Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/12-НД НИЙТЛЭГДСЭН

Storepay - Монголоос Зүүн Өмнөд Азид

ikon.mn
2021 оны 10 сарын 12
Сурталчилгаа
Зураг зураг

Төлбөрийн боловсронгуй шийдэл, финтек аппуудын тусламжтай бид өдгөө хүссэн бүтээгдэхүүнээ хүндрэл чирэгдэлгүй, хүлээлт хоцрогдолгүйгээр авч чаддаг болсон. Хэзээнээс ч юм бидний амьдралын салшгүй нэг хэсэг болж, анзаараа ч үгүй байхад өдөр тутмын асуудлуудыг хөнгөвчилсөөр буй энэ мэт технологийн дэвшилтэт боломжууд нь эргэлзээгүй "Дижитал хувьсал"-ын гол төлөөлөгчид юм.

Өнөөдрийн танилцуулах "Storepay" апп нь худалдан авч буй бүтээгдэхүүний төлбөрөө хүү, шимтгэлгүйгээр хувааж төлөх таатай нөхцөлийг хэрэглэгчид олгодогоороо онцлог. Нөхөрсөг үйлчилгээ, уян хатан боломжуудаараа зах зээлд богино хугацаанд танигдаж чадсан уг аппыг уншигчид маань хэдийн мэдэх болов уу.

Нэр: Storepay

Хаяг: Эрүүл мэндийн яамны урд, "New Horizons" оффисын 10 давхар, 1003 тоот

Чиглэл: Финтек, төлбөрийн цахим шийдэл

Үүсгэн байгуулагч: Н.Хангал

Үүсгэн байгуулагдсан: 2019 оны нэгдүгээр сарын 23

Холбоос: storepay.mn (Вэб), 

Storepay (Фэйсбүүк), 

storepay.mn (Инстаграм)

 
Үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Н.Хангал

Сэдэл

Санхүүгийн салбарт технологийн шийдлүүд хөгжиж эхлэхээс өмнө худалдан авагчид зөвхөн цуглуулсан мөнгөндөө тохирсон сонголт хийх, эсвэл сонголтондоо зориулж зээл, лизинг авах гэсэн хоёр хувилбарын дунд эргэлддэг байв. Харин финтек компаниуд зах зээлд гарч ирснээр бидэнд илүү өргөн боломжууд нээгдсэний нэг нь "Storepay"-ийн үндсэн бизнес модел болох худалдан авалтын төлбөрөө хувааж төлөх загвар юм.

Анх 2014 онд Австрали улсын зах зээлд танилцуулагдаж, 2018 оноос Австрали, АНУ, Европд дэлгэрсэн уг финтек үйлчилгээ нь төлбөр тооцооны уламжлалт хандлагыг өөрчилж хүн бүхэнд хүссэн зүйлээ таатай нөхцөлөөр авах боломжийг нээж өгсөнөөрөө онцлог. Миний хувьд яг энэ үетэй давхцан тус улсад мастерын зэргээ хамгаалж байсан тул уг үйлчилгээг анх хэрэглээнд нэвтрэхээс эхлээд хэрхэн хөгжиж буйг биеэр харж, туршиж үзсэн юм. Ингээд эх орондоо ирсэний дараа "Storepay"-г эхлүүлэхээр ажилдаа орсон доо. 10 сарын хугацаанд судалгаа, хөгжүүлэлтийн ажлаа дуусган 2019 оны арваннэгдүгээр сард нээлтээ хийсэн. Өдгөө 1000 гаруй харилцагч, 140 мянга гаруй бүртгэлтэй хэрэглэгчтэй болж өргөжин, 70 мянга гаруй худалдан авалтаар дамжуулан 20 гаруй тэрбум төгрөгийг зах зээлд эргэлдүүлэх сэдэл болсон байна.

Ялгарал

Товчхондоо Storepay апп нь худалдан авагчдад 100 мянгаас гурван сая төгрөг хүртэлх үнийн дүнтэй барааны төлбөрөө 15 хоногийн зайтайгаар дөрөв хуваан төлөх, 30 хоногийн зайтай гурав хувааж төлөх боломжийг олгодог төлбөр тооцооны боловсронгуй шийдэл юм. Ингэхдээ бид худалдан авагчаас ямар ч хүү, шимтгэл, төлбөр авахгүйгээр барахгүй нэмээд худалдан авалт тутамд storepoint (нэг storepoint нэг төгрөгтэй тэнцүү) бэлэглэж, дараа дараагийн үйлчилгээндээ хөнгөлөлт эдлэх эрх өгдөг. Шинэ хэрэглэгч 500 мянган төгрөг хүртэлх үнийн дүнд тохирсон худалдан авалт хийх бөгөөд орлогоо баталгаажуулж, аппаа хэрэглэснээр эрхээ гурван сая төгрөг хүртэл нэмэгдүүлэх боломжтой. Өөрөөр хэлбэл "Storepау"-ыг ашигласнаар, хэрэглэгчид хүссэн бараагаа дуртай цагтаа төлбөрийн хамгийн уян хатан, таатай нөхцөлөөр хурдтай, хүндрэл чирэгдэлгүй, хөнгөлөлттэй авах бол харин харилцагч байгууллагууд бүтээгдэхүүний эргэлтээ хурдасган, гүйлгээгээ нэмэгдүүлж чадна.

