Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/04-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Уранцоож: Хүн болгон хэвшмэл ойлголттой

ikon.mn
2020 оны 11 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Таны бодлоор жендэр гэж юу вэ?

Бид жендэрийн асуудал гэхээр нэг бол эрэгтэй хүний эрх, эсвэл эмэгтэй хүний эрхийн талаар эсрэгцүүлж ярих нь түгээмэл. Гэвч энэ бол нийгмийн аль нэг бүлгийн тухай асуудал биш юм. Харин хүний эрхийн суурь ойлголтуудын нэг юм. 

Жендэрийн эрх тэгш байдал яагаад бид бүхний анхаарах ёстой сэдэв гэж? Энэ тухай Хүний эрх, хөгжил төвийн тэргүүн Г.Уранцоожтой ярилцлаа.  

- Жендэр, хүний эрхийн асуудал хоорондоо яаж холбогдож байгаа талаар тайлбарлаач? 

- Хүний эрхийг хангахад хоёр гол зарчмыг баримтлах хэрэгтэй байдаг. Энэ бол тэгш эрх, үл ялгаварлан гадуурхах зарчим. Эхний зарчим болох тэгш байдал өнөөгийн оршин байгаа нийгэмд жендэрийн хүрээнд байхгүй. Тэгш байдал байхгүй байна гэдэг нь хүний эрх тэгшээр эдлэгдэхгүй байна, учир нь тэнд ялгаварлан гадуурхалт байна гэсэн үг. 

Энэ нийгэмд бүгд эрх тэгш амьдаръя гэвэл бүгдийнх нь оролцоо хэрэгтэй. Нэгэнт хүн эрэгтэй, эмэгтэй гэсэн хоёр гол бүлэгт хуваагдаж байгаа учраас бид жендэр гэж яриад байгаа юм. Гэхдээ илүү өргөн утгаар нь тэгш оролцоо гэж ярихын тулд насны бүлгээр ч оролцоог хангах ёстой. Яг үүн шиг хөгжлийн бэрхшээлтэй, үндэстний цөөнх, арьс өнгө, шашин шүтлэг гэх мэт асуудалд төлөөллийг оролцуулж, асуудлыг харгалзаж үзэх шаардлагатай. Харин нийгмийн бүх бүлэг хүйсээр хуваагддаг учраас жендэрийн эрх тэгш байдлыг илүү суурь түвшинд авч үзэх хэрэгтэй байгаа юм. 

Хүний эрх тэгш байдлыг хангахдаа үл ялгаварлан гадуурхах зарчмыг баримтлах хэрэгтэй гэж та хэллээ. Харин жендэр бол хүмүүс нэгнээ ялгаварлан гадуурхдаг нэг хэлбэр нь юм байна гэж ойлголоо.

Жендэр бол хүйсээр ялгаварлан гадуурхаж байгаа хэлбэр. 

Хүйс бол биологийн өгөгдөл. Харин жендэр бол нийгмийн ойлголт. Хүйсээс хамаарч нийгмээс хүлээлгэсэн үүрэг, хариуцлагыг жендэр гэж ойлгож байна. Өөрөөр хэлбэл, эмэгтэй хүн хүүхэд төрүүлнэ. Энэ бол биологийн өгөгдөл дээрээ тулгуурлаад боломжтой зүйл. Харин хүүхэд төрүүлсэн учраас хүүхдээ харна гэдэг бол биологийн өгөгдөл дээр нь тулгуурлаад нийгмээс хүлээлгэж байгаа хариуцлага буюу жендэрийн хэвшмэл ойлголт болж байна. Энэ ойлголтууд өрх гэрийн хүрээнд, өрхөөс гадуур ажлын байран дээр цаашлаад нийгэм гээд илүү хүрээг хамарч байна. Тухайлбал, өрх гэрийн хүрээнд эмэгтэй хүн гэрээ цэвэрлэх ёстой, нөхөртөө, хүүхдэдээ хоол хийж өгөх ёстой гэх зэрэг байдлаар илэрдэг. Эрэгтэй хүний товч нь унасан байвал түүнийг эхнэр муутай гэж дүгнэдэг ч юм уу. Гэтэл эрэгтэй хүн ч товчоо хадаж чадна. Эрэгтэй хүн гагцхүү хүүхэд төрүүлж л чадахгүй. Харин хүүхдийг хооллож, хувцаслаж чадна. Хүүхэдтэйгээ тоглож чадна шүү дээ.  

