Соёлын салбарт хийж хэрэгжүүлж буй ажил болон цаашид хийхээр төлөвлөсөн шинэчлэлийн талаар салбарын сайд Ч.Номин мэдээлэл өглөө.
Уг мэдээллээс олны анхаарал татсан сэдвүүдтэй холбоотой асуудлыг товчлон хүргэж байна.
Энэ оны долдугаар сарын 2-нд Кино урлагийг дэмжих тухай хуулийг УИХ баталсан. Уг хуульд "Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын хуулийн этгээд дангаараа болон Монгол Улсын хуулийн этгээдтэй хамтран олон улсад түгээх зорилгоор кино бүтээх тохиолдолд зардлын тодорхой хувийг буцаан олгоно" гэж заасан. Уг заалттай холбоотой ташаа ойлголт үүсээд байгаа учир салбарын сайд тайлбар хийлээ.
Тэрбээр "100 сая ам.долларын зардлаар бүтсэн киноны 30 саяыг нь буцаан олгоно гэж зарим хүн ойлгоод байгаа. Гэтэл хуулийн төсөл дээр Монгол Улсад зарцуулсан мөнгөний 30 хувийг буцаан олгохоор заасан.
100 мянган ам.доллароор бүтсэн киноны зардлыг бүгдийг нь нэг улсад зарцуулдаггүй. Өөрөөр хэлбэл, нийт зардлын 20 орчим хувийг л тухайн зураг авсан оронд зарцуулдаг гэх судалгаа бий. Жишээ нь, 100-200 сая ам.долларын төсвөөр манай улсад кино хийлээ гэж бодоход 20-40 саяыг нь Монголд зураг авахад зарцуулах нь. Үүний 30 хувийг нь манай улс буцаан олгоно. Ингэснээр бидэнд ямар ашигтай вэ.
20-40 сая ам.доллар өмнө нь манай улсын төлбөрийн тэнцэл дээр нэмэгдэх нь. Бид зураг авалтын талбайг түрээслэхээс гадна үйлчилгээний байгууллагуудад орлого орж, уран бүтээлчдэд цалин олгогдоно. Буцаан олголт авахын тулд татвар төлж, олон улсын аудитаар хянагдсан байх шаардлагатай. Ингэж хянагдсаны дараа кино гарах үед нь буцаан олголт олгох юм" гэлээ.
Орон нутаг дахь соёлын байгууллагуудыг гүйцэтгэлээр урамшуулал олгодог болно. Тодруулбал, төрөөс суурь зардал, уран бүтээлийн зардлыг олгохоос гадна гүйцэтгэл дээр суурилсан урамшуулал олгох бодлого хэрэгжүүлж байгааг Соёлын сайд онцолсон. Энэхүү шинэчлэлийг хэрэгжүүлснээр орон нутаг дахь соёлын байгууллагууд шинэ шатанд гарна гэж үзэж байгаа аж.
Циркийн барилгатай холбоотой маргаантай асуудал өнөө хэр үргэлжилсээр байгаа. Энэ асуудалд салбарын яам ямар байр суурьтай байгааг Ч.Номин сайдаас тодрууллаа.
Тэрбээр "Циркийн уран бүтээлчдэд энэ онд төсвөөс дэмжлэг үзүүлж байгаа. Цар тахлын нөлөөгөөр уран бүтээл нь зогсонги байдалд орсон учир дэмжлэг хэлбэрээр орон нутгаар аялан тоглолт хийх зардлыг нь өгч байгаа юм. Энэ бол нөхцөл байдалтай уялдуулсан богино хугацааны шийдэл.
Циркийн урлаг бол манай соёлын экспортын томоохон төлөөлөл. Тиймээс залгамж халааг нь бэлтгэх мэргэжлийн чанартай сургуультай байх шаардлага бий.
Өнөөдөр үүсээд байгаа байшин барилгатай холбоотой асуудлын тухайд манай яам байр сууриа удаа дараа илэрхийлсэн. Юу гэхээр хөрөнгө оруулалтаа яаралтай дуусга, уран бүтээлчдийн ажиллах нөхцөлийг бий болго, дасгал сургуулилт хийх боломжоор ханга гэдэг шаардлага явуулсан ч тодорхой хариулт аваагүй байна.
Саяхан бид уулзалт хийсэн. Хөрөнгө оруулагчид зураг төслөө бүрэн гаргасан байсан. Хувьчлалаар хийсэн гэрээнийхээ дагуу байр нь ашиглалтад орсны дараа уран бүтээлчдийг дасгал сургуулилт хийх боломжоор хангана гэдэг дээр хатуу байр суурьтай байсан. Дээрээс нь бид дахин шинэчилсэн гэрээ хийхээр ярилцаж байна.
Хүүхдийн фондын талаар "Хүүхдийн фондын хөрөнгийг МҮОНРТ-тэй хамтарч хийсэн контент дээр тулгуурлаж төрийн бус байгууллага цуглуулсан. Энэ хөрөнгө албан ёсоор Соёлын яаманд төвлөрөөгүй байгаа. Гэхдээ бид энэ хандивыг тухайн чиглэлийнх нь хүрээнд ашиглаач гэдэг санал тавьж байгаа. Хүүхдийн номын сан, Хүүхэлдэйн театр зориулсан хандив учир энэ чиглэлээр зарцуулагдах ёстой" гэдэг мэдээлэл өглөө.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!