Л.Энх-Амгалан: ЕБС-ийн танхимын хичээлийг есдүгээр сарын 1-нд эхлүүлэхээр бэлтгэж байна
Боловсрол, шинжлэх ухааны яам болон аймаг, орон нутгийн удирдлагууд 2021-2022 оны хичээлийн жилийг есдүгээр сарын 1-нд танхимаар эхлүүлэх бэлтгэл хангаж буйг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хэллээ.
Тэрбээр "Боловсролын тухай хуульд сургуулийн намрын хичээлийг есдүгээр сарын 1-нд эхлүүлэхээр хуульчилсан байдаг. Бид хуулиа хэрэгжүүлнэ. Гэвч КОВИД-19-ийн нөхцөл байдал хэрхэхийг хэлэхэд хэцүү байна.
Одоогоор
- 12-17 насны хүүхдүүдийн 70 орчим хувь,
- ерөнхий боловсролын сургуулийн 40,000 гаруй багшийн 80 гаруй хувь нь коронавирусийн эсрэг вакцины бүрэн тунг аваад байна.
Иймд бид хичээлийн жилийг есдүгээр сарын 1-нд эхлүүлэхээр хичээн ажиллаж байна. Гэхдээ Засгийн газар эцсийн шийдвэрийг гаргана.
Хэрэв энэ оны есдүгээр сарын 1-нд хичээлээ эхлүүлж чадахгүй бол манай улс хоёр жилийн турш хичээлээ хаасан цөөхөн хэдэн орны тоонд орно. Хоцрогдол их үүссэн тул танхимын хичээлийг есдүгээр сарын 1-нд эхлүүлэхээр бэлтгэлээ хангаж байна" гэв.
Эргэн сануулахад, БШУ-ы сайд Л.Энх-Амгалан өөрийн эрхийн хүрээнд 2020-2021 оны хичээлийн жилийн бүтцийг өөрчилснөөр
- 1-3 дугаар ангийн сурагчдын амралтыг 2021.05.08-наас
- 4-12 дугаар ангийн сурагчдын амралтыг 2021.05.15-наас эхлүүлэх шийдвэрийг гаргаж байв. Өнгөрсөн хичээлийн жилд сурагчдыг хугацаанаас нь өмнө амрааснаар 2021-2022 оны хичээлийн жилийг наймдугаар сарын 15-нд эхлүүлэхээр тооцсон юм.
Гэвч цар тахлын нөхцөл байдал хүндэрснээр дээрх тооцоолол өөрчлөгдөж, энэ оны есдүгээр сарын 1-нд сурагчдын хичээл эхлэх эсэх нь ч тодорхойгүй болоод байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
