Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/20-НД НИЙТЛЭГДСЭН

Их Британийн Засгийн газар сүргийн дархлаанаас татгалзаж хайбрид дархлаанд найдахаар шийдсэн үү?

ikon.mn
2021 оны 7 сарын 20
iKon.MN
Зураг зураг
CNN.com

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон энэ сарын эхээр мэдэгдэл хийж, долдугаар сарын 19-ний өдрөөс Их Британи Умард Ирдандын Нэгдсэн Вант Улсын цөм хэсэг болох Англид хөл хориог цуцалж байгаагаа мэдэгдсэн. Энэхүү мэдэгдэл нь тус улсад Дельта вирусийн тархалт нэмэгдэж байгаа үетэй давхцсан тул гаднын судлаачдын анхаарлыг ихээр татаж байгаа юм. Энэ арга хэмжээ нь Их Британийн бусад бүрэлдэхүүн хэсэг болох Шотланд, Уэльс ба Умард Ирландад хамаарахгүй аж.

Долдугаар сарын 19-нөөс Англид дунд сургуулиуд амарч байгаа бөгөөд эцэг, эхчүүд хүүхдээ авч гадаадад амралтаар явдаг уламжлалтай. Энэ үед хилээ сулруулан гадаадад амраад ирэх иргэдээ улаан жагсаалтад ороогүй улсаас ирсэн тохиолдолд хилээр чөлөөтэй оруулах шийдвэр мөн гаргасан билээ.

Тэрбээр тус улсад амжилттай хэрэгжүүлсэн вакцинжуулалтын үр дүнд эмнэлгийн ачаалал болон нас баралт багасаж байгаа тул ийм арга хэмжээг авсан гэдгээ мэдэгдсэн юм.

Их Британи улс вакцинжуулалтын түвшнээр дэлхийд тэргүүлж байгаа бөгөөд олон улс орон вакцинжуулалтын үр дүнд КОВИД-19-ийн халдварын тархалтыг зогсоож чадах эсэх дээр тус улсыг анхааралтай ажиглаж байна.

 

Дээрх мэдэгдлийг хийхэд мөн Их Британийн коронавирусийн халдвартай тэмцэх ажлыг удирдаж буй тус улсын Ерөнхий эмч Крис Витти ба Ерөнхий сайдын Шинжлэх ухааны ерөнхий зөвлөх Патрик Валлансе нар оролцсон. Патрик Валлансе ирэх өвлөөс дараагийн давалгаа эхэлнэ хэмээн таамаглаж байгаагаа мэдэгдсэн юм. Шинээр илрэх тохиолдлын тоо тус улсад ялангуяа, залуучуудын дунд 10 хоног тутамд хоёр дахин нэмэгдэж байгаа ба одоогоор Британид 250,000 хүн халдвар аваад байгааг тэрбээр онцолсон. Мөн тэрбээр эмнэлэгт хэвтэж буй хүмүүсийн тоо халдварын хурдтай зэрэгцэн өсөхгүй байгаа гэсэн үндэслэлээр хөл хориог суллаж байгааг зарласан бол түүнтэй цуг мэдэгдэл хийсэн Английн Ерөнхий эмч Крис Витти мөн эмнэлгийн ачаалал буурч байгааг мэдэгдсэн юм.

Зарим судлаач ийнхүү үндэслэл багатай мэдэгдэл хийж, хөл хориогоо цуцалж буйг шүүмжилж эхэлсэн ба Шотландын Эдинбургийн их сургуулийн профессор Дэви Шридар Англи улс бүхэлдээ туршилтын талбар боллоо гэж мэдэгдсэн байна. Тэгвэл бусад олон эрлэмтэн сүргийн дархлаанаас татгалзаж байсан тус улсыг хайбрид хэмээх дархлаа тогтоохоор шийдсэн байж магад гэж үзэж байгаагаа хэлж эхэллээ.

Сүргийн дархлаа гэж юу вэ?

