Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/28-НД НИЙТЛЭГДСЭН

200 багш, 2,000 оюутны эрх ашгаас 38 хүний орон тоотой байгууллагыг дээгүүр тавьж болох уу

А.Ням-Өлзий, iKon.mn
2021 оны 4 сарын 28
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

ШУТИС-ийн хичээлийн 4-р байр буюу Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн барилгыг буулгаж, шинээр барих барилгадаа Боловсролын үнэлгээний төвийг оруулах гэж байгаа гэх асуудлыг тус сургуулийн багш, ажилчин, оюутан, төгсөгчид эсэргүүцэж эхлээд байна.

Харин Боловсролын үнэлгээний төвөөс энэ асуудлыг огт мэдээгүй, ийм зүйл яригдаагүй гэсэн бол тус сургуулийн 200 гаруй багш, 2,000 гаруй оюутан, сурагчийн ажлын байр, сурах орчныг хааш нь шилжүүлэх нь тодорхойгүй байгаа юм.

Боловсрол, шинжлэх ухааны яам болон ШУТИС-ийн удирдлагын зүгээс барилгыг шинээр барихдаа ямар байгууллагыг оруулах тухай албан ёсны шийдвэр гараагүй гэж байгаа ч Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-д барилгыг буулгах, барихтай холбоотой дулааны сүлжээний асуудалд зөвшөөрөл авахдаа Боловсролын үнэлгээний төвийн нэрийг барьжээ.

 

200 гаруй сая төгрөгөөр зураг төсөл хийлгэн, таван жил хөөцөлдсөн ажил талаар болов

Тус барилга нь 1951 онд хятад сургуулийн дотуур байраар ашиглалтад орж, 1961 оноос Монголын анхны хөнгөн үйлдвэрлэлийн салбар сургууль энэ байранд хичээллэж эхэлж. Улмаар 1998 он хүртэл ШУТИС-ийн дотуур байраар ажиглаж байгаад түүнээс хойш Үйлдвэрлэлийн технологийн сургууль энд байрлаж байна. Тус сургууль нь

  • Биотехнологи, шим тэжээл,
  • Дизайн,
  • Хөнгөн үйлдвэрлэлийн технологи, инженерчлэл,
  • Хүнсний инженерчлэл гэсэн салбаруудтай.

Гэвч цар тахлаас шалтгаалан боловсролын бусад байгууллагын нэгэн адил сүүлийн хоёр жил орчим хичээл орсонгүй. Харин энэ хугацааг ашиглан сургуулийн барилгын газрыг авах санаархал хэрэгжиж эхэлжээ.

Тус сургуулийн барилгын ашиглалтын хугацаа хэтэрч, цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй гэдгийг 2017 онд мэргэжлийн хяналтын байгууллага дүгнэсэн. Гэхдээ энэ дүгнэлтийг сургуулийн багш, ажилчид өөрсдөө хөөцөлдөж байж гаргуулсан юм. Учир нь 2016 оноос Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн багш, ажилчид сургуулийн барилгаа шинэчлэх боломжийг эрэлхийлж, холбогдох газруудад хандаж эхэлсэн байна. Ийнхүү хөөцөлдсөний ачаар мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт гарч, ШУТИС-ийн удирдлагын шийдвэрээр шинэ барилгын зураг төслийн ажлыг эхлүүлжээ. Ингэхдээ сургууль одоогийн суурин дээрээ 8 давхар барилга бүхий Технологи инновацын төв байгуулах зураг төслийг 266 сая төгрөгөөр хийсэн аж. Уг зураг төслөөр Технологи инновацын төв нь хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлийн сургалт, судалгаа, лабораторийн цогцолбор байхаар тооцоолсон байна.

Энэхүү зураг төслийг сургуулийн багш, удирдлагууд толгой мэдэн хөрөнгө гаргаж хийлгэсэнгүй. Тэд холбогдох яам, агентлаг, ШУТИС-ийн удирдлагууд гээд 10 гаруй газарт 24 удаа албан бичиг явуулж, араас нь нэхэл тавьсаар зөвшөөрөл авсан. Өөрөөр хэлбэл, шаардлагатай бүх газраас зөвшөөрөл авсны үндсэн дээр хөрөнгө гарган зураг төсөл хийлгэсэн гэсэн үг.

Ингээд зураг төсөл бэлэн болсон ч төсөвгүй учир санхүүжилт хүлээж эхлэв.

Энэ хугацаанд 2018 оноос хойш салбарын сайдын алба хашсан Г.Чулуунбаатар, Ц.Цогзолмаа, Ё.Баатарбилэг, Л.Цэдэвсүрэн нарт удаа дараа хандаж, төсөвт дэмжлэг үзүүлэхийг хүссэн ч яамны зүгээс ямар нэгэн шийд гаргалгүй өнөөдрийг хүрсэн байна.