- Жендэр нь нийгмээс оноосон үүрэг, хариуцлага гээд ярихаар би өөрөө хувь хүнийхээ хувьд тухайн асуудлын шалтгаан биш юм шиг ойлгогдох гээд байдаг. Хувь хүнийхээ түвшинд нэг нэгэндээ жендэрийн хэвшмэл ойлголтыг тулгахгүй байхын тулд бид нар юу хийж чадах вэ? 

- Хамгийн гол нь миний дүгнэж байгаа, миний харж байгаа өнцөг бол зөвхөн миний амьдралын туршлагаас хуримтлагдсан, нэг талыг барьсан дүгнэлт гэдгийг л хүн бүр марталгүй санаж байх ёстой. Тийм учраас тал талын хүмүүсийн дуу хоолойг сонсох, харьцуулж үзэх ёстой л доо. Хүүхэд төрөхөөсөө эхлээд л хэвшмэл ойлголтоор хүмүүжиж байгаа. Ээж аав нь ямар харилцаатай байгаагаас хүүхэд хүмүүжинэ. Ээж нь ар гэрийн бүх ажлаа хийгээд, аав нь сонин уншаад л сууж байдаг бол яг л тэр хэвшмэл ойлголтоор эмэгтэй хүн, эрэгтэй хүн ийм дүртэй байх ёстой гэж ойлгоод, өөрөө яг түүнийг биеэрээ илэрхийлнэ. Тэр хэвшмэл ойлголтууд сургуульд, сурах бичгүүдээр дамжиж бэхжиж байна.

Сурах бичгүүдэд ихэвчлэн ээж нь гал тогоонд хоол хийгээд, аав нь зурагт үзээд диван дээр сууж байгаа зургууд байдаг шүү дээ. Сүүлийн үед жендэрийн эрх тэгш байдлын талаар ажилладаг хүмүүс сургуулийн сурах бичгүүдийн агуулгад хяналт тавьж, жендэрийн хэвшмэл ойлголтуудыг бэхжүүлэх үр дагавартай агуулга, зурагнуудыг халах ажлыг их хийсэн. Тэгээд дараагийн шатанд ажлын байран дээр илэрч байна. Гэр бүлд хэвшмэл ойлголт үүсэж, сургуульд бэхэжсэнээр ажлын байран дээр үүсэх аливаа харилцаанд хэвшмэл ойлголтын үүднээс ханддаг, аливаа зүйлийг түрүүлж, яарч дүгнэх зэрэг байдлаар илэрч байна.

- Хүний зарим эрх хуульчлагдсан байдаг. Хуульчлагдсан эрхийг хангуулах боломж харьцангуй нээлттэй. Гэтэл бүх эрх хуулиар хамгаалагдаагүй шүү дээ?

- Хуулиар хамгаалж болох бүх эрхийг хуульчлуулахын төлөө л хүний эрхийн байгууллагууд тэмцдэг шүү дээ. Хуульчилж чадвал, эрх зөрчигдөх үед хууль зөрчигдөж, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх боломж үүснэ. Хохирлоо барагдуулах боломж үүснэ. Нэг ёсондоо мөрдөх ёстой наад захын хэм хэмжээг тогтоож байна гэсэн үг. Харин үндэсний хуулиар хуульчлагдаагүй бол хэцүү.

Хуульчилсны дараа ч асуудал шийдэгдсэн гэсэн үг биш. Хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэх нь хувь хүний хувьд сонголтын асуудал болдог. Харин түүнийг хэрэгжүүлэхгүйгээр өөр хүний эрхийг зөрчвөл тэр бол зөрчил, эсвэл гэмт хэрэг болно. Тэгэхээр эрхийг хуульчилна гэдэг нь боломжийг л бий болгож байгаа хэрэг. 

- Хичнээн хуульчлагдсан эрх нь байсан ч түүнийгээ мэдэхгүйгээс шалтгаалаад хэрэгжүүлж чадахгүй байх тохиолдол олон байдаг? 

