Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/16-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ, Их Британи, Австрали улсууд батлан хамгаалах салбарт хамтран ажиллах томоохон гэрээ байгууллаа

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 9 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр АНУ, Их Британи, Австрали улсууд батлан хамгаалах салбарын мэдлэг чадвар, технологио хуваалцаж, хамтран ажиллах томоохон гэрээг байгуулжээ.

Гэрээний хүрээнд зэвсэг техникийн үйлдвэрлэлийн бааз, бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээгээ мөн хуваалцахаар болсон байна.

Үндсэндээ дээрх гурван улс Энэтхэг-Номхон далайн (хуучин Ази-Номхон далай гэдэг байсан) бүс нутагт ашиг сонирхлоо хамгаалж, Хятадын хүч нөлөөг хязгаарлах зорилгоор нэгджээ.

Өчигдөр АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден, Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон, Австралийн ерөнхий сайд Скотт Моррисон нар видео холбоогоор уулзахдаа Aukus нэртэй шинэ түншлэлийн гэрээнд нэгдэж байгаагаа зарласан юм.

Эхний ээлжинд АНУ, Их Британийн тал Австрали улсын зэвсэгт хүчнийг цөмийн зэвсэг тээвэрлэх хүчин чадал бүхий шумбагч хөлөгтэй болгох зорилт тавьжээ.

“Ийм зэвсэгтэй болсноор Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн нөхцөл байдлыг тогтворжуулж, нэгдсэн үнэт зүйл, ашиг сонирхлоо хамгаалах юм” гэж гурван улсын хамтарсан мэдэгдэлд өгүүлсэн байна.

Дээрх гэрээ нь дэлхийн өөр хоёр улсын ашиг сонирхлыг хөндөж байгаа юм.

Нэг нь Австралийн зэвсэгт хүчинд шумбагч хөлөг нийлүүлэх гэрээ байгуулаад байсан Франц улс. 12 шумбагч хөлөг нийлүүлэх $50 тэрбумын өртөгтэй энэ төсөлд Франц улс 2016 онд шалгарч байжээ. Энэ нь Австрали улсын түүхэнд батлан хамгаалах салбарын хамгийн том дүнтэй гэрээ болсон юм.

Гэвч ихэнх эд ангийг Австралийн зах зээлээс авах шаардлага тавьж байсны улмаас уг нийлүүлэлт гацаад байжээ.

Одоо харин энэхүү гэрээг бүрэн цуцалж, Францын тал хоосон хоцорч байна.

Гурван улсын түншлэл ашиг сонирхлыг нь хөндөж буй нөгөө нэг улс нь Хятад юм.

Хэдийгээр талууд энэхүү хамтын ажиллагаагаа аль нэг улсын эсрэг чиглээгүй гэж мэдэгдэж байгаа ч Энэтхэг-Номхон далайн бүс нутагт Хятадын хүч нөлөөг хязгаарлах зорилготой нь тодорхой байна.

АНУ, Их Британи, Австралийн эрх баригчид хамтын ажиллагааныхаа хүрээнд бас кибер аюулгүй байдал, хиймэл оюун ухааны салбарт мэдлэг туршлагаа хуваалцахаар тохиролцжээ.

 

Эх сурвалж: BBC