Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/19-НД НИЙТЛЭГДСЭН

"Энэ жил Налайх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн 17 хороог агаарын чанарыг сайжруулах бүсэд нэмж оруулсан"

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 8 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Цагаан чулуутын хогийн цэг дээр гэр хорооллын айл, өрхийн үнсийг тусад нь ангилж, ялгах томоохон цэгийг байгуулсан тухай Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр хэлэв.

"Гэр хорооллын үнсний стандарт боловсруулагдаж байна"

Тэрбээр “Нийслэлийн засаг даргын зөвлөлийн хурлаас сайжруулсан шахмал түлшний үнсийг эдийн засгийн эргэлтэд оруулах, ангилан ялгах шийдвэр гарсан. Тиймээс гэр хорооллын үнсний стандарт боловсруулагдан батлагдаж буй.

Үүнтэй холбоотойгоор бид НҮБ-ын Үйлдвэр хөгжлийн байгууллага (ЮНИДО)-гийн төслийн хүрээнд гэр хорооллын үнсийг тусад нь ангилж, ялгах томоохон цэгийг Цагаан чулуутын хогийн цэг дээр байгуулсан" гэсэн юм.

Түүнчлэн энэ жил Агаарын чанарыг сайжруулах бүс, түүнд мөрдөх журмыг шинэчлэн боловсруулсан байна.

"Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн зарим хороо энэ жилээс түүхий нүүрс хэрэглэж болохгүй"

Энэ тухай нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Цолмон хэлэхдээ “Монгол Улсын Засгийн газрын 2020 оны тавдугаар сарын 27-ны өдрийн 189 дүгээр тогтоолоор өмнөх 62 дугаар тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулсан.

Энэ өөрчлөлтөөр, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо болох Гачуурт тосгон, Хан-Уул дүүргийн 12,13 дугаар хороо, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо нь өмнө жил түүхий нүүрс түлж байсан бол энэ жилээс бүрэн хориглосон гэсэн үг.

Дээрх тогтоолтой холбоотойгоор нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороотой хамтран Агаарын чанарыг сайжруулах бүс, түүнд мөрдөх журмыг шинэчлэн боловсруулсан.

Энэ журмыг шинэчлэн боловсруулах болсон үндэслэл нь, НИТХ-аар Налайх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн 17 хороог агаарын чанарыг сайжруулах бүсэд нэмж оруулсантай холбоотой юм.

Мөн нийслэлийн Засаг даргын А/1377 дугаар захирамжаар нам даралтын халаалтын зуухуудад түүхий нүүрс түлэхийг хориглосон бөгөөд Эрчим хүчний яамнаас 4 киловаттын хүчин чадалтай халаалтаар халаах техникийн боломжийг бүрдүүлсэн. Тиймээс агаарын чанарыг сайжруулах бүсийг 4-т хуваасан. Дээрх журмаар түүхий нүүрсийг тээвэрлэх, хадгалах, борлуулах үйл ажиллагааг нарийн зохицуулсан байгаа” гэв.

ВИДЕО:

https://www.facebook.com/Officialnews.UB/videos/661215561156794