Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/25-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Одсүрэн: Нийслэлийн төсөвт нийтийн тээврийн шинэчлэлд нэг ч төгрөг тусгаагүй

Г.Өлзийхутаг, iKon.mn
2021 оны 3 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Улаанбаатар хотын нийтийн тээврийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар нийслэлийн Засаг даргын Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэнтэй ярилцлаа.

-Өнөөдрийн байдлаар нийтийн тээвэрт яг хэчнээн автобус үйлчилж байгаа болон нийслэлийн зүгээс нийтийн тээврийг хөгжүүлэхэд хэр анхаарлаа хандуулж буй талаар ярилцлагаа эхэлье.

- Одоогоор Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд нийслэлийн харьяаны хоёр байгууллага, 18 аж ахуйн нэгж нийтдээ 960 автобусаар 97 чиглэлд үйлчилгээ үзүүлж байна.

Үүнээс 170 орчим нь “Эрдэм транс” ХХК-ийнх бол 110 нь “Тэнүүн огоо” ХХК-ийн автобусууд юм. Мөн 50, 30 болон 3-4 автобустай ч хувийн аж ахуйн нэгж бий.

Нийслэлийн зүгээс дээрх нэгтгэлүүдийг шинэ зохион байгуулалтад оруулахаар ажлын хэсэг гарган ажиллуулж байгаа.

Учир нь 100 гаруй автобустай аж ахуйн нэгжүүдтэй ажиллахад мэдээллийн урсгал, чанар, стандартаас эхлээд удирдлагын хүрээнд тарагдмал байдалтай байна. Тиймээс шинэ бодлого баримталж буй.

-Дээрх автобуснуудын дийлэнх нь насжилт өндөртэй. 2020 онд гэхэд ашиглалтаас нэг мөсөн хасагдахаар болсон цөөн тооны автобус байсан санагдаж байна. Яг одоо үйлчилж буй автобусууд дунд хамгийн хуучин нь яг хэдэн жилийн насжилттай байна вэ?

- Улаанбаатар хотын нийтийн тээвэрт хамгийн сүүлд 10 гаруй жилийн өмнө 400 гаруй автобусыг нэвтрүүлж, шинэчлэл хийсэн байдаг.

Яг өнөөдрийн байдлаар үйлчилгээнд явж буй автобусуудын 70-90 орчим хувь нь хуучирсан, насжилт өндөртэй.

Тодруулбал,

  • 45 хувь нь 8-10 жил,
  • 42 хувь нь 11-12 жил,
  • 8 хувь нь 4-6 жил,
  • 5 хувь нь 1-2 жилийн насжилттай байгаа юм.

Манай улсын хувьд автобусыг нийтийн тээвэрт хамгийн дээд тал нь 12 жил ашиглаад жагсаалтаас хасах МNS:5012 стандартыг мөрддөг.

Уг нь олон улсын жишгээр дээд тал нь зургаан жилийн насжилттай автобусыг нийтийн тээврийн үйлчилгээндээ ашигладаг. Өөрөөр хэлбэл, зургаан жил ашиглаад долоо дахь жилээс нь насжилт өндөр болсон гэж үзэн нийтийн тээврийн үйлчилгээнд явахыг нь хориглож, шинийг нэвтрүүлэх бодлого барьдаг.

Харин Монгол Улс санхүүгийн боломж тааруугийн зэрэгцээ үйлдвэрлэгч орон биш учраас нийтийн тээврийн насжилтын дээд хугацааг 12 жилээр тогтоосон юм.

Нэг талаараа, нийтийн тээврийн хөгжилд манай улсын насжилтын стандарт саад болдог гэж ойлгож болно.

-Парк шинэчлэлийн асуудал хотын өмнөх удирдлагуудын үеэс л яригдаж эхэлсэн. Одоогоор нийтийн тээврийн парк шинэчлэлийн асуудал яг аль шатандаа яваа бол?

-Нийтийн тээврийн парк шинэчлэлт нь нийслэл төдийгүй Засгийн газрын хүрээнд яригдаж буй. Энэ үнэхээр манай улсад нэн түрүүнд ярих цаг нь болсон асуудал.

Мөн Улаанбаатар хотод замын түгжрэл ноцтой хэмжээнд хүрсэн тул нийслэлийн зүгээс нийтийн тээвэрт реформ хийх шаардлагатай гэсэн байр суурьтай байгаа. Энэ хүрээнд бид цогц арга хэмжээ хэрэгжүүлнэ.

Ингэхдээ хамгийн эхэнд, маршрут төлөвлөлт дээр томоохон ажлууд хийгдэх ёстой гэж үзэж байгаа. Учир нь автобусуудад өнөөдөр чиглэлийн давхцал нэлээд бий болсон.

