Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/19-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн хамгийн өндөр үндэстний иргэд намхан болж байгааг тогтоожээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 9 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Нидерланд улс иргэдийнхээ нурууны дундаж өндрөөр дэлхийд тэргүүлдэг. Гэтэл сүүлийн жилүүдэд тус улсын иргэдийн нуруу намсаж байгааг судлаачид илрүүлжээ.

Нидерландчуудын нурууны өндөр сүүлийн 100 жилийн турш ерөнхийдөө өссөн байна. Харин сүүлд хийсэн судалгаагаар 2001 онд төрсөн эрчүүдийн дундаж өндөр 1980 оныхноос 1 сантиметрээр намссан байжээ.

Эмэгтэйчүүдийн хувьд энэ бууралт 1.4 см хүрсэн байна.

1980 оны Нидерландчууд бүх цаг үеийн хамгийн өндөр үеийнхэн болжээ. Энэ онд төрсөн эрчүүдийн дундаж өндөр 183.9 см юм байна. Тэд 1930 онд төрсөн эх орон нэгтнүүдээсээ 8.3 см-ээр өндөр ажээ.

1980 оны бүсгүйчүүд дунджаар 170.7 см өндөр бөгөөд харьцуулбал 1930 оны эмэгтэйчүүдийн дундаж өндөр 165.4 см байгаа юм.

Нидерландын статистикийн газар, Нийтийн эрүүл мэндийн хүрээлэнгээс явуулсан судалгаанд тус улсад төрсөн 19-60 насны 719,000 хүнийг хамруулжээ.

1930-1934 онд тус улсын иргэдийн 3 хувь нь 190 см-ээс дээш өндөртэй байсан бол 2020 онд 20 хувь болж нэмэгдэж, 7 хувь нь 195 см-ээс дээш өндөр нуруутай болсон байна.

Хүн амын нурууны өндөр намссан нэг шалтгаан нь цагаачлалтай тодорхой хэмжээгээр холбоотой гэж тэд дүгнэсэн байна. Өөрөөр хэлбэл нуруу намхан үндэстний төлөөлөгчид Нидерландад олноор цагаачилж ирсэн нь гол нөлөө үзүүлжээ.

Цэвэр Нидерланд гэр бүлээс гаралтай хүмүүсийн өндөр намссан тохиолдлууд ч бас бүртгэгдсэнийг судалгааны тайланд бичсэн байна.

Гэсэн хэдий ч тус улсын иргэдийн дундаж өндөр дэлхийд тэргүүлэх хэмжээнд хэвээр байгаа юм.

Олон жилийн турш орон орны эрдэмтэд Нидерландчууд яагаад өндөр болсны нууцыг тайлахаар судалж байсан ч нэгдсэн дүгнэлтэд хүрч чадаагүй байна. 

 

Эх сурвалж: CNN