ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/12/16-НД НИЙТЛЭГДСЭН

"Салютыг хөдөөний хүмүүст зарах нь найдвартай байдаг юм"

С.Уянга, Зууны мэдээ
2013 оны 12 сарын 16
Зууны мэдээ
Зураг зураг
"Зөвшөөрөлтэй газрууд нь иргэдэд ойр байдаггүй, хөдөөний хүмүүс тэр бүр мэддэггүй учраас аваад байна"

Хүний хар нүднээс бусад нь байдаг хэмээн манайхны зорьдог “Нарантуул” худалдааны төвд эм тариа, буу сумаас эхлээд зөвшөөрөлгүй болгоныг ил, далд зардаг гэлцдэг.

Хотын хүмүүс авахаар зарим нь буцааж авчирч маргалдаад цагдаад барьж өгөх гээд байдаг юм. Хөдөөгийн хүмүүс эргэж ирэхгүй амар байдаг

Тиймээс байгууллагуудын шинэ жилийн баяр ид болж байгаа энэ үеэр “Нарантуул” худалдааны төвийг зорилоо.

Тус захаар өдөрт арван мянга гаруй хүн үйлчлүүлдэг гэсэн судалгаа бий. Үүднээсээ эхлээд хаа сайгүй шинэ жилийн гацуур мод, тоглоомон чимэглэл, төрөл бүрийн амьтны багтай хүүхдийн хувцас гээд байхгүй зүйл алга.

Заримынх нь үнийг сонирхвол гацуур мод 10-800 мянга, модны чимэглэл 2-25 мянга, ширхгээрээ бол 200-1000 төгрөг гэнэ. Харин саа 1000, амьтны багтай хувцас 13 мянган төгрөг гэлээ. Сурвалжлагынхаа гол зорилго болох салютыг хайж эхэллээ. Ил үзэгдэх юм алга.

Зарахыг зөвшөөрсөн гээд цаасан салютнууд нэлээд харагдаж байна. Үнэ нь 1500-3000 төгрөгийн хооронд юм. Хүмүүс ч их авч байгаа бололтой Мөн хориглосон салют асуусан хүмүүс ч ганц нэг байлаа. Гацуур зарж байсан ахаас салют сураглатал “Ил зарахыг хориглосон болохоор нууцаар зарж байгаа хүмүүс байгаа.

Чи тэр цагаан малгайтай хүүхнээс асуу” гэв. Шинэ жилийн чимэглэл, хувцас зарж байсан цагаан малгайтай эгчээс асуувал байгаа гэнэ. “ Үнэ нь 15-25 мянга. Олныг авбал хямдруулж болно. Чи хөдөө авч явах гэж байгаа юм уу” гэв. Би ч амыг нь дагуулаад байгууллагын шинэ жилд зориулж сум руу авч явах гэж байгаагаа учирлав. “Тэгвэл сайн хямдруулаад өгнө шүү.

Хотын хүмүүс авахаар зарим нь буцааж авчирч маргалдаад цагдаад барьж өгөх гээд байдаг юм. Хөдөөгийн хүмүүс эргэж ирэхгүй амар байдаг” гэв. Би эргэж ирээд авъя гээд эргэтэл “Нууцаар зарж байгаа хүмүүс зөндөө байгаа. Чи эгчээсээ даа” гэсээр хоцорсон юм.

Цаашаа хэд хэдэн газраас асуухад яг авахаар бол хүмүүс зааж өгье гэх нь олон таарав. Мөнгө бэлэн бол дагуулж яваад үзүүлнэ, хэрэв авахгүй бол үзүүлэхгүй.

Хөдөө авч явах бол асуудалгүй гэсэн тайлбар олныг сонслоо. Нууцаар салют зардаг хүмүүс ихэнхдээ утсаар бараагаа борлуулдаг гэж нэг эгч хэлэв. Ингээд энэ асуудлаар “Нарантуул” захын Цагдаагийн тасгаас тодруулахаар ороход ачаалалтай ихтэй байгаа бололтой, үүдэнд нь дүүрэн хүн байлаа. Ингээд Цагдаагийн тасгийн хэв журмын ахлах байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Ш.Энхтайвантай уулзсан юм.

“Хулгайд эд зүйлсээ алдсан. барааныхаа чанараас болж маргалдсан хүмүүсийн өргөдөл маш их байна. Баяр дөхөөд ачаалал ихтэй байна” гэсээр угтав. Салютны хууль бус худалдаатай хэрхэн тэмцэж байгаа талаар асуухад “Өдөрт хэдэн мянган хүн үйлчлүүлдэг энэ худалдааны төвд манай цөөхөн хэдэн цагдаа хүрэлцдэггүй.

Магадгүй мянган цагдаа ажилладаг бол хууль бус худалдаа, архидалт, хулгай дээрэмтэй тэмцэж чадахаар байна.

Биднийг энгийн хувцас өмсөөд явсан ч захын худалдаачид андахгүй. Салютыг хоёр гурваар нь барьчихсан тааралдаж байсан. Хаанаас авсныг нь асуухаар авсан хүнээ эргээд танихгүй, яарч явна гэхээс өөрийг хэлдэггүй. Одоохондоо салют зарж мэдэгдсэн юм алга, бололцооныхоо хэрээр хяналт тавьж байна. Шинэ жил дөхөхөөр энэ явдал ихэсдэг учраас хяналтаа чангатгахыг хичээнэ” гэлээ.

Харин зөвшөөрөлгүй салют зарж байгаа хувь хүн, албан байгууллагад ямар арга хэмжээ авдгийг тодруулахад “Хориглсон худалдаа үйлчилгээ үзүүлж байгаад илэрсэн бол захиргааны арга хэмжээ авна. Өөрөөр хэлбэл бүх бараа, хууль бусаар олсон орлогыг нь xypaaна.

Хамгийн гол нь ийм хууль бус бараа зарж байгааг иргэдийн мэдээллээр илрүүлэх боломжтой. Тиймээс иргэд гар дээрээс худалдаа хийлгүй тусгай зөвшөөрөлтэй газраас нь салют худалдан авах хэрэгтэй. Мөн зөвшөөрөлтэй газрууд нь иргэдэд ойр байдаггүй, хөдөөний хүмүүс тэр бүр мэддэггүй учраас эндээс ирж аваад байна” гэсэн юм.

Зураг