Үүний улмаас иргэдийн зарим нь өөрийн зорчих чиглэлийн автобусаа удаан хугацаагаар хүлээх асуудал тулгардаг.

Түүнээс гадна, иргэдийн ихэнх нь зөвхөн ажилдаа явах чиглэлийнхээ автобусыг л мэддэг. Энэ бол нийтийн тээврийн маршрут хэт замбараагүй байдалтайг илэрхийлж буй хэрэг. Дээрээс нь хот тэлэхийн хэрээр нийтийн тээврийн хүртээмжгүй байдал асуудал болж байна.

Өнгөрсөн арав гаруй жилийн хугацаанд нийтийн тээвэрт огт шинэчлэл хийгдээгүй. Тиймдээ ч сүүлийн таван жилийн дотор нийтийн тээврээр үйлчлүүлэгчдийн тоо хоёр дахин багассан.

Нийтийн тээвэр огт хөгжихгүй байгаа учраас л хүмүүс хувийн автомашинтай байхыг илүүд үзэж, тэр хэрээр хотод түгжрэл бий болж байгаа. Тиймээс бодлогын хүрээнд нийтийн тээвэрт заавал реформ хийж, шинэчлэх шаардлага тулгарч байгаа юм.

-Шулуухан хэлэхэд, үе үеийн дарга нар нийтийн тээврийг шинэчлэх тухай ярьсаар л байдаг. Та ч бас бодлогын хүрээнд шинэчлэх шаардлагатай гэлээ. Тэгвэл одоогийн хотын удирдлага нийтийн тээврийн шинэчлэлд яг ямар бодлого баримталж байгаагаа тодруулж өгөхгүй юу?

-Нийслэлийн зүгээс нийтийн тээврийг иргэдэд тав тухтай, чиглэл нь ойлгомжтой нийтийн тээврийг бий болгохоос гадна автобусуудын зогсоолыг Wifi-тай, цэвэрхэн, тав тухтай болгож орчныг сайжруулах ёстой гэсэн бодлого барьж буй.

Ялангуяа эцсийн буудлуудыг дулаахан, үйлчилгээний цэгүүд нь эмх цэгцтэй байхаар орчин үеийн нийтийн тээврийг бий болгох зайлшгүй шаардлагатай тул иж бүрэн цогц шинэчлэлийг ярьж байгаа юм.

Түүнээс гадна, зорчилт хөдөлгөөнийг хийхэд саад болохгүй байдлаар иргэдэд тав тухтай байдлаар шийдвэрлэх нь чухал.

Гэтэл ямар ч зорчилт хөдөлгөөн явган алхахаас эхэлдэг. Гэтэл манайд маш олон хашаатай учраас иргэд нэг цэгээс нөгөө цэг хүрэхэд маш их тойрч алхдаг хүндрэл олон бий. Тиймээс явган хүний замыг шинэчлэх, явган хүний замын хааж барьсан хашаануудыг буулгахаас эхлээд олон ажил хүлээлттэй байгаа.

Энэ болгон дээр шинэчлэлийн асуудал яригдана.

-Зарим хуучин автобус эхнээсээ шатсан тохиолдол ч цөөнгүй гарсан. Энэ мэт автобусаа яг хэзээ өөрчлөх вэ. Хэрвээ ойрын хугацаанд өөрчлөхөөр төлөвлөж байгаа бол аль улсын автобусыг илүүд үзэх вэ?

- Нийтийн тээврийн автобусны парк шинэчлэлийн асуудал өндөр хүлээлттэй байгаа. Гэхдээ автобусны парк шинэчлэл хийх хугацааг өнөөдөр тодорхой хэлэх боломжгүй. Учир нь энэ зөвхөн автобус солих асуудал биш болчхоод байгааг ойлгох хэрэгтэй.

Автобусны парк шинэчлэл нь өөрөө маш олон асуудалтай холбоотой.

Тиймээс байгальд ээлтэй цахилгаан автобусыг хэрэглэх үү эсвэл газ, дизель автобусаар парк шинэчлэх үү гэдэг дээр судалгаа хийгдэж байна.

Бид өнөөдрийг хүртэл хойд хормойноосоо аваад урд хормойгоо нөхнө гэдэг шиг цөөн хэдэн автобус аваад аргацаах гэж оролдож ирсэн нь одоо эцэс болчихсон. Тиймээс нийтийн тээврийн парк шинэчлэлийг бүтнээр нь хийх шаардлагатай үе ирчихсэн хүнд нөхцөлд байна.