- Тэр бол нэг тохиолдол. Тэрнээс гадна мэдсэн ч хэрэгжүүлэхгүй байх тохиолдол бий. Яагаад гэвэл эрхийг хэрэгжүүлэх албагүй. Гурав дахь нэг тохиолдол байна. Эрхээ мэдэж байна, хэрэгжүүлэхийг хүсэж байна, гэхдээ механизм нь тодорхойгүй байж болно. Гэтэл тэр заалтыг хэрэгжүүлэхийн тулд тодорхой журмууд байх ёстой байдаг. Үүн шиг хуульд тусгасан хэрнээ хэрэгжихгүй байх түм буман шалтгаан бий. 

Ялангуяа жендэрийн эрх тэгш байдлыг бүхэлд нь хуулиар тогтооход хийсвэр, хэт микро байж болох юм. Миний мэдэхийн шийдвэр гаргах түвшинд л тэгш байдал олгох зорилгоор квот тогтоох тухай яригддаг. Гэтэл өрхийн өдөр тутмын амьдралд гардаг энгийн харилцааг хуулиар зохицуулах боломжгүй шүү дээ. Тэгэхээр хуулиар зохицуулж болохгүй энэ хэсгийг яах ёстой вэ? 

Мэдээж хамгийн суурь нөхцөл бол иргэдийг мэдээлжүүлэх юм. 

Хүний эрх бол маш өргөн хүрээний асуудал шүү дээ. Хүний эрхэд иргэний улс төрийн эрх, эдийн засаг, нийгэм соёлын эрх хамаарна. Иргэний улс төрийн эрхэд сонгох, сонгогдох, улс төрийн шийдвэр гаргалтад оролцох эрх хамаарна. Квоттой холбоотой асуудал яригдана. Эдийн засаг, нийгэм соёлын эрхэд тухайн хүний ажил хөдөлмөр эрхлэх, ажилтай байх, орлоготой байх, тухайн орлого нь амьдралд нь хүрэлцэхүйц буюу наад захын хоол хүнс авах, хувцас, орон байр, эрүүл мэндийн үйлчилгээ авах, боловсролтой байх зэрэг хэрэгцээнд хүрэхүйц байх ёстой. Эдийн засаг, нийгэм соёлын эрхийн олон улсын пактын 11 дүгээр зүйлд “зохистой түвшинд амьдрах эрх” гэж ойлголт байдаг. Гэтэл өнөөдөр Монгол эмэгтэйчүүд хүүхэд гаргавал харахаас өөр аргагүй байна. Үгүйдээ л хоёр нас хүртэл харахаас өөр аргагүй байна. Энд түүний ажил хөдөлмөр эрхлэх, амьдралд хүрэлцэхүйц орлоготой байх эрх зөрчигдөж байна шүү дээ.  

Манай улсын хувьд шинэ Үндсэн Хуулиар харьцангуй суурь эрхүүд баталгаажиж чадсан. Хуулиар олгогдсон эрхийг төр хэрэгжүүлэх үүрэгтэй. Төр хэрэгжүүлнэ гэдэг бол түүнийг төрийн албан хаагч хэрэгжүүлнэ гэсэн үг.  Гэтэл ахиад л төрийн албан хаагч хүний эрхийг бүрэн мэддэг үү гэсэн асуудал ахиад л тулж ирдэг. 

- Та сая зохистой түвшинд амьдрах эрх гэж ярилаа? 

Зохистой түвшинд амьдрах эрх гэдэг нь хөдөлмөр хийгээд, эсвэл бизнес хийгээд олж байгаа орлого нь тэр хүний өөрийнх нь болоод гэр бүлийнх нь хоол хүнс, хувцас, орон байр гэсэн наад захын хэрэгцээг хангах ёстой, түүнийг бодлогоор зохицуулах ёстой гэсэн үүргийг засгийн газарт өгч байгаа гэсэн үг. 

- Таны ажиглалтаар, Монголд жендэрийн хэвшмэл ойлголтоос шалтгаалаад ямар эрх хамгийн их зөрчигддөг вэ? 

