Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/23-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Байгалмаа: Магистр, доктор бол диплом авахын нэр биш ур чадвар, үнэ цэн юм

ikon.mn
2021 оны 9 сарын 23
Сурталчилгаа

“СИТИ” Их сургуулийн ерөнхийлөгч, доктор, профессор Ц.Байгалмаатай ярилцлаа.

 

-Цар тахал боловсролын салбарт маш том сорилт боллоо. Цахимаар боловсрол эзэмшүүлэхээс эхлээд шинэ сорилтод “СИТИ” Их сургууль ямар бодлого, төлөвлөгөөгөөр ажиллаж байна вэ?

-Цар тахал хүн төрөлхтөнд том сургамж өгч байна. Гэхдээ боловсролын салбар зайлшгүй цахим сургалтад шилжихээс аргагүй болж нэг талаараа технологийн хувьд дэвшил авчирлаа. Нэг ёсондоо, нийтээрээ сонголтгүйгээр онлайн хичээлд шилжлээ. Цар тахал олон зүйл дээр цоо шинэ сорилт болсон ч манай сургуулийн хувьд харьцангуй бэлтгэлтэй байсан. Бид цар тахлаас өмнө технологийн дэвшилд онцгой анхаарч IT багийнхан маань нэлээдгүй өөрчлөлт хийсэн байсан.

Тухайлбал, аль хэдийнэ Moodle, Microsoft 365 программын албан ёсны хэрэглэгч болчихсон байсан. Мөн цахим сургалтын программыг хичээл, сургалтад нэвтрүүлж онлайн сургалтыг бааз суурийг бэлтгэсний дараа ковид гарсан учраас харьцангуй сандрал бага, хүндрэл, чирэгдэлгүй байсан гэж хэлж болно.

Хэдийгээр цахим сургалт дадал болоогүй ч багш, оюутнууд хоёр талаасаа харьцангуй хялбар хурдан ойлголцсон гэж харж байгаа. Тиймээс цар тахлын үеэр сургалтын чанар, төлбөртэй холбоотой шүүмжлэл, асуудал гараагүй нь сургууль, оюутны зүгээс аль аль талдаа үл ойлголцол, хохирол багатай даван тууллаа. Мөн оюутнууд маань сэтгэл хангалуун байсан нь бидэнд урам зоригтой ажиллах итгэл найдвар өгсөн шүү.  

-“СИТИ” Их сургуулийг бараг хүн болгон мэднэ. Гэхдээ бусдаас ялгарах онцлог юу вэ. Тэр дундаа танайхыг зорьж очсон ирээдүйн боловсон хүчинд ямар боломж, үүд хаалга нээгдэх вэ?

-Их, дээд сургууль гэлтгүй бүх төрлийн мэдээлэл харьцангуй ил болсон. Зарим сургууль оюутнуудыг бараг үнэгүй сургана гэж мэдэгдэж байна. Манай сургуулийн хувьд мэргэжлийн онцлогоо танилцуулдагаас биш төлбөрийг тал, бүтэн хөнгөлнө гэсэн мэдээллийг олон нийтэд гаргадаггүй. Гэхдээ ил мэдээлдэггүй гээд оюутнуудад огт хөнгөлөлт үзүүлдэггүй юм биш. Төлбөргүй учраас манай сургуульд сураарай гэсэн сэтгэхүй, хандлагаас аль болох зайлсхийдэг. Үнэхээр л манай сургуулийн сургалт, багш нарын ур чадвар, орчин нөхцөлийг судалж, мэдээд чанартай боловсрол эзэмшье гээд зориод ирэх юм бол тэтгэлэг, хөнгөлөлтөд хангалттай хамруулдаг. Энэ бол манай дотоод бодлого. Сурах, сургах процесс гэдэг маш нарийн үйлдэл. Тиймээс юуны түрүүнд энэ сургууль надад хэр сайн мэдлэг олгох вэ гэдгийг бодож сонголтоо хийсний дараагийн асуудал нь төлбөр мөнгө байгаасай гэсэн логикоор ханддаг. Үүний үр дүнд заавал “СИТИ” Их сургуульд суралцая гэж хүсч, зорьсон нь орж ирдэг. Тэр ч утгаараа оюутнуудын сургалтын чанар, сэтгэл ханамж дүүрэн байдаг даа.

