Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/06-НД НИЙТЛЭГДСЭН

Лимбэ симфони найрал хөгжимд зориулсан концерт

ikon.mn
2020 оны 11 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Хөгжмийн зохиолч Х.Алтангэрэл

Хөгжим гэдэг бүхий л урлагийн дээд оргил нь юм. Хөгжимд үг хэлний илэрхийлэл, дүрслэх зургийн мөр ч байхгүй, харин зөвхөн  мөнхийн, суу билгийн, оюун санааны гэсэн олон нууцлаг кодуудыг өөртөө агуулсан орчлонгийн асар хүчтэй эрчмийн долгион түүнд оршин байдаг. Хөгжмийн хэлийг ойлгож эзэмшинэ гэдэг нь оюун ухааны олон талт ажиллагаанд уусан нэвтрэх асар том боломжийг олгодог.

“Үнэхээр ч Х.Алтангэрэлийн хөгжим нь Монгол газар нутаг, Монгол үндэсний аялгуу эгшигтэй гүнзгий холбогдсон нь түүний дотоод эрчим, ертөнцийн эгшиг авианы долгионт хэлбэлзлийн нөлөөллийг хамаатуулах шалтгаан” мөн.

Бүтээлийн гол агуулга нь “Хүн хорвоод мэндлэн ээжийнхээ энгэрт бүүвэйн дуугаар энхрийлүүлэх хайрыг харуулах бөгөөд цэвэр ариун гэнэн цайлганаар бүгдийг сайхнаар төсөөлж өсөх явцдаа аажмаар амьдралын хар цагаантай нүүр тулан хувьсан өөрчлөгдөх асар олон өнгө будгийг таньж буйг хөгжмийн ертөнц дэх хязгааргүй боломжуудаар илэрхийлэхийг зорьжээ.

Хөгжмийн зохиолчийн төлөвшил, мэргэн сонголтыг өдөөгдсөн өнгө аясаар, бүтээлч ухамсрыг хөгжим урлах агшин бүртээ тогтвортой үндэс суурийг эрэлхийлсэн байдлаар, арга техникийн эзэмдлийг виртуоз гүйцэтгэлтэйгээ өрсөлдөх ур ухаанаар нь хөгжмийн зохиолч Х.Алтангэрэлийн баялаг авьяас чадвар нь аль хэдийнэ биелэлээ олох үе шатандаа хүрчихжээ гэдгийг онцолмоор санагдана.

Х.Алтангэрэлийн “Лимбэ найрал хөгжмийн концерт”-д аман зохиолын эшлэл байхгүй ч гэсэн эхийн бүүвэй, амьдралын баяр баясал, гэрэл гэгээ болсон Хайр гээч нь энэхүү концертын давамгайлсан эхлэл болохын зэрэгцээ  жинхэнэ монгол үндэстний хэв маяг, монгол аялгууны онцлог шинж нь олон хоолойн эгшиглэгээний арга техник, чимэглэлийн зохицол, сэдэвчилсэн бүтэц, бүүвэйн дууны аялгуутай холбогдсон гармонийн бүтэц зэрэгт тусгалаа олсон байна.

Энэ бүтээлийн гоцлол ба найрал хөгжмийн харьцаа нь илүү тэнцвэртэйгээс гадна Динамизм ба эргэцүүлэл, эгшиглэгээ ба тууль, кантилена ба токкато, хэвтээ чиглэл дэх аялгуу ба босоо чиглэлтэй гармони зэргээр тун уран чадварлаг хосолсон байна.

Концертын “Лимбэний гоцлол” хэсэгт уянгын оршил нь тал нутгийн лимбэний аялгууг найрал хөгжмийн зэмсгүүдийн дуугаралтаар, уянгын элементийг хэмнэлийн элементтэй, шугаман эгшиглэгээг контрапунктээр, диатоник гармонийг додекофониор сөргөлдүүлэн гаргасан нь сонирхол татахуйц.  

