Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/25-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн шинэ давлагаа - EV

ikon.mn
2021 оны 3 сарын 25
Сурталчилгаа
Зураг зураг

Та өөрчлөлтөд дасан зохицохдоо хэр сайн бэ? Аливаа шинэ зүйлийг зоригтойгоор шууд туршиж үздэг үү, эсвэл ажиглаж байгаад хүн бүр туршиж үзсэний дараа л итгэл хүлээлгэдэг хашир нэгэн үү? Ямартай ч, эхний алхмыг хийгч, сониуч, өөрчлөлт шинэчлэлд үргэлж нээлттэй ханддаг хэсэг бүлэг хүмүүсийн ачаар цагтаа инноваци байсан зүйлс одоогийн бидний амьдралын хэвийн нэг хэсэг болоод байгаа билээ. Сүүлийн жилүүдэд эрчээ аваад байгаа байгаль орчинд төдийгүй таны хэтэвчинд ч ээлтэй нэгэн шинэ чиг хандлага бол 100% цахилгаан хөдөлгүүртэй автомашин юм. 2008 онд гарсан Теслагийн Рөүдстер загвараар энэхүү давлагаа эхэлж, одоогоор дэлхийд Хятад, Европ, АНУ-ын үйлдвэрүүдийн цахилгаан автомашинууд олон улсын зах зээл дээр албан ёсоор худалдаалагдаж, хэрэглэгчид, сонирхогчид болон борлуулалтын тоо жил ирэх тусам хурдацтай өссөөр байна.

 

Шатахууны хорт утаа байгаль орчинд ихээхэн хор хөнөөлтэй байгаа нь дэлхий нийтийг хамраад буй томоохон асуудлуудын нэг бөгөөд байгаль орчноо хайрлан хамгаалах тогтвортой хөгжлийн зорилтынхоо хүрээнд улс гүрнүүдийн засгийн газар ч цахилгаан автомашины хэрэглээг төрийн бодлогоороо дэмжин, төрөл бүрийн автомашины татвараас чөлөөлөгдөх, үнэ төлбөргүй зогсоол ашиглах, нийтийн тээврийн эгнээгээр зорчих, төрөөс мөнгөн урамшуулал авах зэрэг давуу эрхүүдийг олгож байна. Үүнээс гадна цахилгаан автомашин эзэмшигчид шатахууны зардал хэмнэхийн зэрэгцээ цахилгаан автомашин энгийн автомашинаас 50% цөөн эд ангиас бүрдэж, тогтмол хийх үйлчилгээ засвар 2 дахин бага шаарддаг тул урсгал зардалд ч маш хэмнэлттэй байдаг ажээ.Тав тухтай амьдрах орчин, тааламжтай нийгмийн бодлогоороо үргэлж тэргүүнд явж байдаг Скандинавын орнууд ногоон хэрэглээгээрээ ч дэлхийд тэргүүлж, цахилгаан автомашины худалдан авалт эрс өссөн. 2019 оны судалгаагаар Норвеги улсын тухайн жилийн нийт автомашины борлуулалтын 56%-ийг цахилгаан автомашин эзэлсэн дүнгээр нэгдүгээрт жагсаж, араас нь Ирланд, Нидерланд улсууд 25.5%, 15%-ийг тус тус эзлэн, инновацилаг, шинэ боломжийг эрэлхийлэгч ард түмэн болохоо нотлон харуулсан юм. Хятад улсын хувьд цахилгаан автомашины борлуулалтын тоогоороо дэлхийд нэгдүгээрт жагсдаг ба 2019 онд 2.3 сая цахилгаан автомашин борлуулсан нь дэлхийн нийт цахилгаан автомашины 45%-ийг эзлэх өндөр дүн юм. Түүний дараагаар Европ 1.2 сая, АНУ 1.1 сая цахилгаан автомашин борлуулснаар эхний гуравт багтаж байна.

 

Харин манай орны хувьд 2017 оноос цахилгаан машины байгаль орчинд болон эдийн засагт үзүүлэх эерэг нөлөөг таньж төрийн бодлогоор дэмжиж эхлээд байгаа билээ. Та анзаарсан бол гадуур цөөн харагддаг ногоон дугаартай автомашинууд бол цахилгаан автомашинууд бөгөөд тэдгээр автомашин эзэмшигчдийг дугаарын хязгаарлалт болон зам ашигласны төлбөрөөс бүрэн чөлөөлж, мөн татварын хөнгөлөлт олгож байна. Одоогийн байдлаар нийт 400 гаруй цахилгаан автомашин Улаанбаатар хотод явж байгаа бөгөөд Монголчуудын амьдралын хэв маягт нийцэх, хөдөө орон нутгийн бартаат замд тэсвэртэй, суурин болон зөөврийн цэнэглэгч дагалддаг цахилгаан автомашинууд албан ёсны эрхтэйгээр импортлогдож, шаардлагатай засвар үйлчилгээг 100% Монголдоо хийлгэх боломжоор хангаж байгаа нь ойрын жилүүдэд Монгол улсын цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэхэд ихээхэн дэмжлэг үзүүлэх хандлагатай байна. Байгаль орчиндоо ээлтэй, хэтэвчинд хэмнэлттэй, удаан ашиглах тусам хэмнэлт нь үржигдэх, автомашины шинэлэг шийдэл цахилгаан автомашиныг та ч бас өөрийн хэрэглээгээ болгох ойрын 2-3 жилийн төлөвлөгөөндөө заавал тусгаарай.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.