Манай сургууль оюутнуудад тэтгэлэг хангалттай олгодог. Спортын зэрэг цол, сурлага, урлагийн авьяас, амьдралын нөхцөл боломжоос шалтгаалаад маш их хөнгөлөлт, тэтгэлэг олгодог. Бусад сургуультай харьцуулахад улсын хэмжээнд нэлээн дээгүүр орно.

Мөн хамгийн чухал давуу тал бол гадаад харилцаа. Манай сургууль Европ, Зүүн Азийн улсуудын их, дээд сургуулиудын тэтгэлэгт солилцоог дэмжих зорилготой EMMA хөтөлбөрийн Монгол дахь албан ёсны түнш байгууллагаар 2013 оноос хойш ажиллаж байна.

-Магистр, докторт суралцахыг хялбархан аргаар мэргэжил дээшлүүлэх боломж гэж харж байгаа хүмүүс ч бий. Гэтэл ахисан шатанд сурахын тулд суралцагч өөрөө сурах арга барил зэргээр шалгуур хангах ёстой юу. Өөрийгөө хэрхэн бэлтгэх вэ?

-Магистрын дипломтой болчихвол ажилд ороход илүү давуу талтай болно гэсэн хандлага одоо ч байна. Гэтэл яг үнэн хэрэг дээрээ энэ өрөөсгөл. Яагаад ахисан түвшний сургалт гэж нэрлэснийг ойлгож, ухаарах хэрэгтэй. Манай сургууль гэхэд магистр, докторын сургалтын албатай байсан бол 2021-2022 оны хичээлийн жилд ахисан түвшний сургалтын сургууль байгуулж өргөжүүлсэн. Сургуулийн захирал маань Цинхуа Их сургуульд докторын зэрэг хамгаалсан эрдэмтэн бий. Бүрэлдэхүүн сургуулиудад дэд захирлын орон тоо байхгүй бол ахисан түвшний сургуульд дэд захирал бий. Энэ мэтээр бид ахисан түвшний сургалтад өндөр ач холбогдол өгч байгаа.

Дээд боловсролын гол цөм бол бакалавр. Гэхдээ магистр, докторт сурч байгаа хүмүүст мэдлэг боловсрол эзэмшүүлэх сургалтын хөтөлбөрийн агуулга илүү нарийсч байгаа учраас ямар ч тохиолдолд заавал докторын зэрэгтэй багш нар багшилна. Ахисан түвшний сургалт бол хэн нэгний диплом авах гэж ордог газар биш. Тухайн байгууллагадаа үнэ цэн, ур чадварыг бий болгох, аливааг өөр өнцгөөс харж чаддаг оюунлаг хүмүүс байх ёстой. Өөрөөр хэлбэл, магистр, докторт суралцсанаар амьдралдаа, ажилдаа ямар ахиц дэвшил, үнэ цэн бий болгохоо мэдэрсэн хүмүүс орж ирдэг. Тиймээс ахисан түвшний сургуулийнхаа сургалтын хөтөлбөрийг илүү нарийн төлөвлөсөн. Заавал үзэх хичээл гэхэд судалгааны ажил байх жишээтэй. Сонгох хичээл нь өөрт хэрэгтэй чадвар зэргээр уян хатан болгож чиглүүлж өгч байна. Мэргэжлийн магистраас гадна диплом бичээд судалгааны ажил хийгээд төгсөх юм бол 1.5 жилээс хоёр жил байх юм. Харин докторын сургалт гурван жил байна. Тухайн салбар, хөдөлмөрийн зах зээл дээр асуудал болсон сэдвийг сонгож эрдэмтэн докторын удирдлаган дор нарийн судалгаа хийж байгаа процесс юм.

