Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/12-НД НИЙТЛЭГДСЭН

Коронавирусийн эсрэг вакцины урьдчилсан захиалга дэлхий даяар 5 тэрбум тун хүрээд байна

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 8 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Хэдийгээр коронавирусийн эсрэг вакцин бэлэн болоогүй байгаа ч дэлхий даяар нийтдээ 5.7 тэрбум тун вакциныг улс орнуудын засгийн газрууд урьдчилан захиалаад байна.

Өрнөдийн лабораториудад бүтээгдэж буй вакцинуудын эхний нийлүүлэлтийг АНУ хамах нь тодорхой болжээ.

Өнөөдрийн байдлаар вакцин бүтээх зургаан төсөл олон мянган хүнийг хамарсан гурав дахь шатны туршилтаа гүйцэтгэж байна. Өчигдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин дэлхийн анхны коронавирусийн эсрэг вакциныг бүртгэж авснаа зарласан юм.

Швед-Британийн хамтарсан AstraZeneca групптэй хамтран ажиллаж байгаа Оксфордын их сургууль есдүгээр сард туршилтынхаа эцсийн үр дүнг зарлах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

АНУ-ын Эрүүл Мэндийн Үндэсний Хүрээлэнтэй хамтран ажиллаж буй Америкийн биотехнологийн Moderna компани арваннэгдүгээр сард үр дүнгээ танилцуулах юм.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 2021 оны нэгдүгээр сард бүх Америкчуудыг вакцинжуулж эхлэх “Operation Warp Speed” хөтөлбөр хэрэгжүүлж байна.

Мягмар гарагт Трампын засаг захиргаа Moderna компаниас 100 сая тун вакцин авах захиалга хийж, $1.5 тэрбумыг төлөхөөр болсноо зарласан нь тавдугаар сараас хойш зарласан зургаа дахь ийм гэрээ юм.

АНУ вакцин бүтээх төслүүдийг дэмжихийн тулд нийтдээ $10.9 тэрбумыг төсөвлөөд байгаа нь дэлхийн бусад улс орнуудаас хол тасархай үзүүлэлт болж байна.

Moderna-гаас гадна Johnson & Johnson, Novavax, Pfizer, Sanofi, AstraZeneca зэрэг компаниудын вакциныг урьдчилж захиалахад Вашингтон их хэмжээний мөнгө зарцуулжээ.

Эдгээрээс AstraZeneca, Sanofi хоёр нийлээд Европын Холбоонд нийт 700 сая тун вакцин нийлүүлэх захиалга аваад байна.

Их Британи улс Европын Холбооноос тусдаа 250 сая тун вакциныг нийт дөрвөн компанид захиалсан юм.

Япон улс нийт 490 сая тун вакциныг гурван компанид захиалсны 250 саяыг нь АНУ-ын Novavax-д захиалжээ. Novavax-ийн вакциныг Японд үйлдвэрлэх эрхийг тус улсын томоохон эм үйлдвэрлэгч Такеда групп худалдаж авсан байна.

Бразил улс 100 сая тунг AstraZeneca компанид захиалсан бол Хятадын Sinovac компаниас 120 сая тунг авахаар гэрээ байгуулж, туршилтыг нь Бразилд эхлүүлээд байгаа юм.

Хятадын Sinovac, Sinopharm хоёр компанийн вакцины төсөл нэлээд урагштай хэрэгжиж байгаа ч Бразил, Индонез зэрэг цөөн улс орноос захиалга аваад байна.

Өчигдөр ОХУ өөрийнх нь вакцины нэг тэрбум орчим тунг дэлхийн 20 улс захиалсныг зарласан юм.

Норвеги, Энэтхэг улсууд болон Билл Гэйтсийн сангийн хамтарсан CEPI (The Coalition for Epidemic Preparedness Innovations) төсөл 300 сая тун вакциныг AstraZeneca компанид захиалсан нь ядуу буурай орнуудыг вакцинжуулалтаас хоцроохгүй байх зорилготой ажээ.

 

Эх сурвалж: AFP