ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/03-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-аас ирсэн оюутан: Тусгайгийнхан ирсэн. Гэхдээ бид нартай огт харьцаагүй, утас булааж аваагүй

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 9 сарын 3
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг MPA.mn

Энэ сарын 2-ны өдөр Сиэтл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор Америкаас ирсэн иргэдээс 25 оюутныг тусгаарлах байранд оруулах  үеэр оюутнууд байраа солиулах гомдол гаргаж, эсэргүүцсэн гэх үйл явдал өчигдөр орой болсон билээ. 

Бодит байдал дээр ямар асуудал үүсэж, хэрхэн шийдэгдсэн талаар бид УОК-ын Шуурхай штабын холбогдох албаныхан болон эсэргүүцэл гаргасан гэх оюутнуудын төлөөллөөс тодруулснаа хүргэж байна. 

"Оюутнуудыг “White house” руу авч явна гэж хэлээд “Тулгат” руу авч явсан гэж ташаа мэдээлэл явж байна"

УОК-ын Шуурхай штабын багийн гишүүн, Зэвсэгт хүчний 345 дугаар бригадын захирагчийн орлогч, хурандаа Д.Жавхланбаяр “Есдүгээр сард ирэх нислэгт төлөвлөгдсөн буудлууддаа хүмүүсийнхээ нэрсийг хуваарилж тусгаарлах байрнууддаа хүргүүлсэн.

Тусгаарлах байр хангалтгүй, хүрэлцээгүй байгаа энэ үед бид “Тулгат” амралтын газрыг /Улаанбаатар хотоос 50 гаруй км зайтай / шинээр авсан.  Тус амралт нь есөн байшинтай ба байшин тус бүр ариун цэврийн өрөө, шалны халаалт, угаалтууртай байр байсан. 

Өмнө нь бид наймдугаар сарын 30-нд Нурсултанаас ирсэн есөн гэр бүлийг “Тулгат” амралтын газар руу хуваарилж байсан юм. Бид бодохдоо хүүхэд, настай хүмүүс агаарын дутагдалд орчихно. Агаарт гарвал илүү дээр байх гээд л хуваарилсан. Гэтэл тэдгээр иргэдээс хотоос зайдуу газар руу хүүхэд, настай хүмүүсийг явуулчихаад залуучуудыг хотод буудалд байлгалаа гэх гомдол гаргасан юм. 

Иймээс бид сэрүүний улирал эхэлж байгаа болохоор хүүхэд хөгшчүүдэд хүнд байх нь аргагүй гээд дараагийн нислэгээр ирэх хүмүүсээс буюу Сиэтл-Улаанабаатарын тусгай нислэгээр ирсэн хүмүүсээс 25 оюутныг “Тулгат” амралтын газар руу явуулсан. Тухайн амралтын газар нь утасны сүлжээ барьдаг, цаанаас нь гэр интернетээр хангадаг учраас оюутнууд хичээлдээ онлайнаар хамрагдаад явах бүрэн боломжтой. Гэтэл оюутнууд интернетийн хурд хүрэлцэхгүй, байрны тав тух ийм гээд “Тулгат” амралтын газарт буухгүй гэсэн.

Энэ байрыг хоёр, гурван удаа тусгай комисс очоод байрлуулах боломжтой гэж үзсэн тул  бид сонгосон. Үнэндээ есөн байшинд 25-30 хүнийг авахын тулд бүхэл бүтэн цагдаагийн хамгаалалт, эмч, онцгой байдлын албан хаагчдыг томилж ажиллуулах сонирхол байгаагаагүй. Гэхдээ л 20,30 хүнийг ч гэсэн илүү авчих юмсан гэсний үүднээс л бэлдсэн. Сүүлдээ “Та нар үнэхээр буухгүй гэж байгаа бол бидэнд ганц санал байна. "Энхсаран" сувилал руу явж болно. Бид тэр газарт маргааш ирэх хүмүүсийг авах гэж байсан юм” гээд саналыг нь асуугаад аваачсан.