Манай сургууль ахисан түвшний боловсрол олгоход ихээхэн ач холбогдол өгч байна. Гадаад, дотоодын шилдэг их, дээд сургуульд багшилж байсан эрдэмтэн, судлаачдаар багаа бүрдүүллээ. Мөн профессорын баг тусдаа ажиллаж байна. Магистр, доктор бол сургалтын дээд түвшний хамгийн сонирхолтой шат юм. Зүгээр л диплом авах гэсэн хүн урагшлахгүй.

-Ахисан түвшинд ихэвчлэн ажил эрхэлдэг хүмүүс суралцдаг. Гэтэл ажил, амьдралын шаардлагаа хичээл тасалдах, замаас нь орхих тохиолдол бишгүй. Үүнд уян хатан бодлого байх хэрэгтэй санагддаг?

-Магистр, доктор болох гэж байгаа хүн сэтгэлгээ, хандлага огт өөр түвшинд хүрсэн байдаг. Манай сургуулийн гол зорилго бол зөв хүн, сайн боловсон хүчин бэлтгэх юм. Үүндээ ч хүрч байгаа гэж бодож байна. Энэ нь оюутнуудын идэвхи, хичээл зүтгэлээс харагддаг. Эхний үеэс хандлага огт өөр болж ирдэг.

Манай сургуулийн ахисан түвшний сургалтын бүртгэл эхэлсэн. Элсэгчдийн ихэнх нь ажил эрхэлж байгаа хүмүүс учраас байнга танхимд ирж сууж амжихгүй. Магадгүй зарим нь орон нутгаас, хөдөө орон нутагт ээлжийн ажилтай бол тэнхимтэйгээ ярилцаад ямар хэлбэрээр сурахаа шийдвэрлэнэ. Өөрт хамгийн тохиромжтой хэлбэрээ сонгож болно. Ээлжийн ажилтай хүмүүст цахим, танхимаар холимог хэлбэрээр сурах боломжийг ч нээж өгч байгаа. Багш, суралцагч аль аль нь Moodle, Microsoft 365 программыг бүрэн хэмжээнд ашиглах боломжтой учраас чанартай хэрнээ уян хатан нөхцөлийг нээж өгсөн. Танхимын сургалт явагдаж байхад зайнаас суралцагч яг л ангийнхантайгаа хамт хичээлдээ оролцоод явах юм. Moodle программд нэгэн зэрэг 5000 хүн хандаж болох учраас хөдөө орон нутаг, гадаад дотоод дэлхийн хаанаас ч суралцах бүрэн боломжтойгоороо давуу талтай.

Ахисан шатанд урлаг, бизнес, архитектурын тэнхимд хүссэн мэргэжлээ сонгоод суралцана. Ахисан шатны сургууль бүрэлдэхүүн сургуулиудтай нягт уялдаа холбоотой хоёр талын хамтын ажиллагаатай явагдах юм. Манай сургуулийн ахисан түвшний сургалт ихэвчлэн судалгааны тал руу чиглэнэ. Одоо бол манай сургуулийн багш нарын 30 хувь нь докторын зэрэгтэй. Цаашид бүх багш нараа доктор болгохыг зорино.

Боловсрол улс орны хөгжлийн үндэс. Мэдлэг боловсролтой хүмүүс нийгмийг чиглүүлнэ. Тиймээс боловсролын бүх шатны байгууллага чанартай боловсрол олгоход анхаарах ёстой. Бидний хувьд чанартай боловсрол олгох орчин нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэж байгаа. Хятад, Герман, Солонгос, ОХУ-ын шилдэг багш нарыг урьж ажиллуулж байна. Харин үлдсэн нь оюутнуудын хичээл зүтгэлээс л шалтгаална. Мөн Монголын их, дээд сургуулиуд олон улсын тавцанд гарах ёстой. Дэлхий нийт бакалавр, магистр, доктороо хэрхэн бэлтгэж байгааг судалж, хэрэгжүүлэх шаардлагатай байна.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.