Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХХК-ийн Улаанбаатар дахь оффис дээр ажиллалаа.
ШУУД ҮЗЭХ:
Энэ үеэр тус төслийн явц ямар байгаа талаар Монгол газрын тос боловсруулах үйлдвэрээс танилцууллаа.
Өнгөрсөн 2019 оны есдүгээр сард Энэтхэг улсад хийсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр тус үйлдвэр БНЭУ-ын талтай үйлдвэрээ хэдэн үе шаттайгаар барьж байгуулахаа эцэслэн шийдсэн байна. Энэ дагуу бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байгаа аж.
Харин хамгийн хүндрэлтэй байгаа асуудал нь патент аж. Үйлдвэрт шаардлагатай патентууд нь газрын тосны барууны том концернуудын гарт байдаг аж. Тиймээс байгууламж бүр дээр бичиг баримт бүрдүүлж, тендерт орох шаардлагатай тул өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас хойш бэлтгэсэн ч цар тахлаас үүдэн одоог хүртэл тендерийн материалаа аваагүй байгаа аж. Хамгийн анхны лицензээ ирэх есдүгээр сарын 4-нд авахаар болсноо энэ үеэр дуулгалаа.
“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” компанийн хувьд 2017 онд байгуулагдсан, 70 гаруй инженер, техникийн ажилтантай, нийт ажилчдын 50 гаруй хувь нь гадаадын орнуудад боловсрол эзэмшжээ. Компанийн хамт олонд Ерөнхий сайд У.Хүрэлсүх баяр хүргэж амжилт хүслээ. Ерөнхий сайд Засгийн газар эрчим хүч, газрын тос, эрүүл хүнснийхээ хэрэгцээг дотоодоос бүрэн хангаж, улмаар экспортлох зорилт тавьж байгааг хэлээд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийг бүх талаар дэмжихээ илэрхийлэв.
Газрын тос боловсруулах үйлдвэр 2023 онд ашиглалтад орсноор жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах ба ингэснээр жилд 43 мянган тонн шингэрүүлсэн шатдаг хий, 339 мянган тонн автобензин, 824 мянган тонн дизель түлш, 80 мянган тонн онгоцны түлш, 47 мянган тонн зуухны түлш үйлдвэрлэх юм байна.
Жил бүр гадаад улсаас нефтийн бүтээгдэхүүн худалдан авдаг нэг тэрбум ам.доллар Монгол Улсад үлдэнэ. Энэ хэрээр валютын ханш тогтворжих бөгөөд Дотоодын нийт бүтээгдэхүүн 10 гаруй хувиар нэмэгдэж, улс, орон нутгийн төсвийн орлого 150 сая ам.доллараар өсөх юм. Зөвхөн үйлдвэрт 600 ажлын байр бий болж, үйлдвэрийг дагасан жижиг, дунд үйлдвэр хөгжинө хэмээн үзэж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!