Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/10-НД НИЙТЛЭГДСЭН

"Гадаад улсын иргэдийг хаана, хэд хоног, хэний хяналт дор тусгаарлаж байгаа нь ил тод байх ёстой"

Н.Урантулга, iKon.mn
2020 оны 11 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ард түмний нэгдэл хөдөлгөөнөөс гадаадаас ажиллах хүч оруулж ирэхтэй холбоотой асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

"Иргэдийн шударга шүүх" ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт "Гадаадаас ирсэн манай улсын иргэдийг хаана, хэд хоног, ямар хяналт доор тусгаарлаж байгаагаа мэдээлж байгаа. Тэгсэн хэрнээ гадаад иргэдийг шөнийн цагаар тээвэрлэж оруулж ирээд байна. Бид гадаадын ажиллах хүчнийг оруулахгүй гээгүй. Харин гадаад улсын иргэдийг хаана, хэд хоног, хэний хяналт дор, хэдэн төгрөгийн үнэ хөлстэйгөөр тусгаарлаж байгаа нь ил тод байх ёстой.

Цагдаагийн алба хаагчаас очоод асуухад ямар хүмүүсийг хэний шийдвэрээр хаана карентилж байгаагаа хэлчихвэл бид нэг их ноцтой хэрэг хөөцөлдөж байгаа юм шиг явмааргүй байна.

Би хувьдаа Монгол Улсын төр засаг ажлаа хийж чадаж байгаа гэдэгт итгэж байна. Тийм ч учраас өнөөдөр дотооддоо халдварыг алдаагүй байгаа байх. Халдварыг дотооддоо алдаагүй нь ард иргэд төр засгийн шийдвэрийг хүлцэнгүй дагаж байгаатай бас холбоотой.

Гадаад улсын иргэд орж ирээгүй гээд байсан ч 1,000 хүн ороод ирсэн талаар баримтууд дэлгэгдээд байгаа" гэлээ.

"Эх оронч сэтгэлтэй бай. Ажиллах хүчнээ өөрсдөө сургаад ав"

Мөн тэдний зүгээс "Монголчуудыг ажилгүй, архичин хэмээн цоллодог. Хийлгэчихэе, сургачихая гэж огт оролддоггүй. Нэг барилгын ажилчин өдөрт ямар ажил хийх талаар норм байхгүй хэр нь захирал нь хийсэн юм чинь надад таалагдсангүй гээд цалингаа өгдөггүй. Ингэж залхааж ажил хийх сонирхолгүй болгоод байна. Эх оронч сэтгэлтэй бай. Ажиллах хүчнээ өөрсдөө сургаад ав" хэмээж байлаа.

Уг хэвлэлийн хурлын өмнө гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын эрх ашгийг хамгаалах түр хорооноос мэдээлэл хийсэн юм. Нэг газар дараалан болсон хоёр хэвлэлийн хурлын үеэр мэдээлэл хийсэн хүмүүсийн дунд үл ойлголцол маргаан дэгдэж байв.