- Нэгдүгээрт, эмэгтэйчүүд өөрсдийнхөө чадварт тохирсон албан тушаалыг хашиж чадахгүй байгаа явдал бол маш том зөрчил. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль батлагдсан байгаа. Ямар ч байсан энэ Засгийн Газар ямар ч тохиолдолд 50, 50 хувиар тэнцүүлэх амлалт өгсөн байгаа. Үүн дээр олон нийтийн дэмжлэг ч хамгийн чухал байгааг би хэлмээр байгаа юм. Тухайлбал, шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог хязгаарладаг “эмэгтэй хүн удирдах албан тушаалд зохимжгүй” гэх хэвшмэл ойлголтоо бид өөрчлөх хэрэгтэй байна. Энэ хэвшмэл ойлголт нь цаанаа ямар их сөрөг зүйлийг дагуулж байгааг яривал их урт ярилцлага болох байх. 

- Өөрийн чадварт таарсан ажлаа олж хийж чадахгүй байгаа нь тухайн эмэгтэйн өөрийнх нь гаргаж байгаа шийдвэрээс тодорхой хэмжээнд шалгаалдаг гэж үзэж болох уу? Ялангуяа хамгийн өндөр цалинтай ажлуудыг өөрсдөө сонгож хийдэггүй гэх судалгааны дүгнэлтүүд байдаг? 

- Манайд бол эмэгтэйчүүдийг илт доройд үздэг хандлага харьцангуй өөр шүү. Монгол эмэгтэйчүүд морь унаад давхих нь давхидаг, чадалтай нь бөх барилдчихдаг, эмнэгээ сургавал сургачихдаг. Ер нь бол нэлээд эрх мэдэлтэй. Суурин иргэншлийг бодоод үзвэл Монгол эмэгтэй хүн арай өөр.

Миний бага нас өмнөх системд өнгөрсөн л дөө. Тэр үед бидний дунд эмэгтэй хүн амбиц багатай байх ёстой, эр хүний хойно сууж хоцрох ёстой гэх хандлага байгаагүй байх гэж би бодож байна. 

Уламжлалт үзэл хандлага шилжилтийн үед хүчтэй болж эхэлсэн нь ажиглагддаг. Тэр нь бид эдийн засаг, улс төрийн гээд нийгмийн олон шилжилтийг нэг дор хийсэнтэй холбоотой гэж боддог. Сөрөг үр дагавар нь ажилгүйдэл, ядуурал, архидалт зэргээр илэрч эхэлсэн. 

Мөнгөнөөс өөр чухал зүйлгүй болоод ирсэн тэр үед яаж амьд гарах вэ гэх асуудал давамгай болж эхэлдэг. Ийм үед их сургуульд нэг л хүүхэд сургах эдийн засгийн боломжтой байгаа бол нэг л хүүхдээ, охин хүүхдээ сургадаг. Энэ бол зөвхөн Монголд ажиглагдаж байгаа үзэгдэл биш. Африкийн улсуудад ч ижилхэн байдаг. Тэгэхээр энд нэг ерөнхий зүй тогтол байгаад байгаа юм. 

Эмэгтэй хүүхдээ сонгож боловсрол эзэмшүүлж байгаа нь миний ойлгож байгаагаар, эмэгтэй хүүхэд биеийн хүчний ажил хийгээд хоолоо олж идэж чадахгүй гэж үзсэнтэй л холбоотой гэж ойлгоод байгаа. 

Тийм. Энэ бол бас нэг талаараа бодитой шүү дээ. Эмэгтэй хүүхэд эрэгтэй хүн шиг газар шорооны ажил хийгээд явж чадахгүй. Гэхдээ яг үүнтэй холбоотой бас нэг үзүүлэлт нь хөрөнгө чинээтэй болох тусмаа мөнгө хөрөнгө, сайн боловсрол зэрэг нь тухайн өрхийн эрэгтэй хүүхэд рүү чиглэдэг. Энэ маань ахиад л нөгөө хэвшмэл ойлголттой холбоотой. Яагаад гэвэл эрэгтэй хүмүүс гал голомтыг залгамжилдаг. Тэгэхээр хөрөнгө мөнгө гал голомт дээрээ байх ёстой. Тэр гал голомт, хөрөнгө мөнгийг авч явахын тулд эрэгтэй хүүхэд боловсрол сайтай байх ёстой гэдэг нь ойлгомжтой.