Уг бүтээлээ хөгжмийн зохиолч нэрт лимбэч, хөгжим бүжгийн нэг ангийн анд М.Лхагвагэрэлийн захиалгаар түүнд зориулж 2009 онд бичжээ. М.Лхагвагэрэл нь хуучнаар Хөгжим бүжгийн коллежид манай лимбэний нэрт багш Д.Энхтайван, М.Бадам багш нарын удирдлага дор суралцаж төгсөөд дараа нь Соёл урлагийн их сургуульд Н.Жамбалжамц багш дээр суралцаж байгаад БНХАУ-ын Шанхай хотын хөгжмийн их сургуульд 5 жил бүх хятадын тэргүүн зэргийн лимбэчин Жанюү, Юүсүнфа багш нарын удирдлаган дор суралцаж дүүргэсэн манай шилдэг лимбэчдийн нэг юм. Тэрээр Японы Осака хотын их сургуульд урлаг судлалын магистраар суралцаж төгсөөд эдүгээ Япон дахь Монголын уламжлалт урлагийн холбооны тэргүүнээр ажиллаж Монголынхоо үндэсний урлагийг сурталчлахын зэрэгцээ Токио хотын хөгжмийн их сургуульд багшилж байна. М.Лхагвагэрэл нь Х.Алтангэрэлийн “Лимбэ симфони найрал хөгжмийн концерт”-ыг БНХАУ-ын Ханжоу хотод 2010 онд анх эгшиглүүлжээ.

Хөгжмийн зохиолч Х.Алтангэрэл 2018 онд Москвагийн консерваторид мэргэжил дээшлүүлэн суралцаж байхдаа 1 ангитай байсан уг концертоо 3 ангит бүрэн хэмжээний концерт болгон бичсэн нь “Алтан намар-2020” хөгжмийн наадамд анх удаагаа тоглогдож буй нь энэ.

Уг бүтээлийн талаар дурьдахад:

I анги- Lento.  “Вариаци буюу хувилбар” хэлбэрт бичигдсэн. “Баруун Монгол бүүвэйн дуу”-г гол сэдэв аялгуу болгож авсан нь хүмүүний амьдралыг дүрслэн харуулахыг зорьсонтой холбоотой.

 

Энэ нь маш тодорхой динамик шинж чанараараа ялгаатай бөгөөд бүтээлийн хөгжүүлгийн хамгийн чухал бүрэлдэхүүн хэсэг болох оршил сэдэв буюу гол аялгуу. Оршил сэдвийг бүх талаас нь виртуозын хэсгүүдээр хүрээлэгдсэн оркестрын гялалзсан байдал, Лимбэний консоль буюу “цухуйж буй тулгуур” гэж болохоор. Эндээс бүүвэйн дууны гол сэдэв аялгууны хөгжүүлгийг Додекафони зарчмын арга техникээр зохиомжилсон нь уг хөгжмийн бүтээл дэх онцлог арга хэрэгслийн нэг нь яахын аргагүй мөн.

 Тиймээс хөгжим дэх зарчмын шинэ бөгөөд онцгой тогтолцоо болох “Додекафон буюу Арван хоёр эгшгийн зарчим” -ын талаар багахан тодорхойлох нь зүйтэй буюу.

 

…ХХ зууны дэлхийн хөгжмийн түүхэн дэх Шинэчлэгч А.Шёнбергийн гол нээлт болох–“Атональность буюу Хөг үгүйсгэл, “Додекафония буюу 12 эгшгийн техник” нь хөгжмийн дуурьсалд “найралжуулгын цоо шинэ тогтолцоо”-г бий болгож, хөгжмийн сэтгэлгээ, зохиомж, найралжуулга, дуурьсал зохирлын бүхий л арга ажиллагаанд шинийг эрэлхийлсэн өнгө эгшиг, аялгуу нийцэл, зохирлын хэллэг, хэлбэрийг өөрчилж чадсан байдаг. Үүгээрээ хөгжмийн зохиомжийн арга техникийг ихэд нарийн тооцоолон бодож, бичлэгийн дэгийг мөн үндсээр нь хувиргах хэв маягийг “XX зууны хөгжим дэх нээлт” хэмээн үздэг билээ.