Удирдах зөвлөлийн дарга нь сургуулийнхаа эсрэг үйл ажиллагаа явуулж болох уу

Энэ оны гуравдугаар сарын 15-нд БШУ-ы сайд Л.Энх-Амгалан Үйлдвэрлэлийн технологийн сургууль эрсдэлтэй байранд үйл ажиллагаа явуулж байгаа учир ШУТИС-ийн Удирдах зөвлөл арга хэмжээ ав гэдэг албан бичиг хүргүүлсэн байна.

Энэ дагуу БШУ-ы дэд сайд, ШУТИС-ийн Удирдах зөвлөлийн дарга Г.Ганбаяр ШУТИС-ийн өмч хамгаалах комисс, захирлын зөвлөлийн хурлын шийдвэр, ажлын хэсгийн санал, УЗ-ийн бусад гишүүдийн саналыг үл харгалзан ШУТИС-ийн хичээлийн IV байрыг нурааж газар чөлөөлөх шийдвэр гаргасныг тус сургуулийн багш, ажилчид хэлж байна. Өөрөөр хэлбэл, УЗ-ийн дарга нь сургууль, багш, оюутнуудынхаа эрх ашгийн эсрэг шийдвэр гаргаж.

Уг асуудлаар ҮТС-ийн багш нар ШУТИС-ийн удирдлагуудтай уулзаж, тайлбар өгөхийг удаа дараа шаардаж байгаа ч “зугтаасаар” байгаа аж.

Мөн Төрийн нарийн бичгийн дарга Д.Батбаатар тус сургуулийг Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн нэг байранд төлбөргүйгээр байрлуулах ашиглалтын гэрээг хүргүүлжээ. Гэрээнд ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийг 2021 оны гуравдугаар сарын 15-наас 2022 оны наймдугаар сарын 31-н хүртэл хугацаанд Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн харьяа байранд байрлуулна гэж заасан. Харин Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургууль тэднийг байрлуулахгүй гэдгээ албан бусаар мэдэгдсэн байна. 

Яамны зүгээс хуучнаар Хүнсний 1-р дэлгүүрийн орчимд байрлах ҮТС-ийн салбар сургуулийнх нь хажууд шинэ байр барих асуудлыг албан бусаар ярилцаж байгаа ч тэнд өндөр барилга барих боломжгүй гэдэг дүгнэлтийг өмнө нь мэргэжлийн байгууллагууд гаргажээ. Ийнхүү Монголд хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг цорын ганц сургуулийн багш, оюутнууд "орох орон"-гүй болчихоод байна.  

Өөрсдийнх нь гаргуулсан дүгнэлтийг ашиглав

Төрийн өмчийн зургаан их сургуулийн нэгний харьяа ҮТС-ийн багш, оюутнууд хөсөр хаягдахгүй нь ойлгомжтой. Тэднийг аль нэг сургуулийн байранд “чихээд” ч болтугай багтаана. Гэвч шинэ байртай болохоор сүүлийн таван жил шаргуу хөөцөлдсөн тус сургуулийн багш, удирдлагууд үүнд гомдолтой байна.

Тэдний өөрсдийнх нь мэргэжлийн хяналтын байгууллагаар гаргуулсан “барилгыг цаашид ашиглах боломжгүй” гэдэг дүгнэлтээр бамбай хийж, “Та нарын удаа дараа гаргасан хүсэлтээр хуучин барилгыг нурааж байна” хэмээн амыг нь таглаж байгааг ёс зүйгүй үйлдэл гэж үзэж буйгаа багш нарын төлөөлөл дурдсан.

Элэгдэж, хуучирсан барилгыг нурааж шинэ байртай болох хүсэлтийг сургуулийнхан өөрсдөө гаргасан ч таван жилийн турш үүнийг нь холбогдох байгууллагууд тоогоогүй. Харин гэнэт хөл хориог ашиглан сургуулийг нь нураан буйран дээр нь шинэ барилга барьж, түүнийгээ өөр байгууллагад ашиглуулах гэж байгааг тэд эсэргүүцэж байгаа юм.

Яамны зүгээс гэнэт тус сургуулийн барилгын асуудалд анхаарч эхэлснийг хотын төвийн А бүсэд хамаарах газартай нь холбоотой гэж хардаж байгаагаа сургуулийн төлөөлөл хэлсэн. Магадгүй 200 гаруй багш, 2,000 гаруй оюутны сургуулийг буулгаж, шинээр барих барилгадаа 38 хүний орон тоотой Боловсролын үнэлгээний төвийг оруулах тухай мэдээлэл хардах өнцөг гарцаагүй мөн.

БШУ-ы сайд Л.Энх-Амгалан ажлаа авсныхаа дараахан “Газраасаа зарсан төрийн өмчийн сургуулиудын захирлыг шууд хална” хэмээн мэдэгдэж байсан. Тэгвэл сайд өөрөө сургуулийн газрыг булаасан шийдвэр гаргаж байгаа нь хариуцлага хүлээх асуудал мөн үү.