Сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн Беларусийн тэмцэгчид “цагаан-улаан-цагаан” өнгөтэй далбааг бэлгэдэл болгон ашиглаж байгаа.
Энэ нь тус улсын албан ёсны туг далбаанаас өөр юм.
Албан ёсны далбаа нь улаан, ногоон судалтай, захаараа үндэсний хувцсанд хэрэглэгддэг уламжлалт хээтэй байдаг. Энэ нь Зөвлөлт Холбоот Улсын бүрэлдэхүүнд байхдаа хэрэглэж байсан далбаанаас зөвхөн алх, хадуурны дүрсийг нь хассан хувилбар ажээ.
Харин тэмцэгчдийн хэрэглэж байгаа далбааг 1918 онд байгуулагдсан Беларусийн Ардчилсан Бүгд Найрамдах Улс анх албан ёсны бэлгэдлээ болгож байв.
Гэвч Беларусь улс удалгүй 1922 онд Зөвлөлтийн бүрэлдэхүүнд орсноор далбаа нь солигдож байжээ.
1991 онд ЗХУ-ын бүрэлдэхүүнээс гарахдаа уг далбааг дахин сэргээсэн боловч 1995 онд одоогийн ерөнхийлөгч Александр Лукашенко бүх нийтийн санал асуулга зохион байгуулсны үр дүнд Зөвлөлтийн үед хэрэглэж байсан далбааг өөрчлөн ашигласан байна.
Албан бус далбаан дээрх “цагаан-улаан-цагаан” өнгө нь Беларусийн нутаг дэвсгэрт олон зуун жил оршиж байсан Литвийн их вант улсын сүлд тэмдэг болох улаан дэвсгэр дээрх морьтой хүлэг баатрын цагаан дүрснээс гаралтай ажээ.
Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!