Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/10-НД НИЙТЛЭГДСЭН

"39 компанийн гадаад хөрөнгө оруулагчийг хилээр оруулж ирэхийг шаардаж байна"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 11 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

“Хятад ажилчид нууцаар орж ирж байна” гэсэн ташаа мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархаж, Засгийн газраас гадаад ажилтнуудыг нэмэлтээр оруулж ирэхийг хориглосонтой холбоотойгоор Гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын эрх ашгийг хамгаалах түр хорооноос өнөөдөр 11:00 цагт Монгол ньюс мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийлээ.

"Нэг л хүний лайваас болж гадаадын хөрөнгө оруулалттай ААН-үүдийг хохироож болохгүй"

 
Гэрэл зургийг Mpa.mn

"Ийст Говь" гадаадын хөрөнгө оруулалт, хүний нөөцийн компанийн зөвлөх н.Зоригтбаатар “Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 130,000 орчим аж ахуйн нэгжийг 5 хувь нь гадаадын хөрөнгө оруулалттай байдаг. Цар тахал дэгдсэнтэй холбоотойгоор тэдгээр компаниудын ажил зогсож, ажилчид нь цалингаа авч чадахгүй байгаа төдийгүй улсын хувьд ч олон бүтээн байгуулалтын ажлууд нь зогссон.

Өнөөдрийн хэвлэлийн хуралд оролцож байгаа гадаадын хөрөнгө оруулалттай 39 компанийн төлөөлөл 39 гадаад ажилтан, хөрөнгө оруулагчаа оруулж ирэх гэсэн ч мухардмал байдалд орчхоод байна. Тодруулбал, өнгөрсөн тавдугаар сараас хойш гадаадын хөрөнгө оруулагчдаа оруулж ирэхээр хөөцөлдөж, зардал мөнгөө гаргаад Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос холбогдох зөвшөөрлөө аваад яг оруулж ирэхэд бэлэн болсон байхад хэсэг бүлэг хүмүүсийн улстөржсөн үйлдлээс болж төр засгаас гаднаас ажилчин оруулж ирэхийг хориглочихлоо.

Засгийн газраас яг албан ёсны ийм шийдвэр гараагүй ч Монгол Улсын Шадар сайд ингэж ярьсан. Энэ байдал нь гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын эрх ашгийг ноцтой зөрчиж байна. Бид цар тахлыг оруулж ирье гээгүй. Хорио цээр, халдвар хамгааллын дэглэмийг нь баримталж, нэн шаардлагатай байгаа хүмүүсийг оруулж ирэхийг л шаардаж байна. Нэг л хүний лайваас болж аж ахуйн нэгжүүдийг хохироож болохгүй.

Бид өнөөдөр УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатарт зөвшөөрөл нь гарчихсан 39 компанийн 39 хөрөнгө оруулагч, нарийн мэргэжилтнийг БНХАУ болон бусад улсаас оруулж ирэх талаар шаардлага хүргүүлж байна.

Тэднийг оруулж ирэхгүй тохиолдолд компаниуд зарцуулсан мөнгөө буцаан нэхэмжлэх шаардлагатай" гэв.

"Хилээр орж ирэх гадаад ажилчид Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын ажиллах хүчний зөвшөөрөлтэй"

 
Гэрэл зургийг Mpa.mn

Гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын эрх ашгийг хамгаалах түр хорооны төлөөлөл "Бид тэр ажилчдаа оруулахын тулд цаг хугацаа хөрөнгө мөнгө зарцуулсан. Монгол Улсад гадаадын инженер техникийн ажилчид нэн хэрэгцээтэй байгаа. Аж ахуйн нэгжүүд байр орон сууц, газраа хүртэл банканд барьцаалан гадаадын хөрөнгө оруулагч нартай холбоо тогтоодог. Цар тахал дэгдсэнтэй холбоотойгоор гадаадын хөрөнгө оруулалттай үйл ажиллагаа бүтэн жилийн хугацаанд зогслоо.

Бид бүтэн 5, 6 сар хөөцөлдөж, арай хийж хөрөнгө оруулагчаа татдагийн даваан дээр худлаа мэдээлэл тарааж, лайв хийсэн хүмүүсээс болж чадсангүй.

БНХАУ-аас орж ирж байгаа ажилчид Хөх хотын Эрүүл мэндийн төв хороо дээр PCR шинжилгээ, Эрээн хотод ирээд дахин шинжилгээ өгсний дараа хилээр нэвтэрч, дараа нь Замын-Үүд дээр ч шинжилгээ хийлгэдэг.

Хилээр орж ирэх гадаад ажилчид тусгаарлалтын 21 хоногийн хугацаанд ХӨСҮТ-д 450,000 төгрөг тушааж гурван удаагийн PCR шинжилгээ хийлгэдэг. Тэд нэг өдрийн 120,000-240,000 төгрөгийн буудлын зардлыг төлж 21 хоногийн хугацаанд тусгаарлагддаг. Мөн бүгдээрээ элэгний В, С вирус, ДОХТэмбүүгийн шинжилгээнд хамрагдаж, эрүүл гэсэн дүгнэлтийн дагуу Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын ажиллах хүчний зөвшөөрөлтэйгөөр Монгол Улсад хөдөлмөрлөж байгаа хүмүүс.

Тэднийг хилээр орж ирэхээс эхлээд тусгаарлагдах байр хүртэл замд нь ямар нэг байдлаар зогсоож, саатуулахгүйгээр авч явах үүргийг цагдаа, алба хаагчид хянадаг. Түүнийг нь олон нийтийн сүлжээнд "Цагдаа нар хятад ажилчдыг хамгаалж, гар хөл нь боллоо" гэх мэтээр буруу мэдээлэл маш их тарж байна.

Тэдгээр алба хаагчид үнэндээ тусгаарлалт, халдвар хамгааллын дэглэмийг сахиулж, автобусанд хүн оруулахгүй, гаргахгүй байх л үүргийг хүлээж байгаа. Тухайн лайв хийж байсан хүмүүс автобус дотор оруулахыг шаардсан байсан” хэмээн ярив.