Уншиж байна ...

SpaceX-ийн нисгэгчгүй хөлөг хоёр жилийн дотор Ангарагийг зорино

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 9 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Дэлхий болон Ангараг гарагуудын хооронд зорчих дараагийн боломжит хугацааны завсар эхлэхэд буюу ойрын хоёр жилийн дотор SpaceX компани өөрийн Starship хөлгийг нисгэгчгүйгээр Ангараг руу илгээхээр төлөвлөж буйг тус компанийн үүсгэн байгуулагч Илон Маск зарлажээ.

Бямба гарагт тэр Х хуудсандаа “Ангараг гарагт хөлөг найдвартай газардаж чадах эсэхийг туршихын тулд нисгэгчгүйгээр илгээх болно” гэж бичээд энэ туршилт хэрвээ амжилттай болбол дөрвөн жилийн дотор анхны хүмүүсийг илгээхээ амласан байна.

“Тэр үеэс хойш нислэгийн давтамж эрс нэмэгдэж, ойролцоогоор 20 жилийн дараа анхны бие даасан суурин байгуулагдана” гэж Маск цааш нь бичжээ.

Илон Маск нь хүн төрөлхтний сансрын аяллыг хөгжүүлэх, улмаар хүнийг олон гарагт зэрэг оршин суудаг төрөл зүйл болгох зорилгоор SpaceX компанийг 2002 онд үүсгэн байгуулж байв.

Энэ зорилгын хүрээнд бүтээгдэж буй гараг хоорондын Starship хөлөг нь өнгөрсөн зургаадугаар сард дөрөв дэх оролдлогоороо анх удаа бүрэн туршигдаж, дэлхийг тойрсны дараа Энэтхэгийн далайд амжилттай газардсан юм.

 

Эх сурвалж: Reuters