Уншиж байна ...

Венесуэлийн сөрөг хүчний нэр дэвшигч улс төрийн орогнол хүсэхээр Испани улсад иржээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 9 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Зүүн гар талаас Мачадо, Гонсалес нар

Долдугаар сард болсон Венесуэлийн ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчнээс нэр дэвшиж, одоогийн ерөнхийлөгч Николас Мадуротой хүчтэй өрсөлдсөн Эдмундо Гонсалес өчигдөр улс төрийн орогнол хүсэхээр Испани улсад иржээ.

Тэрбээр эхнэрийн хамт Торрехон дэ Ардоз агаарын цэргийн баазад буусныг Испанийн гадаад хэргийн яам Ням гарагт мэдээлсэн байна.

Долоо хоногийн өмнө Венесуэлийн эрх баригчид Гонсалесыг баривчлах тушаал гаргасан юм.

75 настай Гонсалесыг өнгөрсөн сонгуульд ялалт байгуулсан гэж АНУ, Европын Холбоо болон өөр олон улс үзэж байгаа. Харин Мадурогийн ялалтыг Орос, Хятад, Куба зэрэг цөөн холбоотнууд нь хүлээн зөвшөөрөөд байна.

“Өнөөдөр Венесуэлийн ардчилалд эмгэнэлтэй өдөр болж байна. Ардчилсан нийгэмд ямар ч улс төрч өөр улсаас орогнол хүсэхээс өөр аргагүй байдалд орох ёсгүй” гэж Европын Холбооны гадаад бодлогын тэргүүн Жозеп Боррел мэдэгджээ.

Венесуэлийн дэд ерөнхийлөгч Делси Родригес улс төрийн амар амгалан байдал тогтоохын тулд тус улсаас Гонсалесыг аюулгүй явах боломж олгосныг сошиал хуудсандаа бичсэн байна.

Харин Испанийн гадаад хэргийн яам Гонсалесыг гаргах талаар Венесуэлийн эрх баригчидтай албан ёсны яриа хэлэлцээ хийгээгүйгээ баталжээ.

Энэ оны гуравдугаар сард Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Мариа Корина Мачадо ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрх зүйн боломжгүй болсон тул тэтгэвэртээ гараад байсан ахмад дипломатч Гонсалес оронд нь нэр дэвшсэн юм.

Гонсалес тэмцлээ Испаниас үргэлжлүүлэх бол өөрөө Венесуэлд тэмцлээ үргэлжлүүлэхээ Мачадо өчигдөр мэдэгджээ.

Тэрбээр 2025 оны нэгдүгээр сарын 10-нд Гонсалесаар тангараг өргүүлж, Венесуэлийн ерөнхийлөгч болгохын төлөө тэмцэхээ амласан байна. Энэ нь Венесуэлийн шинэ ерөнхийлөгчийн үүрэгт ажилдаа орох өдөр юм.

Сонгуулийн дараа Гонсалес эхлээд Нидерланд, дараа нь Испанийн элчин сайдын яаманд орогнож байжээ.

Түүнийг Венесуэлээс гаргах асуудлаар Мадурогийн дэглэмтэй Испанийн албаныхан долоо хоногийн турш албан бус шугамаар хэлэлцсэн гэх мэдээлэл байна.

Тухайлбал Венесуэлтэй холбоотой ажиллаж байсан экс ерөнхий сайд Хосе Луйс Родригес Запатеро үүнд оролцсоныг нэрээ нууцалсан эх сурвалж мэдээлжээ.

Хэдийгээр баривчлах тушаал гаргаад байсан ч Гонсалест явах боломж олгосон нь Мадурогийн дэглэм Өрнөдийн дарамт шахалтыг зөөллөх зорилготой байж магадгүй юм.

Сонгуулийн дараа мөн нууц байдалд шилжсэн сөрөг хүчний удирдагч Мачадо одоо Аргентины элчин сайдын яаманд орогнож байгаа гэсэн мэдээлэл бий.

Бямба гарагт Венесуэлийн тусгай хүчнийхэн нийслэл Каракас дахь Аргентины элчин сайдын яамны байрыг бүсэлсэн юм.

 

Эх сурвалж: Reuters