Иймэрхүү асуудлаас болоод төлөвлөгдсөн буудлуудаас өнөөдрийн алдсан буудлуудаа татах зэрэг тусгаарлах байрны төлөвлөлтөд хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн. Мөн сошиалаар “White house” руу авч явна гэж хэлээд “Тулгат” руу авч явсан гэж ташаа мэдээлэл явж байна. Ийм асуудал огт гараагүй. Бас Энхсаран сувилалд хүчээр буулгаагүй ба залуучуудаас саналыг нь асууж, бүгд зөвшөөрсний үндсэн дээр хөдөлгөөн үйлдсэн” хэмээх хариултыг өгсөн юм.   

"Тусгай үүргийн нислэгээр ирэх иргэдийн хувьд цаанаас хуваарилагдсан газрууддаа асуудал үүсгэхгүй орохыг л хүсмээр байна"

УОК-ын Шуурхай штабд томилогдож ажиллаж буй ЦЕГ-ын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын ахлах байцаагч, цагдаагийн дэд хурандаа О.Чингисболд “Бид есдүгээр сард 12 нислэгтэй гэвэл аль аль буудлуудад тусгаарлах вэ гэх төлөвлөгөөний график гаргаж, хүмүүсээ буулгадаг. Гэтэл өнгөрсөн удаагийн Нурсултаны нислэг, саяны Сиэтлаас ирсэн нислэгийн хүмүүс төлөвлөгдсөн буудалдаа буухгүй гэж асуудал үүсгээд ажил хүндрүүлж байна. Цагдаагийн байгууллагын хувьд бүх иргэдэд хуулийн дагуу ойлгомжтойгоор тайлбарлаж өгч ажилладаг.

Сая Америкаас ирсэн залуучуудын ихэнх нь оюутан байсан. Тэд ахуйн орчноо голоогүй зүгээр л сошиалаас тухайн газар өмнө нь Нурсултаны хүмүүс гэх мэдээлэл авчихаад маргаан гаргасан. Бидний зүгээс хуульд заасны дагуу л арга хэмжээ авна. Бид тусгаарлагдах гээд ирж байгаа иргэдийг албадах зэрэг арга хэмжээ авдаггүй. Аль болох ойлголцоод шаардлага тавьж, гуйдаг. Цаашид тусгай үүргийн нислэгээр ирэх иргэдийн хувьд цаанаас хуваарилагдсан газрууддаа асуудал үүсгэхгүй орохыг л хүсмээр байна.

Харин Америкаас ирсэн оюутнуудын төлөөлөлтэй утсаар холбогдож, дараах тодруулгыг авлаа.

""White house" гэсэн биз дээ хаашаа яваад байгаа юм гэж асуусан чинь жолооч нь дуугарахгүй чигээрээ явсаар "Тулгат" гэх амралтад очсон"

- Сайн байна уу. Өчигдөр тусгаарлах байр руу очих үеэр чинь ямар нөхцөл байдал үүссэнийг хэлж өгөхгүй юу?

-  Хүмүүс онгоц буусны дараа 25 оюутан, залуусыг шилж аваад бүгдийг нь автобусанд суулгасан. Автобус хөдлөхөөс нь өмнө нь “Бид нар оюутнууд, хичээлээ хийх ёстой болохоор заавал интернеттэй газар очих ёстой” гэсэн чинь та нарыг хорооллын "White house" зочид буудал руу авч явж байна гэж цагаан хувцастай нэг хүн нь хэлсэн.

Тэгтэл гурвалжингийн гүүр, нарны гүүрээр эргэхгүй чигээрээ яваад байхаар нь "White house" гэсэн биз дээ хаашаа яваад байгаа юм бэ гэж асуусан чинь жолооч нь юу ч дуугарахгүй чигээрээ явсаар байгаад Цонжин болдгийн ойролцоох "Тулгат" гэх амралтад очсон.

Очсон чинь утасны сүлжээ, интернет байхгүй, уулын орой дээр байрлалтай, тэгээд 30 мкв байшинд дөрвөөрөө орно гэсэн. Бидэнд ядаж интернет, шүршүүр хэрэгтэй. Ядаж ариун цэврийн өрөө нь тусдаа байх ёстой" гэсэн чинь манай монгол орны нөхцөл байдал ийм та нар заавал орцгоо гэсэн. Бид орохгүй гэж шийдээд байж байхад цагдаа ирсэн. Хоёр талаасаа оруулна, орохгүй гэж маргалдсан.

