Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/14-НД НИЙТЛЭГДСЭН

Нэр дэвшигч Жо Байден амны хаалтыг заавал зүүх журам хэрэгжүүлэхийг АНУ-ын засаг захиргаанд уриалжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 8 сарын 14
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан Намаас нэр дэвшиж байгаа Жо Байден өчигдөр коронавирусийн тархалтыг хязгаарлахын тулд амны хаалтыг заавал зүүх журам хэрэгжүүлэхийг Трампын засаг захиргаанд уриалжээ.

“Ирэх гурван сарын хугацаанд Америк хүн бүр гэрээсээ гадагш гарахдаа амны хаалт зүүдэг болох хэрэгтэй. Бүх мужийн захирагч нар амны хаалтыг заавал зүүх журам хэрэгжүүлбэл зохино” гэж Байден сонгуулийн арга хэмжээний үеэр мэдэгдсэн байна.

Арваннэгдүгээр сард болох сонгуулиар дахин сонгогдох төлөвлөгөөтэй байгаа ерөнхийлөгч Дональд Трамп амны хаалт зүүхийг эрс эсэргүүцсээр ирсэн түүхтэй. Тэрбээр амны хаалт зүүх эсэх нь Америкчуудын сонголт байх ёстой гэж ярьдаг.

Амны хаалтыг зөвшөрөх эсэх асуудал нь улс төрийн тэмцлийн нэг сэдэв болсон юм. Өнөөдрийн байдлаар АНУ даяар 5.2 сая гаруй хүн коронавирусийн халдвар авч, 167,000 гаруй хүн нас бараад байна.

“Бид сургамж авсан гэж бодож байна. Манай ерөнхийлөгч бас сургамж авсан байх” гэж Байден өчигдөр мэдэгджээ.

Түүний дэд ерөнхийлөгчийн суудалд нэр дэвшүүлээд байгаа Калифорнийн сенатор Камала Харрис энэ сонгуулийн кампанит ажлын үеэр цар тахлын эсрэг хангалттай ажиллаж чадаагүй Трампын сул тал руу довтлох стратегитай байгаа бололтой.

Өчигдөр тэр Байдентай хамт Делавар мужийн Уилмингтонд болсон сонгуулийн арга хэмжээнд оролцохдоо “Америкчууд энэ сонгуулийн үеэр одоо Цагаан ордонд суугаа хүнээс хэзээ вакцин бэлэн болох, хэзээ вакцинжуулалтад хамрагдахыг асууж, шаардах ёстой” гэж мэдэгджээ.

 

Эх сурвалж: Reuters