ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/12/16-НД НИЙТЛЭГДСЭН

Согтууруулах ундаа сурталчлагсдад хариуцлага тооцъё

Б.Төрбат
2013 оны 12 сарын 16
MorninigNews.mn
Зураг зураг

Манай сонин архинаас үүдэлтэй гэмт хэргийг бууруулахад төр засгийн бодлого үгүйлэгдэж байгаа талаар цувралаар хүргэж байгаа билээ.

Энэ удаа архи үйлдвэрлэгч, импортлогч компани, аж ахуйн нэгжүүд Монгол Улсын хууль тогтоомж, тэр дундаа Зар сурталчилгааны тухай хуулийг хэрхэн зөрчиж олон нийтэд архи, согтууруулах төрлийн ундаа сурталчилж байсан талаарх мэдээллийг хүргэе.

Өнөөдөр манай улсад архи, согтууруулах ундааны үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 145 аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнээс спиртийн 15, архины 92, дарсны 15, шар айрагны 23 үйлдвэр бий.

Дээрх аж ахуйн нэгжээс “АПУ”, “Спирт бал бурам”, “Жем Интернэйшнл”, “UFC”, “М Ти Эс” зэрэг томоохон компаниуд манай улсын архины зах зээлийг тодорхойлдог.

Харин тэд хэдэн мянган тонноор нь үйлдвэрлэсэн архи, согтууруулах төрлийн ундаагаа зах зээлд нийлүүлж борлуулахын тулд түүнийгээ олон нийтэд сурталчилан таниулах зорилгоор телевиз, сонин, сайт гээд хэвлэл мэдээллийн бүхий л хэрэгслээр реклам, сурталчилгаагаа гаргадаг нь нууц биш.

Тэр ч битгий хэл нийслэлийн гудамж талбайн аль л өнгөтэй, өөдтэй газруудад үйлдвэрлэсэн архи, пивоныхоо нэр, логог байршуулах зэргээр архи гэх гашуун хар усаа иргэдэд таниулдаг гэхэд болно.

Гэтэл манай улсын Зар сурталчилгааны тухай хуульд 15 хувиас дээш алкахол агуулсан архи согтууруулах төрлийн ундааг сурталчлахыг хориглодог. Харин түүнээс доош алкахолын төрлийн зүйл агуулсан дарс, шар айргийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр өдрийн цагаар бус 22:00 цагаас 06:00 цагийн хооронд л сурталчлахыг зөвшөөрсөн байдаг аж.

Харамсалтай нь өнөөдөр apxи үйлдвэрлэгч, импортлогч аж ахуйн нэгж бүр тодруулбал дээрх нэр дурдсан томоохон компаниуд 20:00 цагаас хойш телевизээр реклам, сурталчилгаагаа цацаж байгаа нь холбогдох хууль тогтоомжийг илт зөрчиж байна.

Уг нь тус хуульд архи, согтууруулах төрлийн ундаа болон үйлдвэрийн нэр, тэмдэг, зураг ашиглах замаар хэвлэл мэдээллийн хэрэгсэл, кино, интернэт, ханын самбар, зурагт хуудас, зар чимэглэл, зорчигчийн тийз болон бусад биет байдлаар гаргахыг хориглосон байдаг.

Гэтэл энэ заалтууд зөрчигдсөөр байгааг та бид бэлхнээ харж байна. Наад зах нь архи үйлдвэрлэгч, импортлогч томоохон компаниуд бүтээгдэхүүнээ зөөвөрлөдөг авто машин дээрээ согтууруулах төрлийн ундааны зургийг чимэглэл болгон байршуулан хууль зөрчиж байна. Үүнээс үзэхэд 2001 онд батлагдсан Зар сурталчилгааны тухай хуулийг өнөөг хэр нь хэн ч хэрэгжүүлээгүй, бүр хэрэгжүүлэхийг ч хүсдэггүй нь харагдаж байгаа юм.

Хэдийгээр Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас тухай бүрт нь торгуулийн арга хэмжээ авдаг гэх ч хачир дээрээ архи үйлдвэрлэгч, импортлогч аж ахуйн нэгж, компаниудыг хөхүүлэн дэмжиж, өөгшүүлсээр байна.