Ийм үед хамгийн түрүүнд томоохон үйлдвэрүүдийг стратегийн түншлэлээ болгох шаардлагатай гэж үзэж байна.

Парк шинэчлэл гэдэг бол дан ганц автобус худалдаж авах асуудал огтоос биш. Оруулж ирээд үйлчилгээнд нэвтрүүлсэн хойноо тухайн автобусанд цаашид гарах эвдрэл гэмтлийг засварлах зэрэг олон асуудал бий.

Өнөөдөр үйлчилгээнд явж буй автобус үнэхээр эрээвэр хураавар, хэд хэдэн улсын олон төрлийн үйлдвэрийн автобус байгаа.

Гэхдээ парк шинэчлэлтээр шинэ автобус оруулж ирэхээр бол БНСУ-д үйлдвэрлэсэн нь илүү гэж үзэж байгаа ч судалгаа дуусаагүйг тодотгон хэлье.

Түүнээс гадна, парк шинэчлэлийн хувьд автобусны төрөл заавал яригдана. Бид цаашид багтаамж ихтэй, давхар автобусыг холын дүүргүүд рүү үйлчилгээнд явуулж, хүн цөөтэй захын шугамдаа арай жижиг автобусуудыг явуулах зэргээр тооцоолол хийж байна.

Энэ нь өөрөө маршруттайгаа шууд уялдах учраас томоохон хэмжээний судалгаа болж байгаа юм.

Энэ судалгаа дууссаны дараа Зам тээвэр, хөгжлийн яам, Сангийн яамтай хамтран худалдан авалтын зарчмаар нийтийн тээвэрт парк шинэчлэх эсэх нь тодорхой болно.

-Бодлогын хүрээнд одоо хийгдэж байгаа судалгаануудынхаа чиглэл, урьдчилсан тооцооллоос товч мэдээлэл өгөхгүй юу?

-Нийтийн тээврийн шинэчлэлд 2020 оны арванхоёрдугаар сараас эхлээд дөрвөн төрлийн судалгаа хийж байна.

Нэн тэргүүнд, зогсоолын хүртээмжийн асуудал яригдана. Тодруулбал хотын иргэд автобусны буудал орохдоо 400-500 метрээс хэтрэхгүй байлгах ёстой гэсэн зарчим дээр суурилж, аль дүүрэг, хорооны иргэд автобусны буудлаасаа алслагдмал байгааг судалж, нийтийн тээвэр үйлчлэх маршрутыг төлөвлөх юм.

Хоёрдугаарт, зогсоол хоорондох зай  хол эсвэл хэт ойр байгаа асуудал. Судалгааны явцад шинээр 290 орчим зогсоол байгуулах шаардлагатай гэсэн урьдчилсан тооцоолол гарсан.

Түүнээс гадна, нийслэлийн гол гудамжууд болон Энхтайваны өргөн чөлөө болон Яармагаас Долоон буудал хүрэх босоо чиглэлийн замуудын хөдөлгөөний ачаалал маш өндөр байна.

Тиймээс тухайн замуудад иргэдийг олноор хурдтай тээвэрлэх, шинэ тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх шаардлага үүссэн гэж хэлж болно. Иймд Азийн хөгжлийн банктай хамтран тээврийн хэрэгслийн шинэ төсөл хөтөлбөр хэрэгжүүлж эхлэхээр ажиллаж байна.

Ингэснээр хотын иргэдэд хурдтайгаар нэг цэгээс нөгөө цэг рүү зорчих хөдөлгөөн хийх суурь нөхцөл бүрдэнэ. Ингэхдээ мэдээж иргэдийн санал асуулга, нийтийн сонсголын ажлууд хийгдэнэ гэдгийг хэлье.

-2021 оны төсөвт нийтийн тээврийн шинэчлэлд хэчнээн төгрөгийн төсөв суусан бэ?

-Энэ оны нийслэлийн төсөвт нийтийн тээврийн шинэчлэлд нэг ч төгрөг тусгаагүй. Коронавируст халдварын улмаас энэ онд нийслэлийн төсөв 35 хувиар тасарсан байгааг хэлэх хэрэгтэй. Тиймээс төсвийн хөрөнгө оруулалтын бүх ажлууд хасагдсан.

Төсөвтэй холбоотой олон том хүндрэл үүсэж байгаа бөгөөд нийслэлд хийгдэх байсан томоохон ажлууд дараа жил рүү шилжсэн нөхцөл байдалтай байна.