Манай үйлчилгээг зарим тохиолдолд кредит карт эсхүл зээлийн үйлчилгээтэй андуурах нь бий. Тодорхой тайлбарлавал, кредит картны ашгийн гол суваг нь хэрэглэгчийн хугацаа хэтрүүлсэн эргэн төлөлтийн алдагдал, санхүүгийн сахилга батгүй байдлаас үүдсэн зөрүү байдаг. Харин бид харилцагч байгууллагынхаа бүтээгдэхүүн эргэлтийг эрчимжүүлж, бүх талд харилцан ашиг үүсгэх зарчмаар санхүүгийн цэгцтэй системийг бүрдүүлж ажилладаг. "Storepay" ямар ч бэлэн мөнгөний зээлийн үйлчилгээ явуулдаггүй, зөвхөн хэрэглэгчийн худалдан авалтыг технологиор дамжуулан хялбарчилж, үүгээрээ харилцагчдаа үнэ цэн өгч түүнээс санхүүждэг гэсэн үг.

 
 
 

Storepay гэж юу вэ?

Санхүүгийн салбар дахь шинэ боломжуудын тод илрэл. Амьдралыг хөнгөвчлөх финтек бүтээгдэхүүний бодит жишээ. Бид хамгийн нөхөрсөг, уян хатан үйлчилгээгээр дамжуулж санхүүгийн соёлтой, зөв хэрэглээг бий болгохыг зорьдог.

Нэр

Төлбөрийн шийдэл хэмээх ойлголтыг хамгийн ойлгомжтой, хялбар илэрхийлэх нэрийг сонгосон нь "Storeрay".

Одоо

Бид өдөр тутмын үйл ажиллагаандаа "нөхөрсөг" гэдэг консептыг барьж ажилладаг. Энэ ч утгаараа хийж буй бүх ажлаа хэрэглэгчийн санал сэтгэгдэл, хүлээлтийг төлөвлөж, тооцож хийдэг. Жишээ нь, анх нээлтээ хийчихээд нүсэр маркетинг хийлгүйгээр зөвхөн системийнхээ дааж чадах ачаалалд зохицуулан танилцуулгаа хийж байсан. Энэ мэтээр маркетинг, идэвхжүүлэлтийн ажлаа хүчин чадалтайгаа нягт уяж, хэрэглэгчид хүндрэл үүсгэхгүй, урмыг нь хугалахгүй байхыг тэргүүнд тавин ажиллаж байсан нь ерөөс дээрх үндсэн консепттой маань холбоотой.

Өнгөрсөн хугацаанд аппдаа 30 гаруй хувилбараар шинэчлэлт, хөгжүүлэлтийн ажил хийж, 2.0 хувилбараа албан ёсоор гаргасан. Үр дүнд нь бид, үзүүлж буй үйлчилгээгээрээ дамжуулан хэрэглэгчдийн худалдан авалтын хүү, шимтгэлд төлөх байсан 1.5 тэрбум гаруй төгрөгийг бодитоор хэмнэсэн гэх урьдчилсан тооцоо гарсан. Харин одоо хэрэглэгчдээс ирж буй бүхий л санал хүсэлтийг нэгтгэн шийдсэн, аппынхаа 3.0 хувилбарыг энэ онд багтаан гаргахаар төлөвлөн ажиллаж байна. Уг хувилбар дээр шинэ хэрэглэгчийн худалдан авалтад тавьдаг 500 мянган төгрөгийн хязгаарыг хүчингүй болгон, худалдан авалтын дээд үнийн дүнг гурван саяас арван сая төгрөг хүртэл нэмэгдүүлж, хугацааг гурван сараас зургаан сар болгон уртасгах гэх мэт онцгой боломжуудыг багтаах болно. Үүнийг дагаад аппын ажиллагаа, бүтэц ч илүү сайжирна.

Мөн шинээр, 100 мянгаас доош үнийн дүнтэй бүтээгдэхүүн худалдан авах боломж бүхий "Storepay credit", автомашин авах боломжтой "Storepay Auto" үйлчилгээнүүдийг апп дээр нэвтрүүлэхээр ажиллаж буй. Түүнчлэн одоо байгаа боломжууд болох бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, шүдний эмнэлэг, онгоцны тийз, даатгалын үйлчилгээ зэрэг дээр нэмээд хоолны газар, ресторан, жижиглэн худалдаа ч орж ирнэ.

Бид одоо нийт боломжит зах зээлийнхээ дөнгөж таван хувьд хүрч ажиллаж байна. Цаашид үйлчилгээнийхээ хүрээг тэлж, илүү олон хүнд амьдралаа дээшлүүлэх, хэрэгцээт зүйлсээ санхүүгийн дарамтгүйгээр авах боломжийг олгох болно. Тиймдээ ч тун удахгүй 21 аймагт үйлчилгээгээ нэвтрүүлж, харилцагчдын тоогоо нэмэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Өдийг хүртэл бид зөвхөн албан ёсны борлуулалт хийдэг дэлгүүр, брэндүүдтэй хамтарч, үйлчилгээгээ нийлүүлдэг байсан бол уг тэлэлтийн хүрээнд харилцагчдад илүү уян хатан нөхцөлүүдийг санал болгох юм.

