Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/13-НД НИЙТЛЭГДСЭН

Намиби улс Германы засгийн газрын санал болгосон колоничлолын нөхөн төлбөрөөс татгалзжээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 8 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Зуу гаруй жилийн өмнө Герман улс Африкийн Намиби улсыг колоничолж байхдаа олон арван мянган хүний амийг бүрэлгэсэнд буруутгагддаг.

Тодруулбал 1904-1908 оны хооронд баруун өмнөд Африкийг колоничолж байхдаа бослого гаргасан Хереро, Нама овгийн хүмүүсийг бараг үндсээр нь устгаж байжээ.

Зарим түүхчид энэ аллагыг 20 дугаар зууны анхны геноцид гэж нэрлэдэг. Мөн дэлхийн хоёрдугаар дайны үеэр Нацистуудын Европт үйлдсэн геноцидын оршил болсон гэж үздэг юм.

Намиби, Герман улсууд одоо колоничлолын харгислалын төлөө уучлал гуйх, нөхөн төлбөр төлүүлэх асуудлаар хэлэлцэж байгаа.

Гэвч энэ хэлэлцээ мухардалд орсон байна. Мягмар гарагт Намибийн ерөнхийлөгч Хаге Гэйнгоб хэлэхдээ “Германы засгийн газрын тавьсан сүүлийн саналыг хүлээж авах боломжгүй” гэж мэдэгджээ.

Яг ямар санал тавьсан талаар мэдээлэл өгөөгүй байна. Зарим хэвлэлүүд Германы засгийн газар 10 сая еврогийн тусламж санал болгосон тухай мэдээлжээ.

Африкийн бусад улс орнууд Намиби, Германы яриа хэлэлцээг анхааралтай ажиглаж байгаа. Тиймээс цаашид буруу жишиг тогтоохгүйн тулд Берлиний эрх баригчид уг асуудалд маш болгоомжтой хандаж байна.

Германы талаас хэлэлцээ хийж буй тусгай элч Рупрехт Поленц “Хэлэлцээ үргэлжилж байна. Шийдэлд хүрнэ гэдэгт би итгэлтэй байна. Герман улс ёс зүйн болон улс төрийн хариуцлагаа хүлээхэд бэлэн байна” гэснээс өөр мэдээлэл өгөөгүй юм.

Герман улс энэ яриа хэлэлцээндээ “нөхөн төлбөр” гэсэн үг ашиглахаас зайлсхийж байна. Хэрвээ ингэвэл дэлхийн хоёрдугаар дайны үед эзлэгдэж байсан Польш, Грек, Итали зэрэг улс орнуудад сэдэл төрүүлэх эрсдэлтэй юм.

Герман улс 1884 онд буюу харьцангуй сүүлд Африк тивд колонитой болж байв. 1904 оны эхээр нутгийн иргэд дэглэмийн эсрэг бослого гаргасан нь аллага гарах шалтгаан болсон юм.

Германчууд 1915 онд Африк тивээс явсны дараа Намиби улс нь Өмнөд Африкийн БНУ-ын мэдэлд шилжиж, 1990 онд тусгаар тогтнолоо олжээ.

Африкийн өөр нэг улс Танзанийг Герман улс 29 жил колоничлохдоо мөн өргөн хүрээнд харгислал явуулж байв.

Танзани улсын засгийн газрын сайд хоёрдугаар сард парламентад үг хэлэхдээ Намиби, Кени улсуудын яриа хэлэлцээг анхааралтай ажиглаж байгаагаа мэдэгдэж байжээ.

2013 онд Их Британи улс Кенийг колоничолж байхдаа 1950-1960-аад оны үед үйлдсэн харгислалынхаа төлөө харамсал илэрхийлж, хэлмэгдсэн 5,200 орчим хүнд нийт 19.9 сая паундын төлбөр төлөх шийдвэр гаргасан юм.

 

Эх сурвалж: The Guardian