багтаж байсан Балтийн тэнгисийн Латви улс одоо Европын Холбоо, НАТО-гийн гишүүн юм.

Тусгаар тогтносон цагаасаа хойш Латви улс хөрш Оростой сайнгүй харилцаатай байсан бөгөөд Украины дайн эхэлсний дараа харилцаа улам хурцдаад байгаа.

“Оросын байлдааны дрон өчигдөр Латвийн зүүн хэсэгт уналаа. Шалгалт үргэлжилж байна” гэж Латвийн ерөнхийлөгч Эдгарс Ринкевичс өчигдөр сошиал хуудсандаа бичжээ.

“Бид холбоотнуудтайгаа нягт хамтран ажиллаж байна. НАТО-гийн зүүн хил дагуу ийм тохиолдлын тоо нэмэгдэж буй тул бид нэгдсэн хариу арга хэмжээ авах хэрэгтэй” гэж тэр цааш нь бичсэн байна.

Оросын нисгэгчгүй онгоц Беларусийн нутаг дэвсгэрээс Латвийн агаарын хилд нэвтэрч, Резекне хотын ойролцоо газарт унасныг тус улсын батлан хамгаалах яам мэдээлжээ.

“Энэ тохиолдол нь Латвийн зүүн хилийг бэхжүүлэх, тухайлбал агаарын довтолгооноос хамгаалах хүчин чадлыг сайжруулж, цахим дайны чадавхыг хөгжүүлэх ажлууд үргэлжлэх шаардлагатай байгааг нотолж байна” гэж Латвийн батлан хамгаалахын сайд Андрис Спрудс мэдэгдсэн байна.

Ням гарагийн шөнө Оросын талаас харвасан дөрвөн далавчит пуужингийн нэгийг, Иранд үйлдвэрлэсэн 23 нисгэгчгүй онгоцны 15-ыг устгаж чадсанаа Украины агаарын зэвсэгт хүчин мэдээлжээ.

Далавчит пуужингуудын нэг нь ч онилсон байдаа хүрээгүйг бас дурдсан байна.

Сүүлийн байдлаар Оросын армийн Донецк мужийн Покровск хотын чиглэлд хэдэн сарын турш явуулж буй довтолгоо үргэлжилж, Украины арми ОХУ-ын Курск мужийн нутагт тогтоосон хяналтаа хадгалж үлдэхийн төлөө тулалдаж байна.

Оросын батлан хамгаалах яам өчигдөр Покровск хотоос зүүн өмнө зүгт 19 км зайтай оршдог Новогродивка тосгоныг эзэлснээ мэдээлжээ.

Дайны өмнө 60,000 оршин суугчтай байсан Покровск хот нь Украины армийн чухал түшиц газруудын нэг, Донецк мужийн ложистикийн гол төв юм.

Хэрвээ энэ хот эзлэгдвэл Украины армийн хангамжийн замд саад учирч, Оросын арми Донецк мужийг бүхэлд нь эзлэх зорилгоо биелүүлэхэд ойртох болно.

 

Эх сурвалж: AFP