Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/14-НД НИЙТЛЭГДСЭН

Израйль, Арабын Нэгдсэн Эмират улсууд дипломат харилцаа тогтоох түүхэн тохиролцоонд хүрлээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 8 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Израйль, Арабын Нэгдсэн Эмират Улс (АНЭУ)-ууд харилцаагаа хэвийн болгож, харилцан элчин сайд солилцох түүхэн тохиролцоонд хүрснээ зарлалаа.

Вашингтоны зуучлалтай хийгдсэн энэ тохиролцооны дагуу бас Израйль улс Палестины газар нутаг болох Йордан голын баруун эргийг өөртөө нэгтгэх үйл явцаа зогсоохоор болжээ.

Гэхдээ Израйлийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху нэгтгэх үйл явц хэсэг хугацаанд завсарлах боловч төлөвлөгөө цуцлагдаагүйг мэдэгдсэн байна.

Өнөөдрийг хүртэл Персийн булангийн орнуудаас ганц ч улс Израйльтай дипломат харилцаа тогтоогоогүй байсан юм. 

Арабын ертөнцийн орнуудаас зөвхөн Египет, Йордан улсууд Израйльтай дипломат харилцаа тогтоосон байдаг. 1948 онд тусгаар тогтносноосоо хойш Израйль улс Египеттэй 1979 онд, Йордантай 1994 онд дипломат харилцаа тогтоох гэрээ байгуулж байв.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп энэхүү тохиролцоог түүхэн үйл явдал гэж нэрлээд гэрээнд гарын үсэг зурах ёслол ойрын үед Цагаан ордонд болохыг мэдээлжээ. Мөн Арабын бусад улсууд энэ жишгийг дагана гэдэгт итгэж байгаагаа сэтгүүлчдэд хэлсэн байна.

Харин Палестины удирдагчдад энэ нь гэнэтийн цочир мэдээ байв. Палестины засаг захиргааны хэвлэлийн алба энэ тохиролцоог “урвалт” гэж нэрлээд АНЭУ-аас өөрийн элчин сайдыг татахаар болсныг мэдээлсэн юм.

Израйлийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху твиттер хуудсандаа “Түүхэн өдөр!” гэж бичсэн байна.

Хоёр улс элчин сайд солилцохоос гадна коронавирусийн эсрэг вакцин хамтран бүтээх, эрчим хүч, ус, байгаль орчныг хамгаалах зэрэг олон чиглэлд хамтын ажиллагаагаа хөгжүүлэхээр тохиролцсон гэж тэр мэдэгджээ. 

Израйль-АНЭУ-ын харилцаанд эргэлт гарсан нь удахгүй сонгуульд өрсөлдөх гэж байгаа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын хувьд гадаад бодлогын том ялалт болж байна. Дотооддоо авлигын хэрэгт холбогдож, нэр хүнд нь унаад байгаа Бенжамин Нетаньяхугийн хувьд мөн чухал үйл явдал юм.

Мэдээж дипломат төлөөлөгчийн газраа харилцан нээж, худалдааны харилцаа хэвийн болох нь хоёр улсын хувьд том дэвшил. Гэхдээ энэ гэрээний ард олон эргэлзээтэй асуудал нээлттэй үлдэж байна.

Тухайлбал Палестины газар нутгийн маргаан шийдэгдэхэд түлхэц болох уу, гэрээнд заасан амлалтууд амьдрал дээр хэрэгжих үү, Арабын орнууд энэ жишгээр Израйльтай харилцаагаа хэвийн болгох уу зэрэг асуудлууд тодорхойгүй хэвээр үлдэж байна.

Палестины засаг захиргааны дээд албан тушаалтан Ханан Ашрави хоёр улс гэрээ байгуулахаар болсонд харамсаж байгаагаа илэрхийлээд АНЭУ-ын ханхүү Мохаммедыг “найз нөхрөө худалдагч” гэж шүүмжилжээ.

Ираны мэдээллийн Тасним төв агентлаг энэхүү гэрээг “ичгүүртэй зүйл” гэж нэрлэсэн бол Газын зурваст үйл ажиллагаа явуулдаг Хамас зэвсэгт бүлэглэл гэрээ байгуулахаар болсныг “манай ард түмний ар нуруунд хутга зоосон явдал” гэж мэдэгджээ.

 

Эх сурвалж: BBC