Дэлхий нийтийн хамарсан цар тахлын хүндрэлтэй нөхцөл байдал манай хотыг ч тойрч өнгөрсөнгүй гэдгийг иргэд ч ойлгоно гэж бодож байна. Төсвийн хувьд парк шинэчлэлийн төсөв мөнгө байхгүй, тасарсан.

Гэхдээ бид хуулийн хүрээнд хөрөнгө оруулалт татах, нийтийн тээвэрт богино хугацаанд парк шинэчлэл хийхээр ажиллаж байна. Ажил нэлээд урагштай байгаа.

- 2020 онд олон төрөлт нийтийн тээврийг бий болгох асуудал яригдаж байсан. Тэгвэл коронавирусийн улмаас нийслэлд Дүүжин тээвэр нэвтрүүлэх төсөл ч зогсонги байдалд орсон гэж ойлгож болох уу?

- Бид одоогоор Азийн хөгжлийн банктай хамтран нийтийн тээврийг хөгжүүлэх техник эдийн засгийн үндэслэлийн талаар ярьж байна.

Тодруулбал, тусгай замын автобус, метро, дүүжин тээвэр зэрэг аль нь манай хотын хувьд үр өгөөжтэй, тохиромжтой эсэхэд судалгааны ажил удахгүй эхэлнэ. Үүнд автобусны зогсоол зэргээс эхлээд бид авто замыг нийтийн тээвэрт тохиромжтой байдлаар шинэчлэх төлөвлөлтүүд гарч байгаа.

Харин Агаарын дүүжин тээврийн хувьд өнгөрсөн оноос Францын компанийн мэргэжилтнүүд ирж, ТЭЗҮ болон бусад тооцоолол дээр ажиллах ёстой байсан ч COVID-19-тэй холбоотойгоор инженерүүд нь орж ирж чадаагүй тул бас л хойшилсон.

-2020 оны наймдугаар сарын 31-ны өдөр Дүүжин тээврийн төслийн урьдчилгаа төлбөр гэж хоёр компани руу нийт 22.2 тэрбум төгрөгийн урьдчилгаа төлбөр шилжүүлсэн тухай шилэн дансны мэдээлэлд орсон байсан. Яг тэрхүү урьдчилгаа төлбөрийн хүрээнд ямар ажлууд хийгдсэн бэ. Хэрвээ цар тахлын улмаас хийгдэх ёстой ажлууд хойшлогдсон бол урьдчилгаа төлбөрийн хүрээнд ямар ажил хийгдэх ёстой байсан талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Нийслэлийн зүгээс тийм мөнгө шилжүүлээгүй. Дүүжин тээврийн хувьд хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Засгийн газраас гэрээ хэлэлцээрийг нь хийсэн.

Дүүжин тээвэр нь өөрөө зээлийн хүрээнд баригдана. Тиймээс мөнгө шилжүүлсэн асуудал байхгүй. Харин зээлийн хүрээнд л гарын үсэг зурсан. Тэр төсвөөс огт гараагүй мөнгө гэж ойлгож болно.

Зээлийн хэлэлцээрийн дагуу Сангийн яам дээр л бичилт нь хийгдсэн байх. Нийслэлийн төсвөөс бол тийм мөнгө шилжүүлээгүй.

-Шилэн данс дээр шилжүүлсэн тохиолдолд бичилт нь хийгддэггүй хэрэг үү?

-Миний ойлгож байгаагаар энэ бол зөвхөн зээлийн бичилтийн л асуудал байх. Тэрнээс нийслэлийн төсвөөс гараагүй. Дансны бичилт л хийгдсэн байх.

Нийслэлд хамааралтай учраас нийслэлийн данс дээр бичигдэж байгаа. Сангийн яам, засгийн газар хооронд хийсэн хэлэлцээрийн дагуу  шилжүүлэг хийгдсэн нь нийслэлийн данс дээр бичигдсэн харагдаж байгаа. Тиймээс сангийн яамнаас тодруулах хэрэгтэй байх.

-Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа гэж хүртэл байгуулагдсан. Тус байгууллага яг ямар чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг юм бэ?

-Дүүжин тээвэр нь хоёр чиглэлд хийгдэнэ. Эхний шугам буюу Баянхошуунаас 3,4 дүгээр хорооллын эцэс хүртэл баригдах дүүжин тээврийн трасс нь тавигдсан. Гэхдээ үүнд нарийвчилсан судалгааны ажил хийгдэж байгаа.

Дүүжин тээвэр нь түгжрэлийн асуудлыг бүрэн шийдэхгүй гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй. Гэхдээ тухайн бүс нутгийн олон төрөлт тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх нэг л арга хэмжээ гэдгийг хэлье.

-Ярилцсанд баярлалаа.