- Албаны хүмүүсийн хэлснээр бол тухайн газар нь сүлжээтэй, цаанаасаа гэр интернет тавьж өгнө гэж хэлсэн?

- Биднийг очиход ямар ч интернет байгаагүй. Тэгээд юм хөгжсөн, та нар утсаараа датагаа худалдаад ав гэсэн. Бид нар сургуулиуд руугаа Zoom-ээр ярих болохоор хурдтай интернет хэрэгтэй гэсэн чинь гурван байшинд нь интернет зохицуулж өгье, гэхдээ та нар дөрөв дөрвөөрөө орно гэсэн.  Монгол Америк хоорондоо цагийн зөрүүтэй болохоор гэрлээ асаагаад нэг нь хичээлээ хийж байхад нэг нь амарч байх болохоор хэцүү шүү дээ. 

- "Тулгат" амралтын газраас "Энхсаран" сувилал руу авч явахад та нараас саналыг  чинь асуусан уу?

- "Тулгат" амралтын газар 16:00 цагт очоод 20:00 цаг хүртэл гадаа зогссон. Автобусны жолооч автобусанд оруулахгүй, бид амралт руу орохгүй зогссоор байгаад Шуурхай штабын хүмүүстэй холбуулсан. Тэгээд Энхсаран сувилалд очвол оч, эсвэл эндээ ор гэх сонголт өгсөн. Бид нар Энхсаран руу нь яриад өрөөнд хэдээр оруулах вэ, интернет, усанд орох газар бий юу гэсэн чинь манайх 250 хүний хүчин чадалтай. Одоо 7 хүн орчихсон байна, та хэдийг авах хүчин чадал, бүх юм нь байна гээд бид ирсэн.

Энхсаран сувилалд ирэхэд интернет бол байсан. Харин усанд орох шүршүүр байгаагүй, долоо хоногт нэг удаа нийтийн халуун усны газар оруулна гэсэн.  Бас нэг нэгээрээ ороогүй, 2-5-аараа орсон. Гэхдээ тэгээд бид олигтой хоол унд идэж чадаагүй, дээрээс нь олон цаг яваад ядарсандаа болоод орсон л доо.

- Тусгайгийн машин очсон албадан авч явсан гэх яриа яваад байсан. Энэ үнэн үү?

- Бид нараас болж тусгайгийн машин ирсэн, утас булааж авсан юм байхгүй. Худлаа мэдээ яваад байгаа. Тусгайгийнхан ирэхийн хувьд ирсэн гэхдээ бид нартай огт харьцаагүй.

Үүнтэй холбоотой нэмж хэлэх зүйл байна. Бид нар автобусны жолоочид маш их гомдолтой байгаа. Энэ жолооч биднийг ... –аа хурдан бууцгаа гээд их харааж доромжилсон. Тэгээд Энхсаран дээр ирээд буухдаа жолооч нарыг тусгаарладаг гялгар уутыг нь би цүнхээрээ шүргэчихсэн юм. Тэгсэн чинь чи хүрчихлээ гэж надтай муудалцаад, хутга гаргаж ирж уутаа зүсэн, гарч ирэх гэж оролдсон. Тэрнээс болоод цагдаагийнхан нь жолоочтой бөөн юм болсон. Үүнийг л цагдаа цэргийнхэн хүч хэрэглэсэн гэж яриад байх шиг байна лээ.

- Өөр тодруулж, нэмж хэлэх зүйл байна уу?

-  Тэр цагдаа нь ирээд эвтэйхэн ярьсан гээд байгаа. Ерөөсөө эвтэйхэн яриагүй. Бид нарыг зөрчлийн хуулиар торгоно гээд занаж, зүхэж сүрдүүлж байгаад л явсан.

Бас нэг зүйл хэлэхэд оюутнууд дөрвөөрөө ормооргүй байна, нэг нь вирустэй байвал бусад нь хохирно гээд цагдаагийн ажилтан, цэрэг хоёроос асуусан юм л даа. Тэгсэн "та нар туссан ч хамаагүй, та нарыг улс эмчилчихнэ" гэсэн инээдтэй хариултыг өгсөн. Бид Wifi, ариун цэврийн өрөөнийхөө асуудлыг шийдээд өгчих гэсэн хоёр зүйлээс өөр юу ч хүсээгүй.