Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/12-НД НИЙТЛЭГДСЭН

Хандив, тусламж ирсэн ч манай улс төлөвлөсөн 4 сая тун вакцинаа худалдан авна

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 3 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Коронавирусийн эсрэг вакцинжуулалт эхэлснээс  17 хоногийн хугацаанд 71,144 иргэнийг дархлаажуулалтад хамруулаад байна.

Манай улс нийт хоёр сая гаруй иргэнээ вакцинд хамруулна. Энэ тооны хүнийг дархлаажуулалтад бүрэн хамруулахад шаардлагатай дөрвөн сая тун вакцин худалдаж авахад зориулж 226 орчим тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлснийг Засгийн газраас мэдэгдсэн.

Засгийн газрын худалдан авалтаас түрүүлж хандив, тусламжийн вакцин манай улсад ирсээр буй. БНЭУ-аас AstraZeneca 150 мянган тун, БНХАУ-аас Синофарм 300 мянган тун тусламжаар, мөн тус улсаас БХЯ-нд 100 мянган тун ирүүлсэн. Үүнээс гадна Япон улсаас 1.3 сая хүнд шаардлагатай вакцин хандивлахаа мэдэгдээд байгаа.

Түүнчлэн өнөөдөр буюу гуравдугаар сарын 12-нд Олон улсын вакцин хангамжийн COVAX хөтөлбөрийн хүрээнд манай улсад олгогдох вакцины эхний хэсгийг хүлээн авах гэж байна. Тус хөтөлбөрийн хүрээнд бага орлоготой орнуудын нийт хүн амын 20 хүртэл хувийг үнэ төлбөргүй вакцинжуулах юм. ГХЯ-наас мэдээлснээр COVAX хөтөлбөрөөс манай улсад эхний шатны хуваарилалтаар 130 мянган гаруй тун вакцин өгөхөөр төлөвлөснөөс өнөөдөр 14,400 тунг хүлээлгэн өгнө.     

Харин Засгийн газар ОХУ-аас 10 мянган тун Спутник вакцин худалдан авсан.

Үүнээс дүгнэхэд манай улс шаардлагатай вакциныхаа дийлэнх хувийг хандив, тусламжаар бүрдүүлэх боломж харагдаж буй. Гэвч хандив, тусламжтай холбоотойгоор вакцин худалдан авахаар төлөвлөсөн төсвийг өөр зүйлд зарцуулах вий гэдэг хардлага олон нийтийн дунд үүсээд байгаа.

Тэгвэл 226 тэрбум төгрөгийг зориулалт ёсоор вакцин худалдан авахад зарцуулна гэдгийг албаны эх сурвалж хэллээ.

Хандив, тусламжаар өгөхөөр амласан вакцины тоо хангалттай хэдий ч Монгол Улсад оруулж ирэх хугацаа тодорхойгүй байгаа аж. Мөн хоёр тунгаар вакцин хийлгэсэн ч ямар хугацаатай дархлал тогтох нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, иргэдийг дахин вакцинд хамруулахгүй гэх баталгаа байхгүй тул төлөвлөсөн ёсоор дөрвөн сая тун вакцин худалдан авах юм байна.

УОК-оос гурав болон дөрөвдүгээр сард нийслэлийн насанд хүрсэн иргэдийг бүгдийг нь дархлаажуулж дуусгана хэмээн мэдэгдсэн билээ.