2020 оны эхээр КОВИД-19-ийн халдвар өндөр түвшинд хүрсэн Европын орнууд сүргийн дархлаа хэмээх ойлголтыг ярьж эхэлсэн билээ. Их Британи зэрэг олон улс сүргийн дархлаанд ач холбогдод өгч байсан боловч сүргийн дархлаа тогтоосноос гарах нас баралт нь хэт өндөр байснаас энэ саналаасаа татгалзаж эхэлсэн юм.

Хөл хориогүй үед халдвартай нэг хүн дунджаар 5 хүн халдварлуулдаг бол тэдгээр 5 хүний 4 буюу 80 хувь нь дархлаатай бол халдварын тархалт хумигдаж* тохиолдлын тоо буурдаг. Хэрэв вирус халдварлах чадвар өндөртэй, нэг хүн 10 хүнийг халдварлуулдаг бол хүн амын 90 хувь нь дархлаатай байж халдварын тоо буурдаг.

Вирусийн вариантууд буюу мутац гарч ирсэн нь тооцооллыг бүр хүндрүүлсэн байна. Дельта  вариант бүхий вирусийн халдварлах чадвар өндөр бөгөөд reproductive number – буюу  өсөлтийн утга хэмээх R утга нь 8 бөгөөд Сүргийн дархлаа тогтоохын тулд 88 хувь нь дархлаатай байх шаардлагатай гэсэн тооцоог гаргажээ. Тухайлбал, Их Британийн эрдэмтэд АстраЗенека вакциныг 70 хувийн үр дүнтэй гэж үзэж байгаа бөгөөд ийм вакцинаар хүн амынхаа дунд 88 хувийн дархлаа тогтоохын тулд хүн амынхаа 125 хувийг вакцинжуулах шаардлагатай гэсэн тооцооллыг гаргасан байна.

Мөн өөр олон хүчин зүйлүүд нөлөөлөх болсон байна. Хүн бүрийн халдвар хамгааллын дэглэм барьдаг зан үйл өөр ба мөн дархлааны систем  нь ч өөр гэдгийг давхар тооцох ёстой. Түүнчлэн эргэн тойронд дархлаажилтын хувьд өөр өөр статустай хүмүүс бий болсон. Тухайлбал, зарим нь өвдөөд эдгэсэн буюу байгалийн дархлаатай бол вакцины нэг тун болон хоёр тунгаа хийлгэсэн хоног хугацаа нь ч өөр байна.  Дээрх шалтгаанаар тус улс сүргийн дархлаа тогтоох асуудлыг бодлогын бичиг баримтнаасаа хассан билээ.

Хайбрид дархлаа гэж юу вэ?

Өвчилсөн хүмүүс вакцинаар тариулсны дараа тэдгээр хүмүүст үүсэж байгаа дархлаа буюу байгалийн дархлааг хайбрид дархлаа гэж нэрлэх болсон ба энэ асуудал эрдэмтдийн анхаарлыг татах болжээ.

Байгалийн дархлаа буюу өвчилсний дараах дархлаа  нь вакцинжуулалтын дараах дархлаанаас ялгаатай байдаг.

Вирусийг устгахад дархлааны эсүүд болох В эс буюу эсрэг бие үйлдвэрлэгч эс, CD4 T эс, CD8 T эсүүд мөн Т туслагч эсүүд чухал үүрэгтэй байдаг. КОВИД-19-өөр өвчилсний дараа судалгаанд оролцогчдын дархлааны эсүүдийг судлахад 7-8 сарын хугацааны дараа дархлаа суларч, мөн Альфа, Бетта, Гамма хувилбарын эсрэг буюу мутацад орсон хувилбарыг таних чадвар нь суларч байгааг судлаачид тогтоосон байна.  Мөн саармагжуулагч эсрэг биеийн шинжилгээг хийж үзэхэд үзүүлэлт бүх вариантын эсрэг байгалийн дархлаа ба вакцины дархлаатай хүмүүст аль алинд нь буурсан байна.

