Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/13-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгос улс анхны нисэх онгоц тээвэрлэгч хөлгөө үйлдвэрлэхээр болжээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 8 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Өмнөд Солонгосын батлан хамгаалах яамнаас гаргасан загварын зураг

Өмнөд Солонгосын засгийн газар тус улсын анхны нисэх онгоц тээвэрлэгч далайн хөлгийг ирэх оноос үйлдвэрлэж эхлэхээр болжээ.

Өнгөрсөн онд тус улсын эрх баригчид энэ сонирхлоо илэрхийлж байсан бол саяхан батлан хамгаалах яам нь 2021-2025 оны төлөвлөгөөгөө танилцуулахдаа энэ тухай дэлгэрэнгүй тусгасан байна.

Өмнөд Солонгосын шинэ хөлөг нь 30,000 тонн даацтай, цэрэг, зэвсэг, тоног төхөөрөмжөөс гадна босоо чиглэлд хөөрөх, газардах чадвартай байлдааны нисэх онгоц тээвэрлэх чадвартай байхаар тусгажээ.

Эндээс харвал тус улс АНУ-д үйлдвэрлэсэн F-35B сөнөөгч онгоцнуудыг худалдаж авах нь тодорхой болсон байна. Учир нь өнөөдөр зөвхөн энэ загварын нисэх онгоц богино зайд хөөрч, босоо чиглэлд газарддаг юм.

Номхон далайн баруун бүсэд одоогоор ийм нисэх онгоц тээвэрлэгч АНУ, Япон хоёр улсад байдаг.

Япон улс 2018 онд өөрийн Изумо нисдэг тэрэг тээвэрлэгчийг F-35B нисэх онгоцонд тааруулж, өөрчлөх төлөвлөгөөгөө зарласан юм. Ингэснээр тус улс дэлхийн хоёрдугаар дайнаас хойш анх удаа нисэх онгоц тээвэрлэгч хөлөгтэй болж байна.

Изумо хөлгийг хувирган өөрчлөх ажил 2020 онд багтаж эхэлнэ. Өмнөд Солонгосын төлөвлөж байгаа хөлөг хэмжээгээрээ Японы хөлөгтэй ойролцоо юм.

Одоогоор энэ бүс нутагт Хятад улс өөрийн хоёр дахь том оврын нисэх онгоц тээвэрлэгчийг үйлдвэрлэж байгаа. Гэхдээ тус улсад F-35B шиг бага зайд хөөрч, газардах чадвартай нисэх онгоц байхгүй юм.

Өмнөд Солонгосын засгийн газар шинэ хөлөг бүтээхдээ хэр их мөнгө зарцуулах талаар дурдаагүй байна. Тус улсын төлөвлөж байгаагаас 25-30 хувь том АНУ-ын тээвэрлэгч хөлөг бараг $4 тэрбумын зардлаар үйлдвэрлэгдэж байжээ.

F-35B нисэх онгоцны нэг бүрийн үнэ $122 сая орчим байдаг.

Lockheed Martin компанид бүтээсэн энэ онгоцыг худалдаж авбал Өмнөд Солонгос нь АНУ, Япон, Их Британи улсуудтай нэг түвшинд очих юм. Өнөөдөр зөвхөн эдгээр улсууд F-35B нисэх онгоцтой байгаа.

Үүнээс гадна Өмнөд Солонгос нисэх онгоц тээвэрлэгчтэй болсноор Умард Солонгост үзүүлэх дарамт шахалт нэмэгдэх нь тодорхой байна.

 

Эх сурвалж: CNN