- Амьд гарах нь тэргүүн зорилго байгаа үед хийж байгаа шийдвэр гаргалт нэг өөр, элбэг хангалуун байгаа нөхцөлд хийж байгаа шийдвэр гаргалт нэг өөр байна тийм ээ? 

- Мэдээж хэрэг хүн бүр оюун ухаанч шийдвэр гаргахыг хүснэ. Тухайн нийгмийнхээ нөхцөл байдалд тааруулж л шийдвэр гаргаж байгаа.  Тэрнээс биш эмэгтэй хүүхэд өөрөө бага амбицтай байна гэдэгтэй, ялангуяа Монголд ийм байна гэдэгтэй би санал нийлэхгүй. 

- Би эрэгтэй хүүхэдтэй л дээ. Жендэрийн хэвшмэл ойлголтын талаар илүү их мэдэх тусам, Монголын нийгэм эрэгтэй хүмүүст тулгаж байгаа хэвшмэл ойлголтуудыг илүү сайн таньж байна л даа. Гэтэл бид бусдад энэ хэвшмэл ойлголтыг тулгахгүй байх ёстой гэж ярьж байна. Яг энэ үзэл санаагаар хүүхдээ өөрийнх нь хүссэнээр, “хүүхэлдэйгээр тогловол тогло”, “уйлбал уйл” гэх зэргээр сэтгэл хөдлөлөө илэрхийлэхийг нь дэмжиж өсгөж болно. Гэтэл ингэж өссөн хүү маань цэцэрлэгт ороод ангийнхандаа шоолуулбал яана, уйлаад зэмлүүлбэл яана гэсэн санаа зовнил нөгөө талд байна. Тэгэхээр би нэгэнт нийгэм эрэгтэй хүнээс юу хүсэж байгааг мэдэж байгаа юм чинь ЭСВЭЛ нийгмийн тодорхойлолтоор төгс эрэгтэй хүн болгож өсгөх ёстой юу гэсэн сонголт тулж ирнэ. Ийм байдалд орж байгаа эцэг эхчүүд олон байгаа байх? 

- Ингээд бодож эхэлж байгаа нь сайн хэрэг. Аль болох олон хүн ингэж боддог бол сайн хэрэг. Нэгэнт бодоод эхэлсэн бол хандлага өөрчлөгдөөд эхэлнэ. Үйл ажиллагаа өөрчлөгдөж эхэлнэ. Тэгэхээр энэ бол маш сайн хэрэг. Миний бодлоор наад зах нь ажил үүргийг тэгш, сонголттой болгох хэрэгтэй. Албадахгүйгээр хэн бололцоотой байгаа нь түүнийгээ хийдэг байх хэрэгтэй. Хийлээ гэхэд гайхаад байх хэрэггүй. Эмэгтэй хүн ч ерөнхийлөгч болно гэж мөрөөдөж байх ёстой. Аль алинд нь боломж нь байх ёстой. 

Харин манай одоогийн системд эмэгтэй хүүхдэд илүү бага боломж олгогдож байгаа. Цалингийн зөрүү л гэхэд 10-20 хувь байна. Өмчийн асуудал байна. Энэ зөрүүнүүдийг л байхгүй болгох, засах бодлого зохицуулалтууд хэрэгтэй. 

- Коронавирусийн нөлөөгөөр сургууль, цэцэрлэгт хөл хорио тогтоосонтой холбоотой ядуурал эмэгтэй дүртэй болчихлоо гэж дүгнэж байсан? 

- Хэвшмэл ойлголт хүмүүсийн шийдвэр гаргалтад шууд нөлөөлж байгаа юм л даа. Шийдвэр гаргахад нөлөөлнө гэдэг маш их үр дагавартай. Бид үүнийг маш сайн ойлгох хэрэгтэй. Тэгэхээр цэцэрлэг, сургуульд хөл хорио тогтооход ээж нар ажлаасаа чөлөө авах хэрэгтэй гэсэн тэр суурь ойлголт, үүр дээр тулгуурлаж, шийдвэр гаргаж байгаа нь эмэгтэйчүүд эдийн засгийн боломжоос тэгш хүртэж чадахгүй байх, цаашлаад ядууралд өртөх гол шалтгаан болж байгаа юм. 

Ялангуяа гаргаж байгаа шийдвэр нь олныг хамрах хүмүүс аль болох хэвшмэл ойлголтоос чөлөөлөгдсөн байх ёстой. Тийм шаардлагыг ч тавьдаг болох ёстой. Хэвшмэл ойлголт маш сөрөг үр дагавартай. Энэ үр дагавар дандаа шийдвэр гаргалтаар илэрдэг юм гэдгийг л ойлгох ёстой.

- Ер нь бид нар өөрсдийгөө хэвшмэл ойлголттой эсэхээ яаж шалгаж болох вэ? 

- Хүн болгон хэвшмэл ойлголттой гэж бодох ёстой. Ямар гэр бүлд төрж өссөн, ямар соёлтой, мэдлэг боловсролтой, ухамсартай вэ гэдгээс шалтгаалаад бага зэрэг өөр байж болно. Гэхдээ гэр бүлээс гадна хэвшмэл ойлголтыг бэхжүүлж байдаг газар бол сургууль. Тэгээд нийгэм. Тэгэхээр хэвшмэл ойлголтгүй хүн байхгүй. Хамгийн гол нь шийдвэр гаргах түвшинд очсон хүн бол “Хүн болгон хэвшмэл ойлголттой. Би ч ялгаагүй. Тэгэхээр энэ шийдвэрийг гаргахад миний хэвшмэл ойлголт нөлөөлөхгүй байх ёстой” гэж бодох ёстой. Үүнийгээ таньж мэдсэн бол бусдыгаа сонсох ёстой. Сонссон зүйл нь шийдвэр гаргалтад нь тусгалаа олдог байх ёстой. Ерөөсөө л тэр. 

Аливаа зүйлд хүний эрхийн зарчмаар ажиллана гэх ойлголт байдаг. Түүний тулд юун түрүүнд, энэ асуудлыг гаргаж ирж байгаа, хамгийн их хохирсон тал нь хэн бэ? гэдгийг сонсох. Тэгээд энэ шийдвэрийг гаргахад ямар нэг байдлаар эрх нь хөндөгдөх хүн нь хэн бэ. Тэд нарыг оролцуулаад, энэ шийдвэрийг гаргахад сонирхож байгаа этгээд нь хэн бэ гэдгийг бас сонсоно. Ийм байдлаар аль болох олон талыг оролцуулах ёстой. 

- Толгойдоо бүтээсэн хийсвэр дүрээ бусдад тулгахгүй, бусдын эрхийг хангахын тулд хүн нэг бүр юунаас эхлэх ёстой вэ? 

- Нэгдүгээрт, хүний эрхийг зөрчихгүй байх хэрэгтэй. Хоёрдугаарт, хүний эрхийг хүндэтгэх хэрэгтэй. Туйлшрахгүй байх хэрэгтэй. Эрх тэгш байж тэнцвэртэй байх хэрэгтэй. Шийдвэр гаргаж байгаа хүмүүс аль болох хэвшмэл ойлголтоос салах, ядаж, хэвшмэл ойлголттой гэдгээ мэдэх хэрэгтэй. 

- Нөгөө талаас олон нийт хэвшмэл ойлголттой гэдгээ хүлээн зөвшөөрч, аливаа асуудал хүний эрхийн зарчмаар ханддаг бол ямар эерэг үр дүнг бий болгох боломжтой вэ? 

- Нэг жишээ хэлэхэд, жендэрийн эрх тэгш байдлыг хангахын төлөө их чухал шийдвэрүүдийг гаргаж, бодлого тодорхойлж байсан хүн эрэгтэй хүн байсан. Тэр хүн үүнийг охиныхоо төлөө хийж байсан. Миний охин амьдралд бие даагаад алхахад энэ нийгэм тэгш байх ёстой гэж... Яг үүн шиг шийдвэр гаргагчид цаашлаад хүн бүр охид, хөвгүүдийнхээ төлөө, энэ нийгэмд эрх тэгш алхах боломж олгохын төлөө үүнийг хийх хэрэгтэй байна. Ингэж чадвал хүүхдүүддээ бид илүү сайхан нийгмийг хүлээлгэн өгч чадна.