Улмаар архи үйлдвэрлэгч компаниуд хуулиа гууль болгож байгаагаа мэддэг ч ашиг хонжоогоо урьтал болгон хэвлэл мэдээллийн бүхий л хэрэгслээр реклам, сурталчилгаагаа цацсаар л. Энэ нь Монгол Улсын хөгжил дэвшилд бус эр эм, хөгшин залуу хэнийг ч ялгалгүй архин далайд живүүлж, үндэсний аюулгүй байдалд хүртэл сөргөөр нөлөөлж байна.

Тэгвэл үүнийг УИХ- ын гишүүн "АПУ"-гийн Г.Батхүүгийн дүү Г.Батсайханы «М Ти Эс» компанийн архины сурталчилгаанаас хууль бус үйлдлийг харж болно. Энэ оны гуравдугаар сарын 26-нд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас архи үйлдвэрлэгч, импортлогч аж ахуйн нэгж, компаниудад шалгалт хийсэн.

Уг шалгалтаар Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Салхитын эцэст байрлах "М-Ти-Эс" компанийн харьяа "Стандарт хүнс" дэлгүүрийн гадна талд "Монгол стандарт" архины тэмдэг, нэр бүхий гэрэлтдэг самбар байршуулсан байжээ.

Энэ нь согтууруулах ундааг хууль бусаар сурталчилж Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 9.2.1, Зар сурталчилгааны тухай хуулийн 7.7, Өрсөлдөөний тухай хуулийн 12.1.3 дахь заалтыг зөрчсөн нь тогтоогдсон байна.

Мөн өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас энэ оны гуравдугаар сарын хооронд Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр дэх орон сууцны барилгын нүүрэн хэсэгт 5x10 хэмжээтэй самбар дээр мөн л "Монгол стандарт" архины тэмдгийг хууль бусаар сурталчилж холбогдох хууль тогтоомжийг зөрчжээ.

Энэ мэтээр архи үйлдвэрлэгч, импортлогч томоохон аж ахуйн нэгж, компаниуд Монгол Улсын хууль тогтоомжийг илт зөрчиж архи хэмээх гашуун хар усыг сурталчилдаг.

Арга ч үгүй юм. Учир нь дэлхий дахинд хамгийн хямд өртөг, мөнгөөр бүтдэг зүйлсийн жагсаалтад спирт зүй ёсоор багтдаг бөгөөд дээхэн үед хамгийн муу төмснүүдийг их хэмжээний цэвэр устай хольж исгээд л спирт гаргаж авдаг байжээ.

Улмаар нэг литр спиртыг 50 мөнгөөр зарж, тэр нь гурван шил архи болж иргэдийн гарт хүрдэг байж. Ингэхдээ нэг шил архийг 84 төгрөгөөр зардаг байсан гэхээр нэг литр спирт 252 төгрөг буюу дор хаяж 100 дахин ашигтай наймаа аж.

Хачирхалтай нь өнөөдөр нэг литр спирт ямар үнэтэйг хэн ч мэддэггүй. Гэтэл нэг шил архи хэдэн төгрөгийн үнэтэй байгаа билээ. Түүнчлэн “Грегүс” архи 168 мянган төгрөгөөр зарагдаж байна.

Гэтэл уг архийг Орост 10 ам.доллароор л зардаг аж. Арван хэдэн долларын үнэтэй архийг "сайн чанарын архи" хэмээн иргэдийн чихэнд цэцэг ургуулж өндөр үнээр зарж байгааг хэрхэн ойлговол зохилтой вэ.

Архины наймаа ийм ашигтай гэдгийг нь мэдсэн үе үеийн Засгийн газар архи үйлдвэрлэгч, импортлогч аж ахуйн нэгж, компаниудын татварын мөнгөөр улсын төсвөө бүрдүүлсээр ирсэн нь нэгэнт ил болжээ.

Архи гэх гашуун хар уснаас ямар их ашиг олдгийг мэдсэн төрийн түшээдээс эхлээд бизнесийн хүрээнийхэн эл төрлийн наймаа руу хошуурсаар байна. Ингэхдээ башир аргаар иргэдийг шулж, холбогдох хууль тогтоомжоо зөрчиж монголчуудаа архин далайд живүүлж байгаа нь үнэхээр харамсалтай бас эмгэнэлтэй. 

Зураг