Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/12-НД НИЙТЛЭГДСЭН

Газар хөдлөлтийг мэдээлэх дуут дохиоллын систем хэвийн ажиллаж байгаа. Өнөөдрийн тохиолдол дуугарах түвшинд хүрээгүй

Б.Даваабазар, iKon.mn
2021 оны 1 сарын 12
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг MPA.mn

Хүчтэй газар хөдлөлтийг богино хугацаанд  сануулах боломж хэр байсан талаар ШУА-ийн одон орон, геофизикийн хүрээлэнгийн захирал С.Дэмбэрэл тайлбарлалаа. 

Хүчтэй газар хөдлөлтийг урьдчилж, богино хугацаанд таамаглах нь дэлхийн эрдэмтэн судлаачдын анхаарлын төвд байдаг асуудал. Өнөөдөр дэлхийн ямар ч эрдэмтэн судлаач, ямар ч эрдэм шинжилгээний байгууллага хүчтэй газар хөдлөлтийг урьдчилж таамаглаад хэлэх түвшинд хүрээгүй. Харин болчихсон хүчтэй газар хөдлөлтийн аюулыг амжиж анхааруулах олон улсын технологийг зөвшөөрсөн арга бий гэдгийг тэрбээр онцлов. 

Мөн "Улаанбаатар хотод хүчтэй газар хөдлөлтийг амжиж анхааруулах систем байгуулсан ба тэр нь ажиллаж байгаа. Хэрэв Улаанбаатар хотод аюул болох хэмжээний газар хөдлөлт болохоор бол хотын ойролцоо оршдог гурван голомтоос систем автоматаар ажиллан дуут дохио өгдөг. Тодруулбал,

  • Дундговь аймгийн Дэрэн, Дэлгэрцогтын зааг дээр оршдог Дэрэнгийн газар хөдлөлтийн идэвхтэй хагарал
  • Булган аймгийн Могод сумын газар хөдлөлтийн идэвхтэй хагарал
  • Сэлэнгийн Бүтээлийн нурууны газар хөдлөлтийн голомт

Дуут дохиоллын системийг бид газар хөдлөлтийн аюулын эрсдэлийг бууруулах сургалтын үеэр ашигласан. 2020 онд амжиж анхааруулах систем хэр зөв ажиллаж байгааг Одон орон геофизикийн хүрээлэнгийн судлаачид ОБЕГ-тай хамтран шалгасан. Өөрөөр хэлбэл систем хэвийн ажиллаж байгаа.

Өнөөдрийн тохиолдолд дуут дохиоллын систем дуугарах түвшиндээ хүрээгүй учраас дуугараагүй.

Ногоон, шар, улаан түвшинтэй. Улаан нь барилга байгууламж нурах хэмжээнд хүрвэл анхааруулах систем ажилладаг. Урьдчилан таамаглах чиглэлээр бид олон улсын эрдэмтэдтэй хамтраад хийх гэж оролдож байгаа. Газар хөдлөлтийг хэзээ нэгэн цагт эрдэмтэн судлаачид хэлж чаддаг болно. Одоохондоо тийм түвшинд хүрээгүй байна” гэлээ.

ВИДЕО: 

https://www.facebook.com/588990477781350/videos/124063216204868