 
 
 

Баг

Анх компанийнхаа бүтцийг гаргахдаа л аутсорсинг буюу чаддаг зүйлийг чаддаг хүмүүст нь гэдэг зарчимтай ажиллахаар төлөвлөсөн. Иймд хөгжүүлэлт, технологийн тал дээр "ICT" групптэй, маркетинг идэвхжүүлэлтээ "Brainstorm Branding Agency" компанитай гэх мэтээр үр дүнтэй, хурдан, чанартай хамтын ажиллагааг бий болгон ажилладаг. Үндсэн баг маань одоогоор 10 гаруй ажилтантай. Цаашдын стратеги, хөгжлийн төлөвлөлт гэх мэт менежмент, бүтээгдэхүүний талд түлхүү төвлөрдөг.

Ирээдүй

Зорилго, тэмүүлэлтэй, түүнийхээ төлөө шаргуу хөдөлмөрлөж буй компани бүр юникорн буюу нэг тэрбум ам.долларын үнэлгээтэй болохыг хүсдэг байх. Бид ч бас Монгол Улсаас төрсөн юникорн компани болох холын зорилго, алсын хараатай. Үүний тулд зөвхөн дотооддоо хязгаарлагдалгүй, гадаад зах зээлд гарч ажиллах нь зүйн хэрэг. "Storepay"-ын хувьд анх үүсгэн байгуулагдахдаа хөрөнгө оруулалтын "Frontier Capital" компаниас амжилттай санхүүжилт авч чадсан юм. Уг хамтын ажиллагаа нь өдгөө биднийг Зүүн Өмнөд Азийн зах зээлд гарахад том давуу тал болж буй.

Энэ зорилгын хүрээнд бид 2020 оны зургаадугаар сард "Storepay Holding" хэмээх толгой компаниа Сингапур улсад бүртгүүлэн, эхний ээлжинд Лаос улсын зах зээлд нэвтрэхээр "Storepay Lao" гэх салбар компаниа өнгөрөгч тавдугаар сард байгуулаад байна. Одоогоор дэд бүтцийн холболт, шаардлагатай гэрээ хэлэлцээр, холболтуудын ажлууддаа төвлөрч байгаа бөгөөд 2022 оны дөрөвдүгээр сард үйлчилгээгээ эхлүүлэхээр төлөвлөсөн. Уг төслөө амжилттай эхлүүлчих л юм бол цаашлаад Филиппин, Индонез, Малайз зэрэг улсад шат дараатай нэвтрэхэд илүү хялбар болох ба Тайланд, Вьетнам улсуудаар үргэлжлэх юм. Мэдээж аялал жуулчлалын бүс болсон эдгээр улсуудад энэ төрлийн үйлчилгээ хэдийн нэвтэрсэн ч ялгарал үүсгэх боломж байсаар байгаа нь бидний гол давуу тал болох болно.

Эрсдэл

Анх эхэлж байхад өдөр бүр л эрсдэлтэй, сорилт бэрхшээлтэй байдаг байсан. Зах зээлд өмнө нь байгаагүй, туршигдаагүй үйлчилгээг анхлан нэвтрүүлсэн учраас ямар нэг байдлаар асуудал ар араасаа гарч ирээд л байна гээч. Тэр бүрийг аргалаад өнгөрүүлэх гэлгүй уг үндсээр нь шийдэхэд анхаарсаар ирсэн нь одоо л нэг үр дүнгээ өгч эхэлж байх шиг. Бид ихэнх тохиолдолд хэрэглэгчдээсээ эерэг, талархсан, сэтгэл ханамж дүүрэн сэтгэгдэл, урмын үг хүлээн авдаг юм. Энэ нь илүү ихийг хийж бүтээх эрч хүчээр цэнэглэж ямар ч эрсдэл, бэрхшээлийг даван туулах хүч болдог байх.

Нөгөө талаас, тухайн улс орны өрсөлдөх чадварын үзүүлэлтэд иргэдийн худалдан авах чадвар чухал хүчин зүйл болж байдаг. Тэгвэл худалдан авах чадвар төлбөр тооцооны нөхцөлтэй салшгүй холбоотой байх нь ойлгомжтой. Бид үүнд л анхнаасаа итгэсэн гэж болно. Өөрөөр хэлбэл, бид нийгэмдээ, зах зээлдээ хэрэгцээтэй бүтээгдэхүүнийг хөгжүүлж, борлуулан, эргээд улс орныхоо эдийн засаг, зах зээлийн эргэлтэд хувь нэмрээ оруулж чадаж байна гэдэг итгэл. Үнэхээр ч тийм л байсан шүү.

 
 

 

Эх сурвалж: Unread.today, "Онцлох бизнес" булан

Зураг
3 | 1 цаг