Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/13-НД НИЙТЛЭГДСЭН

Сонгуулийн дараах жагсаал тэмцлийн үеэр Беларусьт нийт 6,000 хүнийг баривчилжээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 8 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Ням гарагт болсон ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын дараа сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн тэмцэл Беларусь даяар өрнөсөн билээ.

Тэмцэл гурван хоног үргэлжилсний дараа байдал тогтворжсон байна. Энэ удаагийн сонгуульд одоогийн ерөнхийлөгч Александр Лукашенко үнэмлэхүй ялалт байгуулж, зургаа дахь удаагаа ерөнхийлөгчөөр сонгогдсон тухай тус улсын сонгуулийн төв хороо мэдээлсэн юм.

Түүнтэй өрсөлдсөн сөрөг хүчний нэр дэвшигч Светлана Тихановская сонгуулийн дараа хүүхдүүдийнх нь амь насанд заналхийлсэн шалтгаанаар хөрш Литва улс руу дүрвэжээ.

Сөрөг хүчний бусад удирдагчдын зарим нь гадаад руу дүрвэж, зарим нь шоронд хоригдож байгаа.

Гурван өдөр үргэлжилсэн тэмцлийн үеэр нэг хүн амь үрэгдсэн тухай сөрөг хүчин мэдээлсэн бол Беларусийн засгийн газар энэ мэдээллийг батлаагүй байна.

Өчигдөр Беларусийн дотоод хэргийн яам гурав хоногийн хугацаанд нийт 6,000 хүнийг баривчлан саатуулснаа мэдээлжээ. Даваа гарагт 3,000, Мягмар гарагт 2,000, Лхагва гарагт 1,000 орчим жагсагчийг баривчилсан байна.

Ерөнхийлөгч Лукашенко сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө “Өөрсдийгөө тэмцэгч гэж нэрлэж байгаа хүмүүсийн ихэнх нь гэмт хэрэг үйлдэж байсан болон ажилгүй этгээдүүд байна” гэж мэдэгджээ.

Беларусийн интернэт гарц бараг гурван өдөр хаагдсаны дараа өчигдрөөс сэргэж эхэлсэн байна. Тус улсын баруун өмнөд бүсийн Брест хотод жагсагчид хууль сахиулагчидтай мөргөлдөх үеэр жинхэнэ сумаар буудаж, хүн шархдсан тухай  мэдээлэл гарсан юм.

Дотоод хэргийн яам эхэндээ жагсагчид төмөр саваагаар зэвсэглэн дайрсан тул гал нээсэн гэж тайлбарласан бол сүүлд мэдэгдлээсээ “жинхэнэ сум” гэсэн үгийг хассан байна.

Европын Холбоо сонгуулийг луйвардсан, иргэдийн жагсаалыг хүчээр тараасан зэрэг шалтгаанаар Беларусь улсын эсрэг хориг арга хэмжээ авах төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдсэн юм. Тус холбооны гишүүн орнуудын гадаад хэргийн сайд нар Баасан гарагт шуурхай хуралдаж, уг асуудлыг хэлэлцэхээр болжээ.

 

Эх сурвалж: The Guardian