Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/03-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Гантөмөр: Харшил үүсгэгч унгирал гаргахгүйн тулд 20 мянган улиасанд тариа тарина

А.Намуун, iKon.mn
2021 оны 5 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн модлог ургамлын дийлэнх нь улиас байдаг. Үүнээс улбаатайгаар жил бүрийн өдийд унгирал буюу модны хөвөн хийсэж, харшил сэдрээдэг. Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хотын Захирагч Д.Сумъяабазар энэ чиглэлд ямар ажил хийж байгаа болон унгирал гаргахгүй байх тал дээр ямар арга хэмжээ авч байгааг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргаас тодруулсан юм.

20 мянган улиасанд тарихаар болж, хөрөнгө мөнгөний асуудлыг шийдвэрлэсэн

Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “Нийслэлд 40 мянга гаруй улиас байдгаас 19 мянга орчим нь эм улиас. 2019 оноос эхлэн унгирал гаргахгүйн тулд улиасыг хэлбэржүүлж эхэлсэн.

Энэ жилийн хувьд хэлбэржүүлэх ажлыг гуравдугаар сарын 15-наас эхэлсэн. 240 байршилд 20 мянган улиас, 5,000 хайлаас хэлбэржүүлээд байна. Олон улсын туршлагыг харахад, унгирал гаргахгүйн тулд тариа тарьдаг. 20 мянган улиасанд тарихаар болж, хөрөнгө мөнгөний асуудлыг шийдвэрлэсэн” гэлээ.

Мөн инженер, шугам сүлжээний засварын ажлыг төлөвлөсний дагуу хийнэ гэдгээ мэдэгдсэн. Хотын дарга ажлаа авто замын засвартай уялдуулж, нэг нь ажлаа хийгээд дуусахад нөгөө нь дахиад газар ухдаг байдлыг гаргаж болохгүй гэдгийг сануулсан юм.

16 га-д хувийн хөрөнгөөр мод тарина

Нийслэлийн Байгаль орчны газрын дарга М.Нямбаяр “185 га-д нийслэлийн хөрөнгөөр ойжуулалт, нөхөн сэргээлт хийнэ. 16 га-д хувийн хөрөнгөөр мод тарина” хэмээлээ.

Хотын дарга “Мод тарих болон зүлэгжүүлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлж, ойжуулалтыг өргөн хүрээнд зохион байгуулах хэрэгтэй. Энэ талаарх мэдээллийг долоо хоног тутам өгөөрэй” гэсэн юм.

Харшлаас сэргийлж хогийн ургамлыг устгах, модны хөвөн хийсэхээс урьдчилан сэргийлэх, модны тайралт, хэлбэржүүлэх ажлуудыг шуурхай зохион байгуулах, нийслэлийн хэмжээнд ногоон байгууламжуудыг нэмэгдүүлэх, мод тарих, ургуулах, арчлах зэрэг ажлуудыг зохион байгуулахыг холбогдох албаныханд даалгажээ.