Шинж тэмдэгтэй өвчтөнүүдийн хувьд АстраЗенека вакцин 75 хувиас 11 хувь руу (Бетта хувилбарын үед) Пфайзерын хувьд 95 хувиас 75 хувь руу буусан байна.

Харин хүндрэл ба нас баралтын эсрэг 95-97 хувь үр дүнтэй хэвээр байгаа нь олзуурхууштай.

Эрдэмтдийн сонирхлыг хамгийн их татсан зүйл бол вирусээр өвдсөн хүмүүсийг вакцинжуулахад ямар үр дүн гарах вэ гэсэн асуулт байжээ.

Тэгвэл өмнө нь өвдсөн хүмүүс вакцин хийлгэхэд эсрэг биеийн хэмжээ 25-100 дахин өссөн байна.

Мөн хамгийн том давуу тал нь Уханийн буюу эх хувилбарын вирусээр өвдсөн хүмүүсийн хувьд хувилбар бүхий (мутацтай) вирусийн эсрэг мөн үр дүнтэй байжээ. Өөрөөр хэлбэл, дархлааны санамжийн В эсүүд мутац бүхий вирусийг таньж, улмаар өвчилсөн хүмүүст өвчилснөөс хойшихтой нь харьцуулахад 100 дахин өндөр урвал үзүүлсэн ба вакцинтай хүмүүсийнхээс 25 дахин өндөр байсан байна.

Үүний учир нь дархлааны санамжийн В эс нь дахин халдвар орж ирэх үед нь эсрэг бие үйлдвэрлэх, мөн тухайн вирусийн мутацад орсон хувилбарыг таньж дархлааны санамж үүсгэж байдагтай холбоотой.

Мөн дархлааны санамжийн В эсийн санамжийн мэдээлэл нь Хайбрид дархлааны үед 5-10 дахин өсдөг байна.

Дийлэнх вакцинууд нь вирусийн сэртэнгийн уургийн эсрэг нэг антиген агуулсан байдаг. Гэтэл вирусийн сэртэнгийн уураг 25 төрлийн уургаас тогтдог. Үүнээс шалтгаалан CD4 T эс, CD8 T эсүүд вакцин хийлгэсэн хүмүүст хязгаарлагдмал идэвхгүй үйл ажиллагаа явуулдаг аж.

Хайбрид дархлааны хувьд вирусийн сэртэнгийн уураг ба сэртэнгийн бус бусад уургийн эсрэг Т эс дархлааны санамж үүсгэж байгаагаараа онцлог юм. Өөрөөр хэлбэл, энэ дархлаа дараа дараагийн мутацад орсон вирусийн эсрэг илүү үр дүнтэй байх боломжтой юм.

Moderna болон Pfizer вакцинууд эхний тунгаараа CD4 T эс сэртэнгийн уургийн эсрэг эсрэг биеийн хэмжээг нэмэгдүүлдэг ажээ.

Жишээ нь, дээрх вакциныг коронавирусээр халдварлан өвдсөн хүмүүст тарьсан эхний тунгийн дараах дархлааны хариу урвалын хэмжээ 2 дахь тунг тарьснаас хойших дархлааны хариу урвалтай харьцуулахад илүү өндөр байсан байна. Түүнчлэн өмнө нь халдвар авсан хүмүүсийн хэр хүнд ба хөнгөн өвдсөнөөс үл хамааран дархлааны урвал вакцины эхний тун дээр өндөр байсан байна.

Барууныхан өвчлөлийн дараах вакцинжуулалтад илүү ач холбогдол өгөх болсон нь чухам дээрх шалтгаанууд байж болох юм.

Ийм учраас англичууд чухам энэхүү хайбрид дархлааг тогтоохоор оролдож байна уу хэмээн олон судлаач таамаглаж байна.

 

Судлаач: Т.Бат

Эх сурвалж: