Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/09-НД НИЙТЛЭГДСЭН

“Санхүү авна” гэх зарын дагуу холбогдож дээрэмдүүлсэн бол цагдаагийн байгууллагад хандана уу

А.Намуун, iKon.mn
2020 оны 10 сарын 9
iKon.MN
Зураг зураг

2020 оны аравдугаар сарын 2-3-нд шилжих шөнө 03:58 цагт Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст “Цагдаа дуудаад өгөөч дээрэмдүүлчихлээ” гэсэн дуудлага мэдээлэл ирүүлснийг хүлээн авч шалгахад Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд оршин суух иргэн Ц-гийн гэрт үл таних залуус дайрч орон биед нь халдаж, эд зүйл, их хэмжээний биет мөнгийг дээрэмдэж хэргийн газраас зугатаасан байна.

Дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулсны үр дүнд тус хэргийг “Х, М, Т, У, И, Т” нар нь бүлэглэн үйлдсэн болохыг олж тогтоон, дайчлан баривчилсан.

Сэжигтэй этгээдүүдийн гэрээс хэргийн газраас алдагдсан эд зүйлсийг эд мөрийн баримтаар хураан авч, цагдан хорих 461 дүгээр ангид түр саатуулан холбогдох шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Урьдчилсан байдлаар сэжигтэй этгээдүүд болох 16-26 насны “Т, И, М, Х, У” нар нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэдэг болох нь, мөн холбогдох шалгалтын явцад сэжигтэй этгээд 16 настай У гэгч нь цахим орчинд “Санхүү авна” гэсэн зараар дуудлагаар биеэ үнэлэх, хохирогч нарын мөнгийг нь авч зугатаах зэрэг хэрэг, үйлдлүүд урьдчилсан байдлаар тогтоогдож байна.

Сэжигтэй  этгээд 22 настай М гэгч нь энэ оны 5 дугаар сард Баянгол, 8 дугаар сард Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт дээрэмдэх гэмт хэрэг үйлдэж Монгол Улсын Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дох хэсэг, 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заанаар тус тус яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа аж.

Хохирогч Ц нь “Санхүү авна” гэх зарын дагуу залгаж, улмаар 26 настай “Х” гэгч эмэгтэйд гэрийн хаягаа зааж, гэртээ нэвтрүүлсэн ба удалгүй гаднаас хаалга тогшиж, Х гэгч гарахаар хаалга онгойлгоход гаднаас үл таних 2 эрэгтэй орж ирэн хохирогчийн биед халдаж эд зүйлсийг нь дээрэмдсэн гэх нөхцөл байдал тогтоогджээ. Бүлэг этгээдүүдийн хоёр нь буюу 16 настай У, 26 настай Х нар эмэгтэй бол бусад нь эрэгтэй юм байна.

Иймд дээрх үйлдлийн аргаар гэмт хэргийн хохирогч болсон иргэд Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст хандана уу.