Харин II анги Adagio нь  Кантилена-гийн өргөн эгшиглээ, домгийн мэт, бас чиг хөнгөн гуниг мэт ардын дууны аялгууны бүхий л өнгө нь Монгол үндэстний хүртэхүйн таашаал, уудам хээр тал, орон зайн алслагдсан хязгааргүй мэдрэмжийг төрүүлдэг. (Монголын ландшафтын зураачдын бүтээлд ихэвчлэн тохиолддог). 

Энэ анги нь хөгжмийн бүтээлийн “уянгын төв” нь болсноор хөгжүүлгийг тодорхойлогч байр сууринаас үзвэл энэ нь сэтгэлзүйн оргил үе гэж болно. Олон хөгжмийн зохиолчид Adagio аялгууны чөлөөт уянгалаг чанарыг биширдэг тухайгаа дурьдсан байдаг. Харин би Adagio-г “намрын ландшафт” хэмээн төсөөлөхдөө мэдээж пейзажийг хардаг нүдээр биш харин сэтгэлзүйн хувьд ийнхүү харьцуулахыг хүсдэг хүн.

 

II ангид Лимбэч найрал хөгжмийн дуулал дээр тоглох нь тембрийн хослолуудын нарийн байдал, хөгжмийн зэмсгүүдийн гоцлол хэллэгүүдийг тодруулж илтгэх мэт.

III анги Allegro. Ерөнхийдөө нийлмэл 3 ангит хэлбэрт бичигдсэн. Лимбэ хөгжмийн зэмсгийн дуугаралтын боломжууд, Лимбэчийн хөгжимдөх техник болон сэтгэлгээний ур чадварыг харуулахыг зорьсон. Дунд удаан хэсэгт нь олон хоолойн арга техникийг ашигласан.

 

Лимбэний хэсэг нь гоцлол хөгжимчинд зориулсан хэмнэлийн, хэмжээний, техник арга барилын, хэлний цохилгын, хөгжмийн зэмсгийн ашиглаж болохуйц бүхий л эгшиг өнгөний дуугаралт гээд асар олон тодорхой бэрхшээлийг агуулснаараа нарийн төвөгтэй этюдтэй адил мэт санагдана.

Шуурсан лимбэний хэсгүүдийг найрал хөгжимтэй хачин жигтэй хослуулсан энэхүү Лимбэний концертод эхний ангийн бүүвэйн дууны сэдвээс гарган авсан хурц тод техник тоглолтыг Полиритм, Полиметр, Полифон, Полилад-аас гадна модон үлээвэр хөгжимд эгшиглэх “Дөрвөн хоолойн контрапункт”-ын тодорхой шинж тэмдгүүдээр атональ-хөг үгүйсгэлийн, додекафонийн зарчмуудыг ашиглан олон талаас нь нарийн тооцоолон бодсон шинэлэг аргачлалаар дүүрэн бүтээл болсон гэж тодорхойлмоор байна. 

 

Мөн түүнчлэн Төгсгөлийн хэсэг бүтцийн хувьд эхний хөдөлгөөний үндсэн сэдэвтэй ойролцоо ба ялгаатай зүйл нь  хэмнэлийн суурь давамгайлах шинжийг агуулсан мэдрэмжийг төрүүлнэ. 

 

Төгсгөлийн хэсэгт аялгуу өөрөөр сонсогдон шилжих нь өнгөлөг бөгөөд бүх зүйлс амьдралын баяр баяслаар дүүрэн байдаг хэмээн дүрсэлсэн болов уу.

 

Төгсгөлийн хэсгийг бадрангуй, бүжгийн сэдэв мэт зохиохдоо хэмнэлийн тасалдал, янз бүрийн давхцсан аккордуудыг найрал хөгжим ижил сэдвийн чөлөөт хэв маягаар эгшиглүүлэн ашиглахдаа дуугаралтын энергийн динамик концентрацийг бий болгосон хэд хэдэн шилжилтийн дамжуулалтуудаар гол сэдвийг хэм-хэмнэл, өнгө дуурьслын цогц хэлбэртэй чөлөөт эсрэгцэл дээр үндэслэн боловсруулсан байх магадлалтай.

