Зориг сан ТББ, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран 2020-2021 оны хичээлийн жилд 60 оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлгийн батламжийг өнөөдөр гардуулж өглөө.
Энэ талаар Зориг сангийн зөвлөх С.Баяр "Энэхүү оюутны тэтгэлэг нь Монгол Улсын их дээд сургуулиудад амжилттай суралцаж байгаа ч санхүүгийн бэрхшээлийн улмаас үргэлжлүүлэн суралцахад хүндрэлтэй байгаа оюутнуудад дэмжлэг үзүүлэх гол зорилготой юм. Швейцарын хөгжлийн агентлагтай хамтарсан оюутны тэтгэлэгт хөтөлбөр нь сурлага сайтай ч амьдралын боломж тааруу оюутнуудад туслалцаа үзүүлдэгээрээ онцлогтой.
Мөн сургууль, мэргэжил үл харгалзан дотоодын их, дээд сургуулиудын хоёроос дээш курсийн үндсэн ангид 3.2-оос дээш голч дүнтэй суралцаж байгаа бүх оюутнууд өрсөлдөх боломжтой байдаг.
Түүнчлэн орон нутгийн болон Улаанбаатар хотын алслагдсан дүүргүүдээс суралцаж байгаа оюутнуудыг хамруулдгаараа онцлогтой. Тус оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн шалгаруулалт нь хоёр үе шаттай явагддаг бөгөөд эхний шатны шалгаруулалтыг тухайн оюутны өөрийнх нь ирүүлсэн материалд үндэслэн явуулдаг бол дараагийн шатны шалгаруулалтыг ганцаарчилсан ярилцлага хэлбэрээр явуулаад оюутнуудаа сонгодог.
Мөн тэтгэлэгт хамрагдсан оюутнууд хувь хүний хөгжлийг дэмжсэн сургалтуудад хамрагдахаас гадна ажлын байранд өөрийгөө бэлтгэх цогц арга хэмжээнд хамрагддаг. Нийт тэтгэлэг авсан оюутнуудын 65 хувь нь ажлын байртай болсон байна. Швейцар иргэдийн төлсөн татварын мөнгөөр тэтгэлэг олгож байгааг ойлгож, оюутнууд маань хичээгээрэй" гэлээ.
Зориг сангийн тэтгэлэг авсан СЭЗИС-ийн хоёрдугаар курсийн оюутан Б.Хатансанаа "Миний хувьд маш том боломж нээгдсэн. 10 жилийн сургуулиа төгсөөд нэг жил өнжих хугацаандаа дээд боловсрол хүн бүрд хэрэгтэй зүйл гэдгийг ойлгосон. Зориг сан болон Швейцарын хөгжлийн агентлагийн хамт олонд баярлалаа. Цаашдаа бүгдээрээ нэгдээд, олон зүйлд хамтран зүтгэцгээе" хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!