Завхан аймгийн Отгон сумын нутагт орших Отгонтэнгэр хайрхан уулын тахилга өнөөдөр болох гэж байна.
Хангайн нурууны ноён оргил, мөнх цаст Отгонтэнгэр хайрхныг эртнээс тахисаар ирсэн бөгөөд монголчууд “Сүмбэр уул”, “Очирваань хайрхан”, “Цаст цагаан уул” зэргээр нэрлэж иржээ.
Уулын ноён оргил нь далайн түвшнээс дээш 4,021 метрт өргөгдсөн, түүний 3,752 метрээс дээш өндөрт мөнх цастай юм. Мөнх цасны хилээс доохно уулын энгэрт үзэсгэлэнт Бадархундага нуур бий.
Уул усны тахилга бол монгол түмний байгаль дэлхийгээ танин мэдэж, уул ус, газар шороотойгоо зүй ёсоор харьцаж ирсэн мэдлэг ухаан, байгалиа хайрлан хамгаалах уламжлалт сэтгэлгээний нэгэн хэсэг юм.
Энэхүү уламжлалт зан үйлийг Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат 1995 оны 110 дугаар зарлигаар сэргээж, Богдхан, Бурхан Халдун, Отгонтэнгэр хайрхан уулыг Төрийн тахилгатай болгосон. Өнөөдрийн байдлаар төрийн тахилгатай 12 уул, хайрхан байдаг юм байна.
Монгол түмнийг даасан Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолыг 1995, 1999, 2003, 2007, 2011, 2016 онд үйлдэж, Монгол Улсын үе үеийн Ерөнхийлөгч оролцож байв.
Ташрамд дурдахад, Отгонтэнгэр хайрхан уулсын сүүлийн буюу 2016 оны төрийн тахилгын ёслолд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж оролцож байжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!