Монголчууд хулсан үзэг, бийр, бэх, шунх, цаас зэрэг бичгийн хэрэглэлээс гадна бичгийн мод, шүугаман бар, бичгийн нүүрийн барыг албан бичиг боловсруулах, үйлдэхэд хэрэглэдэг байжээ.
Бичгийн мод гэдэг нь 50-60 см орчим хэмжээтэй будаж өнгөлсөн нимгэн дөрвөлжин хэлбэртэй хавтас мод бөгөөд ширээний оронд бичгээ тавьж бичихээс гадна дээр нь бэхээр юм бичиж зурж баллаж болдог тул бичгийн эх ноорог төлөвлөн зохиоход тохиромжтой, бас цаас хэмнэхэд ашигтай зүйл байсан байна.
1850-иад оноос албан бичгийг шугамтай цаасан дээр үйлдэх болсон бөгөөд модон шугам, шугаман бар хэрэглэх болжээ. Шугаман бар гэдэг нь тусгайлан бэлтгэж шугам сийлсэн хэв бөгөөд түүнийг ном барлахын адил цаасыг олноор нь барлан шугамддаг байжээ.
Бичгийн нүүрийн бар гэдэг нь тусгайлан сийлж хийсэн бичгийн гарчиг /утга/, он цаг, хаяг, гарын үсэг зурах хэсэг бүхий хүснэгттэй хэв бөгөөд түүнд цэвэр нямбай, товч тодорхой нөхөн бичдэг байжээ. Энэхүү барыг 1821 оны үес хэрэглэх болсон байна.
Эх сурвалж: Архивын ерөнхий газар
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!