Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/02-НД НИЙТЛЭГДСЭН

О.Амартүвшин: Зөрчлийн тухай хуулийг өөрчилж иргэд, ААН хэвийн ажиллаж, амьдрах боломжийг олгох хэрэгтэй байна

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 6 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Ковидын дараах эдийн засгийн "Их сэргэлт" санаачилгын хүрээнд хийгдэж буй ажлуудын талаар Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Тодруулбал, Ковидын дараах эдийн засгийн “Их сэргэлт” санаачилгыг МҮХАҮТ дэвшүүлж, уг санаачилгын хүрээнд, цар тахлын улмаас хүнд байдалд орсон ААН, иргэдэд татварын өршөөл үзүүлэх замаар ижил гараанаас дахин эхлэх боломжийг олгох асуудлыг хөндөж, тодорхой саналууд гаргасан. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн долоо хоногт МҮХАҮТ-д худалдаа, бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзах үеэр Монголбанкны “хар жагсаалт”-д бүртгэлтэй 71 мянган иргэний муу зээлийн мэдээллийг тэглэх болсныг мэдэгдсэн. 

Энэ талаар МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин “Монголбанкны Ерөнхийлөгч болон УИХ-ын даргын хэлж буйгаар 71 мянга гаруй иргэн, ААН-ийн зээлийн ангиллыг шилжүүлнэ гэж байгаа. Энэ нь иргэдийн ярьж байгаа шиг зээлийн ангиллыг чөлөөлж байгаа зүйл биш. Өөрөөр хэлбэл, хөл хорионы улмаас орлогогүй болсон, зээлээ төлчихсөн хэрнээ тодорхой хугацаагаар хойшлуулаад гэрээгээ зөрчсөнөөс болоод зээлийн ангиллын жагсаалтад бүртгэгдчихсэн иргэн, ААН-үүдэд хамаарах юм. Төрөөс одоо л хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд зөв дэмжлэг үзүүлэхгүй бол цаашид шинээр үйл ажиллагаа явуулах, дахин эхлүүлэх боломжгүй болсон" гэдгийг мэдээллийн эхэнд онцоллоо. 

Түүнчлэн тус санаачилгын хүрээнд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн хувь хэмжээг бууруулах, Зөвшөөрлийн тухай хуулийг батлах, зөвшөөрлийн тоог цөөлөх, зөвшөөрөл олгох үйл явцыг хялбаршуулах, ил тод болгох саналыг Засгийн газар, УИХ-д МҮХАҮТ хүргүүлсэн билээ.

"МҮХАҮТ-ын санаачилгаар Хөрөнгө оруулалтын менежментийн тусгай нэгж байгуулахаар болжээ"

Энэ тухай тэрбээр “Монголын эдийн засаг сэргэхийн тулд хувийн хэвшлийнхэн зөв зохион байгуулалтад орж ажиллах ёстой. Өнөөдөр иргэн болон ААН ямар нэгэн үйл ажиллагаа эрхлэхийн тулд 930 гаруй төрлийн зөвшөөрлийг авдаг. Үүнийг дагаад маш их хүнд суртал, авлига хээл хахуулийн асуудал хөндөгддөг. Энэ асуудлыг шийдэж, төрийн хүнд суртлыг бууруулахын тулд Зөвшөөрлийн тухай хуулийг шинэчлэн батлах ажлын хэсэг байгуулагдсан. Түүнчлэн эдийн засгийг дэмжих дараагийн нэг чухал зүйл нь гаднын хөрөнгө оруулалт байдаг. Тэр утгаараа хөрөнгө оруулалтыг хамгаалах, дэмжих Хөрөнгө оруулалтын тухай хууль чухал нөлөөтэй. Гэх мэт эдгээр хуулиуд шинэчлэгдсэнээр бизнесийн орчин сайжирч олон асуудал дагаж шийдэгдэх юм.

Зөрчлийн тухай хуулиар 2020 онд давхардсан тоогоор 2.2 сая хүнд (зөвхөн цагдаагийн байгууллагад бүртгэлтэй) 66 тэрбум төгрөгийн торгууль тавьсан байсан. Иргэд өөрсдөө цалин орлогогүй болчихсон, дээрээс торгууль нь нэмэгдээд төлж чадахгүй байгаа. Гэх мэт бүртгэл, уялдаагүй байдалтай холбоотой маш их зөрчлийн асуудал бий. Өрөөр хэлбэл манай иргэд, ААН бүгд торгуультай, ямар нэгэн байдлаар хариуцлага үүрсэн ялтай болж хувираад байна. Иймээс Зөрчлийн тухай хуулийг өөрчилж хүмүүсийг хэвийн ажиллаж амьдрах боломжийг олгооч гэдэг зүйлийг хөндөж байгаа юм.  

Бас нэгэн чухал шийдвэрээс дурдвал МҮХАҮТ-ын санаачилгаар Хөрөнгө оруулалтын менежментийн тусгай нэгжийг байгуулахаар болсон. Энэ нь улс орнуудад байдаг жишээ бөгөөд хувийн хэвшил, төр хөрөнгө оруулалт дээр хамтран эдийн засаг, нийгмийг төлөөлөхүйц гол төсөл хөтөлбөрүүдийг богино хугацаанд, өндөр бүтээмжтэй хийж хэрэгжүүлэх санал санаачилга юм. Өнөөдөр үсрэнгүй эдийн засгийн хөгжилд хүрэхийн тулд таван том төслийг ойрын хугацаанд хийх шаардлагатай” гэв.