Бас нэгэн зүйл гэвэл: Лимбэ хөгжмийн хөглөө нь Es ноот бөгөөд уг бүтээлийн хамгийн төгсгөлийн ноотыг Es эгшгээр бүх хөгжимд Tutti дуугарган төгсгөсөн нь сонирхол татахуйц шинж мөн болно.

Лимбэчийн ур ухаан, техник чадварыг сорьсон, амьсгааны хүндрэлгүй тоглогдох тооцооллыг сэлгээний шилжүүлгээр хийсэн хэсгүүд нилээд байхаас гадна лимбэ хөгжмийн зэмсгийн өөрийн нь дуугарч болох бүхий л ноотны өнгийг ашиглахдаа хурууны бүтэн даралтаар дуугаргадаг 6 цоолборыг хагас тон (0.5)-оор дуугаргахын тулд хурууны даралтууд хагаслагдан дарах гүйцэтгэл, мөн түүнчлэн I, III ангиудын хурдан хэмнэлтэй хэсгүүдэд хэлний асар хурдтай давхар цохилтын техникийг нэгэн жигд тэгш хүрээнд тоглох, аялгууны хэмжээсийг гоцлол хөгжимчний сонголтоор оркестр мөшгин тоглох харьцааны мэдрэмж зэргийг агуулсан нь тун содон санагдана.

«Уг нь би Зэмсэгжүүлгийг арай өөрөөр ойлгож байлаа. Харин эндээс хөгжмийн зэмсэгжүүлгийн төдийгүй зохиомжийн гайхалтай уран чадамгай найралжуулсан олон хоолойн бие даасан цогц, олон хоолойн харалдаа зохиомжууд (контрапункт)-ын бүхий л тогтолцоог илүү ойлгох боломжийг хүртсэн» гэж хэлж болно.

Уг тогтолцоо нь бүх түвшний эгшиглээнд туйлын биеэ даасан эрх тэгш байдлыг хүлээн зөвшөөрөм сэтгэгдлийг төрүүлэхүйц.

 

Х.Алтангэрэлийн илүү дадаж заншсан зүйл бол – хэлбэр гэж болохоор. Түүний уламжлалт жанрт суурилан, орчин цагийн арга техникээр дуурь, оратори, симфони, чуулбар хөгжим, концерт, балет, симфони найраглал, дуулалт болон найрал дууны цуврал, дөрвөл, квинтет, секстет бичсэн гээд урт дарааллыг жагсааж болно. 

Хөгжмийн зохиолч Х.Алтангэрэл үргэлж уламжлалыг баримталсан үзэлдээ тулгуурлаж өрнө дорныг синтезлэн, орчин үеийн арга техникийг ашиглан хөгжмөө бичиж байгаад түүний хүч оршихын зэрэгцээ бүхий л хэлбэр агуулгаар уран бүтээл хийж болдгийг нийтэд нотлохыг зорьсон мэт санагдана.

Додекафонийн зарчмыг баримталсан нэгэн шинэ бүтээл төрөн гарч байгаа нь өнөө цагийн хөгжмийн бүтээлийн урын санд хувь нэмрээ оруулах, хөгжимчний ур чадварыг нарийвчлан хөгжүүлэх  мэргэжлийн уран бүтээлчдэд хүргэж буй нэгэн содон “бүтээгдэхүүн” гэж хэлж болно.

Эцэст нь хэлэхэд, энэ бүтээл нь Хөг үгүйсгэлийн зарчимд суурилснаараа Додекафонийн гол ололт болох Ладын таталцлын үгүйсгэлээр гармоник сэтгэлгээнээс “зугтах” боломжийг олгодог хэдий ч Сонсогч таны хүртэхүйн сувгуудаар тань саадгүй нэвтэрснээр оюун санааг тань технологийн эрин зуунд монгол эгшиг сэтгэлгээний хамтаар хөтлөн жолоодож, хөгжмийн урлагийн асар их таашаалыг хүртээх нь дамжиггүй ээ.

Хөгжим судлаач Мөнхтөмөр овогтой МӨНГӨНСҮХ               

 

2020 оны 10 сарын18 өдөр

Улаанбаатар хот