Монголчууд энэ жил түүхэндээ анх удаа олимпод багийн спортоор, тэр тусмаа 3х3 сагсан бөмбөгийн төрөлд оролцсон нь тун онцлог байлаа. Хэдийгээр онцгой амжилт үзүүлж чадаагүй ч тамирчид маань дэлхийн шилдгүүдээс дутахгүй өрсөлдөхөө харуулж, түүхэн хуудас бичсэн том үйл явдал болсон билээ. Тэгвэл Монгол орон даяар салбар нэгжтэй ХААН Банк түүхт 30 жилийнхээ ойгоор хүүхэд залууст бэлэг барьж, 21 аймаг болон нийслэлийн алслагдсан Багануур, Багахангай дүүрэгт 3x3 сагсан бөмбөгийн стандарт талбай байгуулж өгөхөөр ажлаа эхлүүлээд байна.
ХААН Банк нийгмийн хариуцлагын хүрээнд соёл урлаг, спортын салбарынхныг тууштай дэмжиж ирсэн бөгөөд Монгол Улсад багийн спортыг хөгжүүлэх, хүүхэд залуусын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, спортоор хичээллэх сонирхлыг нь дэмжих, цаашлаад их спортын ертөнцөд эх орныхоо нэрийг дуурсгах ирээдүйн аваргуудыг бэлтгэх үйлсэд хувь нэмрээ оруулах зорилгоор ийнхүү улсын хэмжээнд томоохон бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлээд буй юм.
Энэ ажлын салхийг хагалж, эхний 3x3 сагсан бөмбөгийн стандарт талбайг Төв аймагт байгуулан, хичээлийн шинэ жилийн өмнө хүүхэд залууст бэлэг барихаар шаргуу ажиллаж байна. Төв аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга Д.Алтанхуяг “ХААН Банкнаас санаачлан хэрэгжүүлж байгаа энэ сайхан ажлын эхлэл Төв аймгаас түүчээлж, ашиглалтад орж байгаад баяртай байна. 3x3 сагсан бөмбөгийн спорт манайд хөгжөөд төдий л удаагүй, залуу төрөл гэж хэлж болно. Гэхдээ “Токио-2020” олимпын наадамд манай баг тамирчид амжилттай оролцсонтой холбоотойгоор спортыг сонирхох хүүхэд залуусын тоо ч нэмэгдэж байна. Яг энэ цаг үед стандарт талбайг ийнхүү байгуулж байгаа нь зуунмодчуудын хувьд чухал үйл явдал юм. Манай аймгийн тамирчид 3x3 сагсан бөмбөгийн төрлөөр залуучуудын ДАШТ-д оролцож байсан. Мөн энэ нутгаас төрөн гарсан Д.Дэлгэрням тэргүүтэй тамирчид Монгол Улсын шигшээ багт тоглож байна. Энэ талбай ашиглалтад орсноор хүүхэд залуус энэ спортоор сонирхон хичээллэх нь нэмэгдэж, ирээдүйн шилдэг тамирчид болох урам, сэдэл авна гэж найдаж байна” хэмээн сэтгэгдлээсээ хуваалцлаа.
Бусад аймгийн хувьд 10-р сардаа багтаан сагсан бөмбөгийн талбайг бүрэн тохижуулан хүлээлгэн өгөхөөр төлөвлөж буй.
ХААН Банк тогтвортой хөгжлийн бодлого, компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхэд багачуудын боловсрол эзэмших орчин, нөхцөл болон эмнэлгийн орчныг сайжруулах олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байсан туршлагатай билээ. Тухайлбал, нийслэлийн 25-р тусгай дунд сургуулийн эрэгтэй сурагчдын хөдөлмөрийн кабинетийг шинэчлэн засварлаж байсан (Дэлгэрэнгүйг ЭНД-ээс) бол Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвд хангай болон говийн бүсийн зохиомжтой хоёр танхимыг бүрэн тохижуулж, хүүхэд багачууд байгаль орчны мэдлэг мэдээлэл олж авах орчин нөхцөлийг бүрдүүлсэн юм (Дэлгэрэнгүйг ЭНД-ээс). Түүнчлэн улсын хэмжээнд цорын ганц гэгдэх Хүүхдийн төв сувиллын Нярайн тасгийг тохижуулан, асаргааны өрөө шинээр байгуулж өгсөн нь өдгөө нярай үрсийн тав тухтай, тохилог орчинд өсөж торних боломжийг бүрдүүлээд буй (Дэлгэрэнгүйг ЭНД-ээс) билээ.
Бид нийгмийн сайн сайханд бодитой хувь нэмрээ оруулсаар...
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!